Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Шүүгчийн томилгооны эрх мэдлийн төвлөрлийг сааруулж, УИХ болон Ерөнхийлөгч хуваах нь хяналт, тэнцвэр талдаа үр дүнтэй"

ikon.mn
2021 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Нээлттэй нийгэм форум ТББ-ын Эрхзүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаатай ярилцлаа.

-УИХ-аар Шүүхийн багц хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Шүүх эрх мэдлийг хэрхэн өөрчилж, хуульчлах вэ гэдэг нь мэдээж өргөн хүрээтэй асуудал. Тус хууль шүүх тогтолцооны реформыг эхлүүлж чадах болов уу?

-Шүүх эрх мэдлийн хүрээний шинэтгэлийн асуудал 2012 оны шинэтгэлээс эхлэлтэй гэж хардаг. Шүүхийг нэг байгууллага гэж харж, нэлээн ерөнхий байдлаар зохицуулсан нэг хуулийг Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай болон Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай гэх нарийвчилсан зохицуулалт бүхий багц хууль болгон шинэчилсэн нь одоо явж буй шинэтгэлийн эхлэл гэж хэлж болно. Өнгөрсөн хугацаанд эдгээр хуулийг хэрэгжүүлэх явцад гарч, илэрсэн гажуудал, ан цавыг өнөөдрийн шинэтгэлийн хүрээнд засаж залруулахаар хичээж байна. Энэ нь аливаа салбарын шинэтгэлийн мөн чанар бөгөөд алдаа дутагдлаа соргогоор харж, засаж залруулж чаддаг байх нь чухал юм. Энэ тал дээр манай хуульчид харьцангуй идэвх санаачилгатай ажилладаг нь харагдаж байна. Энэ удаагийн шинэтгэлийн давлагааны нэг давуу тал нь 2019 онд хийгдсэн Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлт юм. Энэ өөрчлөлтийн үзэл баримтлал, бий болгосон боломжийг амьдралд буулгахад шинэ шүүхийн тухай хууль нэн чухал. ҮХНӨ-өөр бид ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлж, Сахилгын хорооны үйл ажиллагааг үр нөлөөтэй болгох болон шүүхийн ачааллыг болон үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор шүүхийг тойргийн журмаар байгуулах боломжийг олж аваад байна.

-Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд орсон нэг үндсэн асуудал бол шүүгчийг томилох болон шүүхийн үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн нөлөөллийг багасгах зорилгоор Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүд болон даргыг томилоход Ерөнхийлөгчийн институцийн оролцоог хязгаарласан явдал гэж хараад байгаа?

-2012 оны шүүхийн тухай багц хуулийн хүрээнд нэлээдгүй шүүмжлэл дагуулсан асуудал бол томилгооны эрх мэдэл Ерөнхийлөгчид бүхэлдээ төвлөрсөн байдал юм. Үүнийг Оюуны Инноваци эрх зүйн судалгааны байгууллагаас шүүхийн томилгооны талаар хийсэн бодлогын судалгаа, доктор О.Мөнхсайханы ахласан багийн шүүхийн захиргааны талаар хийсэн бодлогын судалгаа, доктор А.Бямбажаргалын ахласан багийн шүүгчийн ёс зүйн маргаан шийдвэрлэх ажиллагааны талаар хийсэн судалгааны дүгнэлт харуулж байгаа. Мөн шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх чиглэлээр хийсэн олон тооны хэлэлцүүлгийн хүрээнд хуульчид, судлаачид хөндсөөр ирсэн. Шүүх эрх мэдлийн хүрээнд анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчийн томилгоо, бүх шатны шүүхийн ерөнхий шүүгчийн томилгоо, ШЕЗ-ийн гишүүдийн томилгоо, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүдийн томилгоо гэсэн олон томилгооны асуудал яригдана.

Одоогийн хуулиар энэ бүх томилгоог Ерөнхийлөгч эцэслэн шийдвэрлэж, зарлиг гарган томилж буй. Томилгоо хараат бус, шударга байх нь шүүхийн хараат бус байдал, шударга байдал, олон нийтээс шүүхэд итгэх итгэлд шууд нөлөө үзүүлэх чухал хүчин зүйл гэдэг нь батлагдаад байна. Тиймээс  нэг хүнд төвлөрсөн эрх мэдлийг зохистой, тэнцвэртэй байдлаар хэрхэн сааруулах вэ гэдэг нь энэ удаагийн шинэтгэлийн нэг гол зорилт байх бөгөөд улс төрийн институтүүдийн хооронд эрх мэдэл шилжихтэй холбоотой маргаан мэтгэлцээн дагуулж байх шиг байна. Бүх шатны шүүхийн шүүгчдийг томилох процесс үндсэндээ хэвээрээ байгаа бөгөөд зарим нэг зохицуулалтгүй, тодорхойгүй харилцааг зохицуулж өгсөн нь чухал дэвшил болж байна. Үүнд Ерөнхийлөгч нэр дэвшигчийг томилох хугацааг зааж, татгалзах үндэслэлээ танилцуулахаар зохицуулж байгаа нь дур зоргыг хязгаарлаж буй хэрэг юм. Харин анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч нарыг тухайн шүүхийн шүүгч нар дотроосоо санал хураан сонгохоор болж байна.

Харин Улсын дээд шүүхийн шүүгчийг сонгох процесст УИХ-аас нээлттэй сонсгол хийх үе шат нэмэгдэж байгаагаараа онцлогтой. Энэ нь УДШ-ийн томилгоог нээлттэй болгож, иргэдийн анхааралд авч ирж байгаагаа том дэвшилт юм.

-Үндсэн хуулийн нээлт өөрчлөлтийг 2019 онд баталж Үндсэн хуулийн өөрч­лөлтөд Шүүхийн сахилгын хороо ажиллах,  ШЕЗ дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаагаар ажиллах 10 гишүүнээс бүрдэх заалтуудыг оруулж батласан. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас  ШЕЗ-ийн таван гишүүнийг томилохоор болсон нь ийнхүү маргаан дагуулаад байна уу?

-Харин ШЕЗ-ийн 10 гишүүний шүүгч биш  таван гишүүний томилгоо болон Шүүхийн сахилгын хорооны есөн гишүүний шүүгч биш таван гишүүний томилгоо УИХ-д шилжиж байгаа бөгөөд саяхан өрнөсөн ХЭҮК-ийн гишүүдийн томилгоотой адил ил тод, нээлттэй процессоор явагдах зохицуулалт хийсэн.  Үүнээс гадна ШЕЗ болон Сахилгын хорооны гишүүдэд тавигдах шаардлагыг өндөрсгөж хууль зүйн өндөр мэргэшилтэй буюу хуульчаар ажилласан туршлагатай, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүд орж ирэх боломж бүрдэнэ гэж итгэж байна.  Ингэснээрээ шүүхийн томилгооны асуудал харьцангуй тэнцвэртэй болох магадлалтай бөгөөд өмнө нэг хүн шийддэг асуудлыг илүү олон хүний хэлэлцэж шийдвэрлэж байгаа нь  аливаа ашиг сонирхлын асуудал хязгаарлагдах боломжийг бүрдүүлнэ. УИХ-ын аливаа томилгоог хариуцлагатай, шударга, ил тод нээлттэй байлгахад иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо мөн чухал болохыг хэлэх нь зүйтэй.

-Энэ үед зарим иргэд шүүх эрх мэдлийг барын амнаас салгаж,  арслангийн аманд хийлээ хэмээн -шүүмжилж байна. Өмнөх хуулиар шүүх эрх мэдлийг  ҮАБЗ-ийн гурван гишүүн “атгаж” шинэ хонгил үүсч байна гэх асуудал яригдаж байсан.  Харин одоо яригдаж байгаа хуулийн өөрчлөлтөөр МАН өөрийн талд ашигтайгаар баталж, хууль шүүхийн байгууллагыг гартаа оруулж эхэллээ гэх байр суурийг ч зарим хуульч илэрхийлээд байна. Энэ асуудлыг юу гэж харж байна вэ?

Шүүхийн тухай хуулийн асуудал олны анхааралд орж, хуульчид олон талаас нь шүүмж өрнүүлж байгаа нь олзуурхууштай. Аливаа бодлогын асуудалд туйлын зөв үнэн гэж байдаггүй тул энэ мэт маргаан мэтгэлцээн аливаа бодлогын шийдлийн усыг шахаж одоогийн нөхцөлд илүү оновчтойг нь сонгох боломжийг хууль тогтоогч нарт олгоно. Харин хууль тогтоогч нар маань эдгээр үндэслэлүүдийг анхаарч судалж шийдвэрээ гаргах нь чухал юм. Өнгөрсөн 10 гаруй жил шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх чиглэлд судалгаа болон бодлогын хэлэлцүүлэг зохион байгуулах зэргээр ажиллаж ирсний хувьд бидний хамтарч ажиллаж буй хараат бус судлаачдын боловсруулсан зөвлөмж, санал энэхүү хуулийн төсөлд нэлээн сайн туссан гэсэн утгаараа аль нэг намын юм уу институтийн хууль болсон гэж бодохгүй байна.

Нөгөөтэйгүүр, бүхний санаанд нийцсэн тийм төгс шийдэл гэж үгүй, тиймээс шүүмжилж байгаа талууд нь тодорхой шийдэл санал болгож түүнийгээ одоогийн төслийн хувилбараас юугаараа илүү болох талаас нь ярилцах нь энэ бодлогын хэлэлцүүлэгт илүү дөхөмтэй байх болов уу. Харин шүүхийн томилгоотой холбоотой шийдвэрийг УИХ болон Ерөнхийлөгч гэсэн институтийн аль нэг нь хийх нь ойлгомжтой. Хаана нь ч очсон шүүмжлэл дагуулсаар байх болно. Тэгэхээр томилгооны эрх мэдлийн төвлөрлөө сааруулж УИХ болон Ерөнхийлөгч хуваах нь хяналт тэнцвэр талаасаа илүү үр дүнтэй байх боломжтой. Мөн УИХ-ын томилгоо нь илүү олон хүний оролцоотой, ил тод байх боломжтой бөгөөд бид, иргэний нийгмийнхэн, судлаачид, хуульчид цаашид тийм байлгахын төлөө шаардлага тавьж ажиллах нь чухал. 

 

Эх сурвалж: Өдрийн сонин