Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн талаар сошиалд түгээхээсээ өмнө Та 108 дугаарт мэдээлэх үүрэгтэй

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Үгэнд орохгүй байсан хүүхдээ орцонд гаргаж шийтгэсэн тохиолдол өнгөрсөн оны аравдугаар сард гарч байв. "Алтай" хотхоны нэгэн байрны орцонд хөл нүцгэн зогсож байсан тэр хүүгийн зураг олон нийтийн сүлжээнд цацагдсан юм. Харгалзах хүнгүй, хөл нүцгэн, уйлж зогссон тэр хүүгийн талаарх мэдээллийг олон нийтийн сонорт хүргэсний үр дүнд цагдаагийн байгууллага шалгаж, хаалганы цаана нуугдах хүүхдийн хүчирхийллийг ил гаргасан нь сайн хэрэг. Гэвч энэ нь нөгөө талдаа хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн явдал байв. 

Яг үүнтэй ижил тохиолдол олон нийтийн сүлжээнд болон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ч ажиглагдаж байгааг Гэр бүл, хүүхэд, залуучууд, гэр бүл хөгжлийн газраас тодотгосон юм.

Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн талаар мэдээлэхдээ нэр, гэрийн хаяг, зураг, аль сургуулийн хэддүгээр ангийнх гэх мэт хувийн мэдээллийг нь нийтэд дэлгэснээр тухайн хүүхдийн хувийн мэдээллээ нууцлах эрхэд халдаж буй хэрэг юм.

Иймд хэвлэл мэдээлэл, цахим орчинд хүүхэд хамгааллыг хэрэгжүүлэх зарчмыг баримталж ажиллахыг ГБХЗХГ-аас уриаллаа. 

2020 онд хүүхдийн тусламжийн 108 утсанд хүүхдийн хүчирхийллийн дуудлага 2,700 орчим иржээ. Энэ нь 2018, 2019 оныхыг бодоход 1,000-аар буурсан үзүүлэлт ч хүүхдийн хүчирхийлэл байсаар байгааг харуулж байна. 

Энэ талаарх мэргэжилтнүүдийн байр сууриас хүргэж байна. 

 

Нийслэлийн ГБХЗХГ-ын дарга Ө.Ган-Өлзий: 

Олон жилийн өмнө хүчирхийлэлд өртсөн эмэгтэй өөр аймагт сайхан амьдарч байхад нь өмнөх түүхийг хэвлэлээр сөхсөнөөс болоод амиа хорлох дээрээ тулсан жишээ байдаг. 

Өнгөрсөн 2019 онд 1,326 хүүхдийг хамгаалалтад авсан ч тэр бүрийг бид зарладаггүй. Учир нь энэ бол амьдралын эмзэг асуудал. Тухайн хүүхэд өсөж том болоод сайхан амьдрах эрхтэй. Тэр замд нь өнөөдрийн мэдээлэл ямар ч хор нөлөө үзүүлж болох учраас цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудлаар бид уриалга гаргаж байгаа юм. 

 

НГБХЗХГ-ын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга И.Золдэлгэр: 

Иргэн бүр ухаалаг утастай болсон энэ цаг үед хаа тааралдсан газраа ядруу зүдрүү яваа хүүхдийн царайг харуулах бичлэг хийж, зургийг нь цацдаг тохиолдол их гарч байна. Уг нь тухайн иргэн зураг авч постлох биш, 102 эсвэл 108 дугаар руу утасдаж, мэдээлэх үүрэгтэй. Хэрэв миний хүүхэд байсан бол гэж бодож үзээсэй гэж хүсэж байна.

Нийслэлийн хэмжээнд 17 байгууллагын 27 асрамж халамжийн төвд 2020 оны байдлаар 867 хүүхэд амьдарч буй гэсэн тоо байна. Гэр бүлийн хүчирхийлэлд ямар нэгэн байдлаар өртөж, хамгаалуулах эрхээ зөрчүүлсэн хүүхдүүд ийнхүү асрамж халамжийн төвд амьдардаг. Харамсалтай нь тэднээс 5 ч хүрэхгүй хувь нь гэр бүлдээ эргэн нэгдсэн байдаг аж.

Хэрэв хаа нэгтээ хүүхэд хүчирхийлэлд өртөж, зовж шаналсан байдалтай танд харагдвал хамгийн түрүүнд та мэдээлэх ҮҮРЭГТЭЙ. Харин иргэн ч бай, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч бай, хүүхдийн эрхэнд халдаж, хувийн мэдээллийг нь олон нийтэд дэлгэх эрхгүй юм.