Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Хан-Уул дүүрэг болон хотын төв орчмын орон сууцнууд ирэх өвөл хөлдөх бодит эрсдэл үүснэ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 1-2-нд шилжих шөнө "ДЦС-3” ТӨХК-ийн өндөр даралтын турбин цехэд гал гарч, тус компанийн инженер амиа алдсан харамсалтай явдал болоод байна.

Өндөр даралтын цехийг зургаадугаар сарын 2-ны өглөөнөөс засварлахаар төлөвлөж, шөнө нь тоноглолоо зогсоох явцад гал гарчээ.

Уг ослын улмаас нийслэл хотод ирэх өвөл дулаан хангамж 15 хувиар буурах нөхцөл үүссэн байна.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар "2025 оны зургаадугаар сарын 1-2-нд шилжих шөнө "ДЦС-3" компанийн өндөр даралтын хэсэгт гарсан ослын улмаас 1,200-1,500 тонн орчим халуун ус буюу 100г/кал дулааны ачаалал, 50 МВт цахилгааны ачаалал доголдож, Хан-Уул дүүргийн Мишээл, Зайсан, Оргил, Удирдлагын академи, Хүннү хороолол, Жапан таун, 120 мянгат, 19-р хороолол, Их тэнгэр, Маршал таун, Баруун 4 замаас Чингис зочид буудал болон хотын төв орчмын хэрэглэгчдийн дулааны ачаалал 15 хувиар буурахаар болж байна.

Шинэ Засгийн газар яаралтай арга хэмжээ авахгүй бол дээр дурдсан байршлууд ирэх өвөл хөлдөх бодит эрсдэл үүснэ.

Нийслэлээс өнгөрсөн жил эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийсний үр дүнд 200 MBт цахилгаан үйлдвэрлэл нэмэгдүүлж 2024-2025 оны өвлийг давсан. Харамсалтай энэ ослоор эрдэнэт хүний амь эрстэж улсад ихээхэн хохирол учирлаа.

Улаанбаатарчууд ирэх өвлийг дулаан давахад Засгийн газар уг асуудлыг нэг өдөр ч алдалгүй анхаарна гэдэгт итгэлтэй байна" гэж мэдэгджээ.

Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлснээр станцын эвдрэл гарсан төхөөрөмжийг шинэчлэхэд өнөөгийн зах зээлийн үнэлгээ нь $100 сая бөгөөд худалдаж аваад суурилуулж, хэвийн ажиллагаанд оруулахад багадаа 24 сар буюу хоёр жилийн хугацаа шаардагдах юм байна. 

“ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр Даралтын Турбин Цех нь 1976-1980 оны хооронд станцын IV шатны өргөтгөлөөр Калуга хотын уурын турбины заводод үйлдвэрлэсэн ПТ-25-90/10М загварын дөрвөн турбогенераторыг бусад туслах тоног төхөөрөмжийн хамтаар угсарч, ашиглалтад оруулжээ.

2013-2014 онд станцын зургаа дахь шатны өргөтгөлөөр цехийн суурилагдсан хүчин чадлыг БНХАУ-ын “Hunan Industrial Equipment Installation” компанийн С-50/8.83-0.294 загварын турбо генератораар өргөтгөж ӨДТ цехийн суурилагдсан хүчин чадал 150МВт болж нэмэгдсэн удаатай байна.