Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ард иргэд хөрөнгийн зах зээлд оролцох боломж нээлттэй

ikon.mn
2021 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Санхүүгийн зах зээлд эзлэх хөрөнгийн зах зээлийн хувь хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж буй. Тодруулбал, таван жилийн өмнө банкны салбар санхүүгийн зах зээлийн 95 хувийг дангаар эзэлж байсан бол уг үзүүлэлт одоо эрс өөрчлөгджээ. Сүүлийн таван жилийн дотор хөрөнгийн зах зээлийн эзлэх хувь хэмжээ тав хүртэлх хувиар нэмэгдэж, өнөөдөр 10 орчим хувийг бүрдүүлэх болов. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн зах зээл хоёр дахин тэлсэн үг. Оролцогчид нь тэр хэрээр улам олуулаа болжээ. 

Өөрчлөлт хамгийн хурдацтай өрнөж буй хөрөнгийн зах зээлийн үнэлгээ их наядаар хэмжигдэж, өдрийн арилжаа нь 10 хүртэлх сая төгрөг дотор эргэлдэх бус 10, 20 тэрбумаар яригдаж байна. “Нарантуул” захын  хүнсний нэг лангуу л өдөртөө 10 сая төгрөгийн бараа, бүтээгдэхүүн борлуулахтай ижил хэмжээний арилжаа манай бирж өмнө нь хийдэг байв. Тэгвэл энэ үе ард үлджээ. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн онд гурван их наяд төгрөгт хүрсэн нь сүүлийн 10 жилийн хамгийн дээд үзүүлэлтэд тооцогдож байна.

Санхүүгийн зах зээлд дангаар шахам “туг”-аа хатгаж, бүхий л орон зайг нь эзэгнэж байсан банкны салбарын нөлөө бүхий тоглогчид хувьцаа гаргах, олон нийтийн засаглалтай болох цаг үеийн шахалт, шаардлагатай нүүр туллаа. Тэд одоо л хөдөлж эхэлж байна. Хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэхээр холбогдох мэргэжлийн байгууллага, УИХ ажиллаж буй. Эрт орой хэзээ нэгэн цагт эс хүссэн ч болох ёстой байсан өөрчлөлт энэ. Санхүүгийн зах зээлд хөрөнгийн зах зээл өөрөө хүч түрэн орж ирэхэд хэдийнэ бэлэн болжээ. Цар хүрээ нь өргөжих тусам жин нь нэмэгдэнэ. Шинэ тутам хөгжиж буй хөрөнгийн зах зээлд итгэх хүмүүсийн итгэл улам сэргэж, хандлага зөөлөрчээ. 

Дотоодын хөрөнгийн зах зээл хүмүүсийн анхаарлын төвд орсон байна. Хувьцаа, бонд гээд хөрөнгө оруулалтын үр өгөөжтэй хэрэгсэлдээ мөнгөө оруулах сонирхол нь идэвхжиж, нэрийн дансаа нээлгэх, шинэ бүтээгдэхүүний талаарх мэдээ, мэдээлэлд ач холбогдол илүү өгдөг болжээ. Нам гүм, унтаа байсан зах зээлд сүүлийн жилүүдэд компаниуд цахиур хагалан орж ирсэн нь бэлэгдэлийн шинж чанартай байсан хуучин хэддээ дохио болж, хөрөнгийн зах зээл хөгжих, хүмүүс хөрөнгөө өсгөх боломжийг улам ойртуулж өгсөн билээ. Биржид бүртгэлтэй компаниуд ногдол ашиг тараах нь хэдэн жилийн өмнө ховор үзэгдэл байлаа. Харин өнөөдөр тайлангаа цаг хугацаандаа гаргаж, хувьцаа эзэмшигч нартаа ил тодоор тайлагнадаг болсон байна. Ийм соёлыг шинэ компаниуд түүчээлж авчирсан нь үнэн. 

 

Компаниуд жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг үл тоох бус хүндэтгэн үздэг боллоо. Ёс зүйтэй бизнес хийж эхэллээ. 2020 онд 33 компани нийт 135 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан нь 2019 онтой харьцуулахад 21 хувиар өссөн дүн. Тоогоор бүхнийг өгүүлэх хөрөнгийн зах зээлд томоохон ахиц, дэвшил гарч байгааг эндээс харж болох юм. Үүнийг дагаад бизнес хийдэг арга барил ч орвонгоороо өөрчлөгдөж, шинэ дэг соёл хөрөнгийн зах зээлд нутагшиж байна. Эдгээр өөрчлөлтийн салхи сэвэлзэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн компаниудын нэг нь “Ард санхүүгийн нэгдэл”. Тэд иргэдэд хөрөнгийн зах зээлийн учир утгыг таниулах, ойлгуулах гэж хамгийн их хичээл, зүтгэл гаргасан билээ. Хөрөнгө оруулагч үндэстэн чуулга уулзалтыг сүүлийн олон жил тасралтгүй зохион байгуулж байсан нь  чамгүй нөлөөлсөн.

Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд цөөнгүй ажлыг хийж, хэрэгжүүлсэн нь ч бий. Үр шим нь одоо гарч, иргэд хөрөнгийн зах зээлд сайн дураар оролцож, энэ зах зээлийн тоглогч нь болж байна. Нэг компанийн санаачилга хөрөнгийн зах зээлд хүч өгч, хувь нэмэр болж байгааг энд үгүйсгэх аргагүй юм. Тус компани өнгөрсөн онд хувьцаа эзэмшигчиддээ нэг тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан байна. 

Цэгцрэх, жигдрэх үйл явц өрнөж  байгаа хөрөнгийн зах зээлд данстай компаниудын чансаа сайжирч, 2020 оны байдлаар 192 компани бүртгэлтэй байна. Их хувьчлалын хүрээнд 500 орчим компани бүртгэлтэй байсан бол өнгөрсөн 30 жилийн хугацаанд зах зээлийн шалгарал, арилжааны идэвх оролцооноос хамаараад өнөөдрийн байдлаар 192 компани тунаж үлджээ. Тэд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хамтдаа тодорхойлж байна.

Ард Секюритиз компани дангаараа хөрөнгийн зах дээрх хувьцааны арилжааны тал хувийг гүйцэтгэдэг болсон.Тэднийх Ард Апп буюу дижитал банк гэх цогц шийдлийг иргэдэд санал болгосон бөгөөд дийлэнх арилжаа нь зайнаас цахимаар хийгддэг болсон байна. 

Эдний компаниудын хувьцаа хамгийн өндөр эргэлттэй буюу хөрвөх чадвартай Монголын хөрөнгийн биржийн бүх үзүүлэлтийг өнгөлдөг болоод удаж байна. 
Ард Аппын идэвхтэй хэрэглэгчдийн тоо 1 саяд хүрч байгааг удирдлагууд нь онцолсноос харвал Монголын өрх бүрт Ардын үйлчилгээ хүрдэг болжээ.  

 

Б.Мөнх-Эрдэнэ

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.