Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Баярсайхан: Зээлжих зэрэглэл өндөртэй олон улсын санхүүгийн байгууллагуудыг зах зээлд татан оролцуулна

ikon.mn
2021 оны 1 сарын 18
iKon.MN
 

Монгол Улсын хөрөнгийн зах зээл бий болсон ололт амжилт, цаашдын хөгжлийн хандлага сэдвээр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхантай ярилцлаа.

-Юуны өмнө, Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсэж хөгжсөний 30 жилийн түүхээс манай уншигчидтай хуваалцахгүй юу

-Манай улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих шатанд анх удаа төрөөс өмч хувьчлалыг биржээр дамжуулж явуулах болсноор хөрөнгийн зах зээл үүссэн түүхтэй. Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг цаг хугацааны хувьд гурав ангилж болно. Эхний үе шат болох 1991-2004 он. Учир нь, 1991 оноос улсын өмчит үйлдвэрийн газруудыг хувьцаат компани болгох, тэдгээрийн хувьцааг иргэдэд ХОЭБ буюу бидний сайн мэдэх цэнхэр, ягаан тасалбараар үнэ төлбөргүй эзэмшүүлэх ажлыг зохион байгуулсан. 1994 онд Үнэт цаасны тухай хууль батлагдаж, зах зээлд оролцогчдын үйл ажиллагаанд хяналт тавих, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор УИХ-ын 1994 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шийдвэрээр Үнэт цаасны хороог байгуулсан нь хожмоо Санхүүгийн зохицуулах хороо болох суурь тавигдсан юм. Улмаар 2002 онд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль батлагдсанаар аж ахуйн нэгжүүд үнэт цаасны зах зээлд хувьцаа, компанийн бонд, бусад санхүүгийн хэрэгсэл гаргах замаар олон нийтээс санхүүжилт татах эрх зүйн суурь орчин бүрдэж, зах зээлийн дэд бүтцийн байгууллагууд болох арилжаа, төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагааг бие даасан байгууллагууд эрхлэх болсон байдаг.

Хөгжлийн дараахь үе нь 2004-2014 он. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2002 онд батлагдсаны үр дүнд 2005 онд анхны IPO гарч улмаар энэ хугацаанд нийт 9 компани хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтээс санхүүжилт татсан байдаг. Энэ бол арилжааны банкны зээлийн санхүүжилтээс гадна хөрөнгийн зах зээлээр дамжуулж бусад төрлийн санхүүжилтийг татах боломжтойг харуулсан үйл явдал. Тухайн үед үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны горим, тогтолцоог олон улсын жишигт нийцүүлж шинэчлэх, гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгийг татахад шаардлагатай мэргэжлийн институц, дэд бүтцийг бий болгох хэрэгцээ үүсээд байсан. Ийм ч учраас эдгээр жилүүдэд зах зээлийн дэд бүтцийн байгууллагуудад ашиглагдах арилжаа, төлбөр тооцоо, арилжааны хяналт, өмчлөх эрхийн бүртгэлийн цогц “Mиллениум Ай Ти” системийг нэвтрүүлэх, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиуд батлагдсан байдаг. Энэ бүхний үр дүнд үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн цоо шинэ институц болох кастодианы үйлчилгээ болон хадгаламжийн бичиг, давхар бүртгэл, өөрийгөө зохицуулах байгууллагын зохицуулалтын орчин бий болж, мэргэжлийн хөрөнгө оруулагчид болох хамтын болон хувийн хөрөнгө оруулалтын сангууд бүрэлдэн бий болох нөхцөл бүрдсэн. Түүнчлэн Хороо Үнэт цаасны хороодын олон улсын байгууллагын гишүүнээр элсэж, олон улсын зарчим, стандарт, зөвлөмжүүдийг хууль, дүрэм, журам, зааварт тусгах, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний нарийвчилсан зохицуулалтуудыг бий болгох ажлууд эрчимтэй хийгдсэн юм.

Гуравдугаар үе болох 2015 оноос өнөөг хүртэлх хугацаанд манай орны хөрөнгийн зах зээлд шинэ хуудсыг бий болгосон олон чухал үйл явдал өрнөсөн. Тухайлбал, санхүүгийн байгууллага, даатгалын компани, үндэсний томоохон үйлдвэрлэгч нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжиж, хувьцаа, өрийн хэрэгслээ олон нийтэд арилжаалах, зах зээлийн уламжлалт бүтээгдэхүүнээс гадна хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх, хөрөнгөөр баталгаажсан баталгаат үнэт цаасыг биржээр анх удаа олон нийтэд санал болгох ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн. Ялангуяа, сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд санхүүгийн шинэ технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж, цахим шилжилт хийх боломж бүрдсэн. Дүгнэж хэлэхэд, хөгжингүй орнуудад 200-300 жил хөгжүүлсэн туршлага, ололт амжилтыг 30 жилийн хугацаанд өөрийн орны нөхцөл байдалдаа нийцүүлж нутагшуулж, улс орны эдийн засгийн өсөлтөд үзүүлэх урт хугацааны санхүүжилтийн нөлөөллийг нэмэгдүүлэх үндэс суурийг тавьсан гэж хэлж болно. 

-Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааны талаар товч дурдвал?

-Банкнаас бусад санхүүгийн зах зээлийг нэгдмэл удирдлагаар хангах, нэгдсэн хяналт шалгалтын тогтолцоог бүрдүүлж, хөрөнгийн зах зээлээс гадна даатгал, бичил санхүүгийн салбарыг зохицуулах хэрэгцээ шаардлага үүссэн тул УИХ-аас Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, “Санхүүгийн зохицуулах хорооны дүрэм”-ийг тус тус баталж, бүрэн эрх, чиг үүрэг, үйл ажиллагааны хамрах хүрээг хуульчлан тогтоосноор 2006 оны 01 дүгээр сарын 25-нд Санхүүгийн зохицуулах хороог байгуулсан. Тухайн үед Монголбанкнаас Банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагаанд хяналт тавих газар, Улсын мэргэжлийн хяналтын газраас Даатгалын салбарын үйл ажиллагаанд хяналт тавих газрыг салган авч, татан буугдсан Үнэт цаасны хорооны орон тоотой нэгтгэн Санхүүгийн зохицуулах хороонд шилжүүлснээр Монгол Улсад банкнаас бусад салбарын нэгдсэн хяналт, зохицуулалтын байгууллага бий болсон түүхтэй.

Хороо өнөөдөр банкнаас бусад санхүүгийн зах зээлийг зохицуулах чиг үүргийнхээ хүрээнд Монгол Улсын 21 хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлсэн 164 журам, заавар, аргачлалын хэрэгжилтийг хангуулж банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, үнэт цаасны зах зээлийн болон даатгалын мэргэжлийн оролцогч, хувьцаат компани, үнэт метал, үнэт чулууны, эсхүл тэдгээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын 5600 гаруй тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааг хянан зохицуулж байна.

-Өнгөрсөн жилийн хувьд “Ковид-19” цар тахлаас үүдэж нийгэм, эдийн засгийн байдал амаргүй байсан нь хөрөнгийн зах зээлд хэрхэн нөлөөлөв?

-Үнэхээр ч цар тахлаас шалтгаалж санхүүгийн зах зээлд эрсдэлтэй, амаргүй нөхцөл байдал үүссэн. Гэхдээ УИХ, Засгийн газар, Хорооноос тулгарч буй хүндрэл, эрсдэлийг даван туулах чиглэлээр маш тодорхой арга хэмжээг тухай бүрт нь авч хэрэгжүүлсэн. Тухайлбал, Хорооноос хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, өсөлтийг хангах чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэт цаасны төлбөр тооцооны горим, төлбөрийн эсрэг нийлүүлэлтийн зарчмыг амжилттай нэвтрүүллээ. Мөн дотоод болон гадаадын бирж хооронд үнэт цаас хөрвөх нөхцөлийг бий болгож, олон жил яригдсан биржийн бус зах зээлийн эрх зүйн суурь орчинг бүрдүүлж, түүхэнд анх удаа зах зээлийн үнэлгээ хамгийн өндөр төвшинд буюу 3.0 их наяд төгрөгт хүрсэн. 2021 он гарсаар бид Монгол Улсад анх удаа олон нийтэд нээлттэй арилжаалах хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлсэн бол Монголын хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” ХК (ERDN)-ийн тодорхой хувьцааг Канадын хөрөнгийн бирж рүү анх удаа амжилттай хөрвүүлсэн үйл явдал болж хөрөнгийн зах зээлийн хөгжилд шинэ хуудас нээлээ.

-Сүүлийн жилүүдэд банкнаас бусад санхүүгийн зах зээл тэр дундаа хөрөнгийн зах зээл өсөлттэй байсан нь статистик тоон мэдээллээс харагддаг. Цаашид хөрөнгийн зах зээлийг улам хөгжүүлэх, эрхзүйн орчинг боловсронгуй болгох хүрээнд Хорооноос бодлогын болон зохицуулалтын ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх вэ?

-Хөрөнгийн зах зээлийн тогтвортой хөгжлийг улам эрчимжүүлэх, нээлттэй, шударга зах зээлийг бий болгох, банкны салбартай өрсөлдөхүйц урт хугацааны санхүүжилтийн тогтолцоо болон мэдээлэл технологийн ололтыг зах зээлд нэвтрүүлж санхүүгийн хүртээмжийг дээшлүүлэх зорилтыг тавьж ажиллаж байна. Нэн тэргүүнд бидний анхаарах ажил бол хөрөнгийн зах зээлийн одоогийн нөхцөл байдлыг сайжруулж, олон нийтийн зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх юм. Энэ хүрээнд зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудынхаа үйл ажиллагааг сайжруулах, одоо байгаа бүтээгдэхүүнүүдээ чанаржуулна. Учир нь, хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын дийлэнхи нь тайлагнал, мэдээллийн ил тод байдал хангалтгүй, засаглал болон төвлөрлийн асуудалтай талаар иргэд, олон нийт шүүмжлэлттэй ханддаг шүү дээ. Зохицуулалттай этгээдүүдийн хувьд зөвхөн цөөн хэдхэн компани нь л үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг. Энэ мэт асуудлыг шийдвэрлэх үүднээс биржийн бүртгэлийн шаардлагыг хангаагүй компаниудыг бүртгэлээс хасах, тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн оролцогчдын үйл ажиллагааг үнэлэхдээ тоон үзүүлэлтээс гадна гүйцэтгэлд үндэслэдэг болгоно. Мэдээж тайлагнал, ил тод байдал, засаглалыг сайжруулах чиглэлээр холбогдох хууль, Үнэт цаасны бүртгэлийн журамд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Дээр нь хөрөнгийн зах зээл дээрх бүтээгдэхүүнүүдийн нэр төрлийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах буюу компанийн бондын зах зээлийг хөгжүүлэхээр Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Компанийн тухай хуульд бондын зохицуулалттай холбоотой нэмэлт өөрчлөлтийг оруулах, бондын бүртгэлийн зохицуулалтыг хялбаршуулж, уян хатан болгох, санхүүжих чадавхийн зэрэглэл тогтоох байгууллагыг бий болгоход анхаарч ажиллана.

Нөгөө талаар бидний анхаарах асуудлын нэг нь хөрөнгийн зах зээлийн гол оролцогч буюу хөрөнгө оруулагчид юм. Сүүлийн 5-6 жилийн хугацаанд буюу Засгийн газрын үнэт цаасыг хөрөнгийн бирж дээр арилжаалж эхэлснээс хойш мөн сүүлд хувьцаагаа нийтэд нээлттэй санал болгосон /IPO/ компаниудтай холбоотойгоор иргэд, олон нийтийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, мэдээлэл эрс сайжирч, уг зах зээлийг сонирхох сонирхол нэмэгдсэн. Гэтэл зах зээлд урт хугацаанд хөрөнгө оруулах мэргэжлийн хөрөнгө оруулагчид болох хөрөнгө оруулалтын сан, тэтгэврийн сангууд дутагдсаар байгаа нь үнэн. Иймээс хөрөнгө оруулагчдыг хөрөнгийн зах зээл рүү татахын тулд юуны түрүүнд хөрөнгө оруулалтын сангийн эрх зүйн орчныг сайжруулж хуулийн этгээдийн олон сонголтот хэлбэрийг бий болгох, түүнчлэн манай улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд томоохон нөлөө үзүүлж чадах зээлжих зэрэглэл өндөртэй олон улсын томоохон санхүүгийн байгууллагуудыг зах зээлд татан оролцуулж, хөрөнгө оруулахад дэмжлэг үзүүлэх чиглэлд ажиллана. Эцэст нь хэлэхэд, арилжааны банкыг ялангуяа системийн нөлөө бүхий банкуудыг нээлттэй хувьцаат компани хэлбэртэй байхаар Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Мөн шинээр урт хугацааны хөрөнгө оруулагч буюу тэтгэврийн сангийн тогтолцоог бий болгох Хувийн тэтгэврийн тухай хууль УИХ-д өргөн баригдсан. Хэрэв эдгээр хууль батлагдвал засаглал, мэдээлэл тайлагнал, санхүүгийн чадавхи сайтай компани шинээр хөрөнгийн зах зээлд гарах, урт хугацааны мэргэжлийн хөрөнгө оруулагч нэмэгдэх зэрэг зах зээл хөгжин тэлэхэд чухал алхам болно гэж харж байна.

-Монгол Улс ФАТФ-ын "Саарал жагсаалт"-аас маш богино хугацаанд гарч чадсан. Энэхүү жагсаалтаас гарахад Хорооны оролцоо ямар байсан талаар дурдахгүй юу?

-Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт буюу “Саарал жагсаалт”-аас гаргаж байгаагаа 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр албан ёсоор зарлаж, манай улсыг маш богино хугацаанд үүрэг даалгаврыг амжилттай биелүүлснийг онцлон сайшаасан. Олон улсад нийтээр мөрдөгддөг стандарт буюу ФАТФ-аас гаргасан аргачлал, Техникийн 40 зөвлөмж, үр дүнтэй байдлын шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтийг нэвтрүүлэх хүрээнд Хорооноос мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээг өөрийн зохицуулалттай 6 салбар болон мэдээлэх үүрэгтэй этгээд тус бүрт хэрэгжүүллээ. Мөн эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг нэвтрүүлэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх чиглэлээр хяналт шалгалт явуулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, зохицуулалттай салбаруудын журам, зааврыг ФАТФ-ын стандартад нийцүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр 3,000 орчим этгээдийг сургалтад хамруулсан. Энэ дашрамд, ФАТФ-аас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг амжилттай биелүүлэхэд дэмжлэг үзүүлж, баг болж хамтран ажилласан төрийн холбогдох байгууллагууд болон салбарын зохицуулалтын нийт байгууллагууддаа талархал илэрхийлье. Та бид бүгдийн хамтын хүчин чармайлт, идэвх зүтгэл чухал тулгуур багана нь болсон. Хороо цаашид ч мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлж, ФАТФ-ын зөвлөмж, шаардлагуудыг мөрдөж ажиллахын зэрэгцээ санхүүгийн тогтвортой хөгжлийг хангах, үр дүнтэй, тогтвортой тогтолцоог бүрдүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч ажиллана.