Сангийн сайд Б.Жавхлан вакцинжуулалтыг эрчимжүүлэхээр Засгийн газраас хоёр төрлийн арга хэмжээ хэрэгжүүлэх болсныг зарлалаа.
Тодруулбал, вакцин хийлгээгүй иргэдэд албадлагын арга хэмжээг авах бол вакцинаа бүрэн хийлгэсэн иргэдэд тодорхой хэмжээний урамшуулал олгохоор болжээ.
Сангийн сайд Б.Жавхлан "Вакцин сайн дурынх боловч КОВИД-19 цар тахал нь дэлхий нийтийг маш том сорилтын өмнө аваачсан. Иймд вакцинаа хийлгэх нь иргэний хариуцлагын асуудал болоод байна. Вакцинд хамрагдаагүй хүмүүсийн өмнөөс нийгэм даяараа эрсдэлд орж болохгүй.
Вакцинаа хийлгээгүй иргэдэд албадлагын арга хэмжээг авна. Улаанбаатарт хүнсний талон авдаг 47 мянган иргэн байгаагаас 29 мянга нь вакцины эхний тунгаа ч хийлгээгүй байна. Мөн төрөл бүрийн халамж авдаг 211 мянган иргэн байгаагаас 80 гаруй мянга нь вакциндаа хамрагдаагүй байна.
Иймээс өнөөдрөөс эхлэн дараагийн саруудад өгөх хүнсний талон, халамжийг олгохдоо вакцинд хамрагдсан эсэхийг нь харгалзан үзнэ.
Харин хоёр тун вакциндаа хамрагдсан иргэдэд урамшуулалд олгоно. Өмнө нь эдгээр иргэнд 50 мянган төгрөг хүртэлх эрүүл мэндийн багцыг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгохоор бэлтгэж байсан бол түүнийг нь бэлэн мөнгөөр тооцож олгохоор болсон" гэв.
Энэхүү арга хэмжээнд зарцуулагдах санхүүжилт нь төсвийн шинэчлэлийн хүрээнд шийдэгдэх юм байна.
Түүнчлэн Сангийн сайд Б.Жавхлан "Цөөн хүн эрхээ эдэлж байна гээд олонхынхоо эрүүл мэндийг эрсдэлд оруулж болохгүй тул нийгмийн хариуцлагаа нэгдүгээрт тавьж, вакцинжуулалтдаа хамрагдах нь чухал байна. Үүнийг хариуцлагажуулахаар албадлагын арга хэмжээг авч байгаад эрүүл мэндийн эсрэг заалттай хүмүүсийг оруулахгүйгээр тусгайлан үзнэ. Энэ талаарх тоо судалгааг Эрүүл мэндийн яам болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гаргасан танилцуулна байх" гэв.
Засгийн газрын албан мэдээ:
Засгийн газар Ковид-19 цар тахлын эсрэг дархлаажуулалтын хоёрдахь тунгаа хийлгэсэн 18-аас дээш насны иргэн бүрт 50 мянган төгрөгийн нэг удаагийн урамшуулал олгохоор боллоо.
Шаардагдах хөрөнгийг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө худалдан авах ажиллагаа нь эхлээгүй, тэвчиж болох хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэмнэлтээс гаргах юм.
Улсын хэмжээнд зорилтот бүлгийн буюу 2.1 сая иргэний 54.6 хувь нь нэгдүгээр, 25.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байна.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!