Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн банк: Төрийн албаны гүйцэтгэл Монгол Улсын хөгжлийг хойш чангаасаар байна

Р.Оюун, iKon.mn
2021 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Төрийн албаны чадавхын талаар сүүлийн 10 жилийн хугацаанд дүн шинжилгээ хийсэн Дэлхийн банкны судалгаа дээрх дүгнэлтийг хийжээ. Тус групп төрийн албаны чиглэлээр хэд хэдэн судалгаа хийгээд байгаа юм. 

Өнгөрсөн 10 жилд төрийн албан хаагчийн тоо 34% өссөн хэдий ч чадавх сайжраагүй, сонгууль дагасан хууль бус томилгоо үргэлжилсэн хэвээр байгааг нотлов. Ялангуяа, 2012, 2016 оны сонгуулийн дараа төрийн албан хаагчдын халаа сэлгээ эрчимжжээ. 2019 онд Төрийн албаны тухай шинэ хууль хэрэгжихийн өмнө л гэхэд төрийн захиргааны 149 албан тушаалтан ямар нэг сонгон шалгаруулалтгүйгээр томилогдон ажиллаж байсан гэдгийг Төрийн албаны зөвлөлийн судалгаагаар ил болсон байна. 

Танил тал, эрх ашгийн нэгдлээр албан тушаалд томилсноор төрийн албаны боловсон хүчний халаа сэлгээ газар авч, улстөржилт нэмэгдэн яамд, тамгын газруудад тогтмол бүтцийн өөрчлөлт хийснээр өндөр мэргэшсэн мэргэжилтнүүдийг тогтвортой ажиллуулах боломж хумигджээ. Энэ бүхэн төрийн албыг бэхжүүлэхэд саадтар тотгор болж байгааг онцолсон байна. 

Төрийн албан хаагч гэсэн тодорхойлолтод төрийн өмчит үйлдвэрийн газар болон зарим анхан шатны ажил гүйцэтгэдэг гэрээт ажилтан хамаардаггүй. Үүнд төрийн байгууллагын цэвэрлэгээ, үйлчилгээний ажилтнууд, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй зөвлөх, мэргэжилтнүүд хамаарна. Үүнийг харгалзан үзэх юм бол Монгол Улсын төрийн албан хаагчдын тоо тогтмол буурч байжээ. Энэ тоо шилжилтийн үеийн эхэнд буюу 1995 онд 154,000 байсан бол 2019 онд 198,000 хүрсэн байна.

График. Төрийн албан хаагчдын тооны өөрчлөлт

Ийнхүү төрийн алба данхайж байгааг зөвтгөх шалтгаангүй бөгөөд Монголын эдийн засагт хүнд ачаа үүсгэж байгааг Дэлхийн банк цохон тэмдэглэжээ. 

Нээлттэй орон тооноос хамаарч албан тушаал хашиж буй хүмүүсийн бодит тоо бага байж болох ч тооны өсөлтийн чиг хандлага нь үнэн байх өндөр магадлалтай. 

2019 оны төгсгөл гэхэд төсвөөс цалинждаг 198,463 ажилтан, албан хаагч байжээ.

График. Төрийн албан хаагчдын бүтэц

Төрийн албаны 70 орчим хувийг төрийн үйлчилгээний албан хаагчид эзэлж байгаа бол 1.8% нь улс төрийн албан тушаалтнууд байна.

Төрийн захиргааны албан хаагчдын  33.3% нь төрийн захиргааны төв байгууллага болон түүнтэй адилтгах байгууллагад, нийслэлд 17.6%, орон нутгийн захиргааны байгууллагад 49.1% нь ажиллаж байгаа ажээ.

Өнгөрсөн арван жилд Монгол Улсын төрийн алба нэлээд томорч, төрийн байгууллагын тоо 2009 онд 3,800 байсан бол 2019 онд 4,374 болж нэмэгдсэн байна. Энэ өсөлт төрийн төв захиргааны байгууллага, нийслэл болон аймгийн түвшинд нутгийн удирдлагын байгууллагад ижил хэмжээнд явагджээ. 

Төрийн албан хаагчдын тоо 2009-2019 оны хооронд нийт дүнгээрээ 34% өссөн үзүүлэлтийг тайлбарлах тодорхой үндэслэл байхгүй гэж Дэлхийн банк дүгнэсэн байна. 

Дэлхийн банкны 2009 оны судалгаагаар 100 хүнд 4.4 төрийн албан хаагч ногдож буйг тогтоосон нь Зүүн Азийн бүс нутагтаа өндөрт орох үзүүлэлт байжээ. Өнөөдөр ч энэ үзүүлэлтээрээ Монгол Улс дээгүүрт орсон хэвээр байна. Монгол Улсын төрийн албан хаагчид 2009 онд нийт ажиллах хүчний 12%-ийг эзэлж байсан бол одоогийн байдлаар 15.4%-ийг эзэлж байна.

Төсвийн алдагдал нэмэгдэхтэй зэрэгцээд боловсон хүчний зардал мөн өсжээ.  

Сүүлийн жилүүдэд ДНБ-ий 6-7%-д барьж буй хэдий ч боловсон хүчний зардал өссөн үе нь төсвийн алдагдал нэмэгдсэн 2012-2016 онтой давхацдаг. 2016 онд ДНБ-ий 17% хүрч байсан төсвийн алдагдал нь бусад хөгжиж буй эдийн засагтай орнуудтай харьцуулахад ДНБ-ий 10 нэгж хувиар илүү байна.

График 3. ДНБ-ийн өсөлт

2019 онд төсвийн алдагдал ДНБ-ий 5.5% орчим байна гэж таамаглаж байсан нь бусад хөгжиж буй эдийн засаг болон Зүүн Ази, Номхон далайн бүсийн орнуудынхтай харьцуулахад ДНБ-ий 2 нэгж хувиар илүү байгаа юм.

Төсвийн алдагдал нь эдийн засгийн мөчлөгийг зохистой удирдахад төрийн оролцоог хязгаарлаж, тогтвортой хөгжлийг хангахад нөөцийн дутагдалд оруулдаг

  • Нэгдүгээрт, 2019.01.01-нээс өмнө хууль зөрчин томилогдсон төрийн албан хаагчдын тоо юм. Эдгээр албан хаагчдыг олж тогтоон ажлаас чөлөөлөх ажлыг гүйцэтгэх ёстой.
  • Хоёрдугаарт, олон тооны төрийн албан хаагчдад албан тушаалын тодорхойлолтод заасан чадвар, туршлага байхгүй. 

Албан тушаалын тодорхойлолт бэлэн болсны дараа төрийн албан хаагчдыг уг тодорхойлолтод заасан шаардлага хангаж буй эсэхийг үнэлэхэд зарим төрийн албан хаагчдыг албан тушаал бууруулах, ажлаас халах зэрэг арга хэмжээ авч болох юм гэж үзсэн байна. Харин төрийн албаны тэргүүн, эрхэлсэн, ахлах түшмэдийн ихэнх нь хашиж буй албан тушаалынхаа тусгай шаардлагыг хангаж байгааг тодотгожээ.

Төрийн албан хаагчдын ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хэлбэр төдий, гүйцэтгэлд үр нөлөө үзүүлэхгүй байдлаар хийж ирсэн нь судалгаанаас анхаарал татах нэг үзүүлэлт байв. Төрийн албан хаагчдын 90 гаруй хувь нь “А” болон “В” үнэлгээтэй, цөөн хэд нь “С” болон “D” үнэлгээ авснаас үзэхэд хангалттай сайн байгаа мэт ч үнэлнээ бодит байдалд нийцэхгүй байгаа бөгөөд өмнөх үнэлгээний тогтолцоо албан хаагчдын чадал, чансааг зөв үнэлдэг байсан гэдэгт уулзаж ярилцсан бүх хүмүүс ээргэлзэж байсныг судалгаанд өгүүлжээ.

Дэлхийн банк өмнө нь “Уул уурхай ба оюун ухаан” тайлангаараа төрийн алба ил, далд хэлбэрээр данхайсаар байгаа ч бүтээмж олон улсаас сул байгааг өнөөдөр Улаанбаатар хотод үүсээд буй олон жил шийдэгдээгүй хүндрэл бэрхшээлээс харж болно хэмээн дүгнэж байв