Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Исландад 6,000 жил унтсан галт уул дэлбэрчээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Атлантын далайд оршдог Исландын арлын баруун өмнөд бүсийн 6,000 жил нойрсож буй Фаградалс уул Баасан гарагт дэлбэрчээ.

Галт уул оршдог Рейкянесын хойгт сүүлийн 781 жилийн хугацаанд анхны дэлбэрэлт болж байгаа нь энэ гэнэ.

Баасан гарагийн үдэш дэлбэрэлтийн гэрэл уулнаас 30 гаруй километр зайтай Исландын нийслэл Рейкявик хотоос харагдаж байжээ.

Исланд улсын цагдаагийн газраас иргэдэд гэртээ байж, цонхоо хаахыг зөвлөсөн байна. Галт уул дэлбэрэхэд хүхрийн давхар исэл, нүүрстөрөгчийн давхар исэл, устөрөгчийн фтор зэрэг хортой хий агаар мандалд цацагддаг тул цонхоо хаахыг зөвлөжээ.

Бямба гарагийн өглөө галт уулын дэлбэрэлтийн хүч Баасан гарагийн оройныхоос суларсныг Исландын цаг уурын хүрээлэн мэдээлсэн байна.

Галт уулаас оргилсон лаавын урсгал нэг километр квадрат талбай дотор тархсан тул хүн амд аюул учруулахгүй гэж дүгнэжээ.

Исландын баруун өмнөд эрэг дагуу хоёрдугаар сарын 24-нөөс хойш газар хөдлөлтийн чичиргээ олон мянган удаа бүртгэгдэж байв. Галт уул дэлбэрэхийн өмнөх өдөр буюу Пүрэв гарагт долоон цагийн дотор 400 удаагийн чичиргээ бүртгэгдсэн байна.

Удаан хугацаанд үргэлжилсэн энэ чичиргээг эрдэмтэд аль нэг галт уул дэлбэрэхийн өмнөх шинж тэмдэг гэж үзэж байв.

Исландын арал нь Умард Америкийн болон Евразийн тектоник хавтангуудын зааг дээр оршдог тул газар хөдлөлт, галт уулын идэвхтэй бүсэд тооцогддог юм.

Эх сурвалж: CBS News