Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

"COVID-19 цар тахлаар далимдуулан сэтгүүлчдийн мэдээллийн эх сурвалжийг хааж боох явдлууд гарсаар байна"

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 2021 оны индексийг танилцууллаа. 

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) Олон улсын байгууллагаас эмхэтгэн гаргадаг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 2021 оны индекс нь тус байгууллагын үнэлгээнд хамрагдсан 180 орны 73 хувьд хуурамч мэдээллийн эсрэг гол вакцин болох сэтгүүл зүйн үйл ажиллагааг бүрэн болоод хэсэгчлэн хааж боомилсныг харуулж байгааг мэдээллийн эхэнд онцлов.

Тодруулбал, жил бүр дэлхийн 180 орны хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдалд үнэлгээ хийдэг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шинээр гарсан индексээр, хуурамч мэдээллийн эсрэг гол вакцин болох сэтгүүл зүйн үйл ажиллагааг 73 оронд бүрэн буюу ноцтойгоор боомилж, 59 оронд саад учруулсан нь үнэлгээнд хамрагдсан орнуудын 73 хувийг эзэлжээ.  

Эдгээр улс орон хэвлэлийн эрх чөлөөний “нэн хүнд”, “хүнд” буюу “мэдэгдэхүйц асуудалтай” орнуудын тоонд багтдаг ба Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний газрын зураг дээр тус бүрийг хар, улаан буюу улбар шар өнгөөр тэмдэглэдэг билээ. 

Мэдээллийн хүртээмжтэй байдлыг хязгаарласан, мэдээ сурвалжилга бэлтгэхэд хүндрэл учруулсан тохиолдлуудад үнэлгээ хийдэг тус индексээр сэтгүүл зүйн үйл ажиллагаанд саад хийх аливаа оролдлого, арга хэмжээг бүртгэн баталгаажуулдаг юм. Улмаар үүний холбогдох үзүүлэлт нь ноцтой ухралт доройтлыг илрүүлсэн аж. Үүнд, коронавирусийн цар тахлаар далимдуулан сэтгүүлчдийн мэдээллийн эх сурвалжийг хааж боох, газар дээрээс нь мэдээ сурвалжилга бэлтгэх үйл ажиллагаанд саад учруулсан явдлууд гарсаар байгааг дурджээ.

“Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагаас гаргадаг дэлхийн үзүүлэлтээр дэлхий даяарх хэвлэлийн эрх чөлөөний түвшин 2021 онд 2020 оныхоос дөнгөж 0.3%-аар буурчээ. Гэвч өнгөрсөн жилийн харьцангүй тогтвортой байдал нь 2013 онд уг үнэлгээг хэрэглэж эхэлснээс хойш дээрх үзүүлэлт 12 хувиар доройтсон гэдгийг анхаарахгүй өнгөрч болохгүй биз ээ.

Тоо баримтаас харахад, сэтгүүлчид, нэн ялангуяа Ази, Ойрх Дорнод, Европын орнуудад эмзэг сэдвээр эрэн сурвалжилга хийх, ийм сэдвийг хөндсөн мэдээ сурвалжилга бэлтгэхэд үлэмж бэрхшээлтэй тулгарч байгааг тус индексийн тайланд онцолжээ.

“Сэтгүүл зүй бол хуурамч мэдээллийн эсрэг шилдэг вакцин юм” хэмээн “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Дэлуар хэлэв. “Гэвч харамсалтай нь түүний үйл ажиллагаанд улс төр, эдийн засаг, технологи, тэр бүү хэл зарим тохиолдолд соёлын хүчин зүйлс саад тотгор учруулах нь элбэг. Цахим талбар, нийгмийн сүлжээгээр хил дамнан хурдацтай тархаж буй хуурамч мэдээлэлтэй тэмцэхэд, сэтгүүл зүй нь төрөл бүрийн нотлогдсон мэдээ баримтад тулгуурласан олон нийтийн яриа хэлэлцээг өрнүүлэх гол арга зам болно” гэв.

Өнгөрсөн жил индексийн үнэлгээнд хамрагдсан 180 орноос 13 орон буюу 8% нь сэтгүүл зүйн таатай орчин бүрдүүлж байсан бол энэ жилийн хувьд уг үзүүлэлт 12 буюу 7% болтлоо буурчээ.

Индекс дэх огцом өөрчлөлтүүд

  • Норвеги улсад цар тахлын талаарх төр засгийн мэдээллийн хүртээмж тааруу байгаа талаар хэвлэл мэдээллийнхний зүгээс мэдэгдэж байгаа хэдий ч тус улс индексийн үзүүлэлтээр тав дахь жилдээ эхний байранд жагсаж байна.
  • Финлянд улс удаах байранд орсон бол Швед өнгөрсөн жилийнхээс нэг байраар урагшилж, Дани улсад (1 байраар ухарч, 4-т орсон) алдаад байсан гутгаар байрандаа эргэн орлоо. Ингэснээр, 2021 оны индекс нь хэвлэлийн эрх чөлөөг дэмжин хамгаалах “Нордик загвар”-ын амжилтыг тод томруунаар нотлон харуулж байна.
  • Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний газрын зураг дээр 2013 оноос эхлэн одоогийн үнэлгээний аргачлалыг нэвтрүүлснээс хойш ерөнхийдөө “сайн” нөхцөл байдал бүхий цагаанаар тэмдэглэгдсэн орны тоо энэ удаагийнх шиг ийм цөөн байсангүй.
  • “Сайн” гэдэг үнэлгээнээс хасагдсан орны тоонд хоёр байраар ухарч 13-т орсон Герман улс багтаж байна. Тус улсын хэдэн арван сэтгүүлч цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаалын үеэр экстремист болон хуйвалдааны онолыг дэмжигч бүлгүүдийн халдлагад өртсөн юм. Гэсэн хэдий ч Герман дахь хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдал “хангалттай сайн” хэмээн үнэлэгдсээр байна.
    Өнгөрсөн онд Доналд Трампын засаглалын үед “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагын түнш болох “АНУ-ын Хэвлэлийн эрх чөлөөний мөрч” бүлгийн олж тогтоосноор, сэтгүүлчдийн эсрэг халдлагын тоо (400 орчим), хоригдсон сэтгүүлчдийн тоо (130) дээд цэгтээ хүрч байсан хэдий ч АНУ (1 байраар ухарч 44-т) мөн дээрх үнэлгээг авжээ.
    Бразил улс дөрвөн байраар ухарсны улмаас “муу” гэсэн үнэлгээ бүхий улаанаар тэмдэглэгдсэн орнуудын тоонд багтав. Сэтгүүлчдийг хэл амаар доромжлон гутаах, гүжирдэх, олны өмнө шившиглэх үзэгдэл Ерөнхийлөгч Болсонаро, түүний гэр бүл болон хамсаатнуудынх нь зуршил болжээ. Энэтхэг (142-т), Мексик (143-т) болон Кремлийг шүүмжлэгч Алексей Навальныйг дэмжих эсэргүүцлийн цуглааныг мэдээлж сурвалжилж байсан хэвлэл мэдээллийг хязгаарлахын тулд дарангуйллын аппаратаа хөдөлгөсөн Орос (1 байраар ухарч 150-д) улсууд мөн “муу” хэмээн үнэлэгдэв.
  • 2021 оны Индексээр хамгийн олон байраар ухарсан орны тоонд саяхан “худал мэдээллийн эсрэг” тогтоол баталснаар засгийн газар нь өөрөө үнэнийг тогтоох эрх мэдэлтэй болсон Малайз (18 байраар ухарч 119-д) багтаж байна.
  • Сэтгүүлчдэд цар тахлын эсрэг засгийн газрын хариу арга хэмжээний талаарх төр засгийн мэдээллийг олж авахад нэн хүндрэл учирч буй Коморос (9 байраар ухарч 84-т), Эл Салвадор (8 байраар ухарч 82-т) улсуудад томоохон ухралт гарав.
  • 2021 оны индексээр хамгийн олон байраар урагшилсан үзүүлэлт Африкт тохиов.
  • Бурунди (13 байраар урагшилж 147-д), Сьерра Леон (10 байраар урагшилж 75-д) болон Мали (9 байраар урагшилж 99-д) улсуудад мэдэгдэхүйц ахиц дэвшил гарчээ. Тухайлбал, Бурундийн хараат бус Iwacu хэвлэл мэдээллийн хэрэгслийн дөрвөн сэтгүүлчийг сулласан, Сьерра Леонд хэвлэл мэдээллийг ялладаг эрүүгийн хуулийг хүчингүй болгосон, Малид хэвлэл мэдээллийн эсрэг хүчирхийллийн тоо буурсан үзүүлэлттэй байна.

Ази, Номхон далайг цагдан хяналт (цензур), хуурамч мэдээллийн дайрлага нөмрөв

 

Тус бүс нутаг дахь захиргаадалтын дэглэм бүхий орнууд мэдээлэлд тоталитар хяналт тавих аргаа улам нарийсгах зорилгоор КОВИД-19 цар тахлыг далимдуулан ашиглаж байгаа бол “ардчилсан дарангуйлалтай” улсуудын хувьд цар тахлаар шалтаглан, суртал ухуулгыг хэрэгжүүлэх, улс төрийн эсэргүүтэй тэмцэх зүйл заалт бүхий дарангуйллын шинжтэй хууль тогтоомж гаргажээ.

Сэтгүүлчдийн эрх чөлөөг хангах нь хуурамч мэдээллийн эсрэг шилдэг хариу арга хэмжээ гэдгийг тус бүс нутаг дахь жинхэнэ утгаараа ардчилал хөгжсөн цөөн хэдэн орны төлөв байдал харуулж байгааг мэдээлэв.

Хуурамч мэдээллийн эсрэг хариу арга хэмжээ

Японы (1 байраар ухарч 67-д) шинэ ерөнхий сайдын зүгээс үндсэрхэг баруун жигүүрийнхний баримталдаг сэтгүүлчдэд үл итгэх хандлага, мөн хэвлэл мэдээллийн дунд түгээмэл байдаг өөрийн цагдан хяналтын аль алинд өөрчлөлт хийсэнгүй. 

Ази, Номхон далай дахь шинэ залуу ардчилал бүхий Бутан (2 байраар ахиж 65-д), Монгол (5 байраар ахиж 68-д) болон Тимор-Лесте (7 байраар ахиж 71-д) улсууд нь гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх эрх мэдлийн өмнө хараат бус байдлаа баталгаажуулах чадвар бүхий хэвлэл мэдээллийн ачаар цар тахалтай холбоотой мэдээллийг хянах гэсэн санаархлыг хангалттай хэмжээнд эсэргүүцсэн гэжээ.

Шинэ Зеланд (1 байраар ахиж 8-д), Австрали, Өмнөд Солонгос (42-т), Тайвань (43-д) зэрэг улсууд төдийлэн сайн биш ч гэлээ, ерөнхийдөө сэтгүүлчдийг мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхлэх, эрх мэдэлтнүүдийн зүгээс өөрсдийн бэлтгэсэн мэдээ мэдээллийг тулгах аливаа оролдлогогүйгээр тэдний олон нийтэд мэдээлэл хүргэх үйл явцад саад учруулаагүй. Хямралт үед цагдан хяналтыг хэрэгжүүлэх нь зайлшгүй арга хэмжээ биш бөгөөд бол хуурамч мэдээллийн эсрэг хамгийн сайн хариу арга хэмжээ бол сэтгүүл зүйн үйл ажиллагаа гэдгийг эдгээр орны сайн жишиг харуулж байгаа аж.