Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүхийн сахилгын хорооноос бид юу хүлээх вэ?

ikon.mn
2021 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Яг одоо УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж буй Шүүхийн тухай хуулийн талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн доктор А.Бямбажаргалын бичсэн нийтлэлийг хүргэж байна. 



Шүүхийн тухай хууль олон нийтийн анхаарлын төвд энэ мөчид байна. Энэ хууль батлагдан гарах үйл явц анх төсөл өргөн барьсан цагаас өдийг хүртэл багагүй саад бэрхшээлийг сөрөн ямх, ямхаар урагшилж байна. Ёстой л зүйрлэж хэлбэл төрөл бүрийн саад, гох дэгээ болон гэнэтийн бэлэгт ямагт дарагдсаар байна.

Нуулгүй хэлхэд энэ хуулийг батлуулахгүй байх сонирхол олон хүнд байх шиг.

Гэвч энэ хууль ямар ч саад, бэрхшээл, гэнэтийн бэлэгтэй учирсан заавал батлагдах шаардлагатай!

Энэ хуулиар зохицуулж буй харилцааны шинж хэр өргөн бэ гэдэг нь түүнийг зүйл бүрээр хэлэлцсэн Хууль зүйн байнгын хорооны хурлаас тод харж болно (тасралтгүй 18 цаг).

Тийм ч учраас энэ хуулиар зохицуулж буй бүхий л асуудлыг энд хөндөн бичих гэвэл таны цагийг үрэх биз ээ .

Энэ хүрээнд миний бие өөрийн судалж байсан зүйлсэд хамаар Шүүхийн сахилга, хариуцлагын тогтолцооны талаар зарим нэг мэдээлэл хүргэе гэж бодлоо.

Товчдоо бол Шүүгчийн сахилга, хариуцлага бол Шүүхийн бие даасан, Шүүгчийн хараат бус байдлын эсрэг талын зоос мэт зүйл. Өөрөөр хэлбэл Шүүгчийн сахилгын асуудал бол их эмзэг.

Эдүгээ УИХ-аас хэлэлцэж буй төслийн хүрээнд дараах зүйлс дээр зарчмын томоохон дэвшлийг хийж байна.

Нэг. Шүүхийн сахилгын хороо бол Монгол Улсад ганцаар шүүгчид сахилга, хариуцлга хүлээлгэх институц болно.
2019 оны Үндсэн хуульд орсон нэмэлтийн дагуу нэгэн шинэ институцийг бий болгосон нь Шүүхийн сахилгын хороо. Энэ байгууллагын үндсэн чиг үүрэг (хийх ажил) бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу  (1)шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, (2) огцруулах, (3) сахилгын бусад шийтгэл оногдуулах юм.

Дээрх Үндсэн хуулийн заалтаас үүдэн цаашид Монгол Улсад зөвхөн энэ л байгууллага Шүүгчид хариуцлага хүлээлгэх бүрэн эрхтэй болно. Энэ ажлаа хэнтэй ч хуваахгүй гэдгийг Үндсэн хуульд нэгэнт заасан.

Хоёр. Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг хараат бусаар томилох нөхцөл бүрдэж байна.

Эдүгээ хэлэлцэж буй Шүүхийн тухай хуульд зааснаар Шүүхийн сахилгын хороог 9 гишүүнтэй тэдгээр нь орон тооны байхаар тусгасан.
Төслөөр сахилгын хорооны гишүүдийг Олон нийтийн төлөөлөл олонх байх зарчмыг сонгон байгуулж буй нь сайшаалтай хэрэг. Учир нь шүүгчийн төлөөлөл давамгай хэлбэрээр байгуулагдвал цаашид Шүүгчид өөрийн мэргэжил нэгт, системийн нэгнээ хамгаалах хандлага байдаг гэж олон улсын жижигт авч үздэгийг энэ удаа төсөлд суулгажээ.

Яагаад олон нийтийн төлөөлөл олонх байх шаардлагатай байх зорилго нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг төлөөлж байдаг учир энэ бол зайлшгүй юм.

Төсөлд тусгагдсанаас хархад Шүүгч биш сахилгын хорооны гишүүний шалгуурыг нэлээд өндөр болгожээ. Энэ ч зүй ёсны шаардлага.
Шүүгч бус 5 гишүүний хувьд (1) хууль зүйн өндөр мэргэшилтэй, (2) эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, (3) төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй, (4) сүүлийн таван жил шүүгч, (5) улс төрийн албан тушаал болон (6) улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй, (7) эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй иргэн байхаар тусгасан байна.

Олон улсын нийтлэг жишгээс хархад шүүгч бус гишүүн өмнө нь шүүхийн үйл ажиллагаанд оролцож байгаагүйг илүү чухалчилдаг. Өөрөөр хэлбэл, шүүгч, прокурор, өмгөөлөгч зэрэг. Учир нь тэд энэ процесст оролцох тусам хамаарал бүхий этгээд болдог тул.

Мөн тэтгэвэрт гарсан шүүгч нарыг шүүгч гэх агуулгаар авч үздэг. Тэгвэл төсөл энэ бүхнийг хязгаарласан нь уг төсөлд найдах итгэлийг улам нэмж буй юм.

Харин Сахилгын хороонд орох шүүгч (4) гишүүдийг УДШ-ээс 1, Давж заалдах шатны шүүхээс 2, Анхан шатны шүүхээс 1 шүүгч сонгогдон ажиллахаар заажээ. Дээрх шүүгч гишүүд нь шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй байх шаардлага тавигджээ. Мэдээж хэрэг энэ бол мэргэжил, туршлагын хувьд илүү өндөр шаардлага хангасан шүүгч нар л шүүгчийн хувь заяаг шийдэх эрхийг олгосон хэрэг.

Нөгөө талаас шүүгчийн сахилга хариуцлагыг дан ганц шүүгч биш хүмүүс шийдэх нөлөөллийг буюу шүүх эрх мэдлийн өөрийн дархлааг дээрх байдлаар бий болгосон байна.

Үүнээс гадна нэг том хараат бус байдлыг баталгаа бол 6 жилээр зөвхөн нэг удаа ажиллах тул ёстой л хэн нэгнээс дахин, улиран сонгогдох гэж царачлахгүй байх хууль зүйн боломж нэгэнт бүрдэж байна.

Гурав. Шүүгч бус Сахилгын хорооны гишүүдийг УИХ-аас томилж буй нь угтаа ард түмний төлөөллийг дээд байгууллагад томилох эрхийг өгч буй хэрэг.

Сахилгын хорооны шүүгч бус 5 гишүүнийг УИХ-аас томилох бол Үндсэн хуульд огт харшлахгүй. Учир нь УИХ бол Монгол Улсын ард түмний төлөөллийн дээд байгууллага гэдгийг бид санах хэрэгтэй.

Нөгөө талаар шууд л УИХ өөрийн нөлөөний хүмүүсийг томилоод байхгүй нь уг төслөөр харагдаж байна.

Яагаад гэвэл УИХ-аас Шүүгч бус 5 гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилох буюу улс төрийн томилгоо шууд л хийнэ гэж харж болохгүй юм.  

Та бүхэн санаж буй бол Нээлттэй сонгон шалгаруулалтад хүн бүр бие даан (толгой мэдэн) ард түмнээрээ шүүлгэн томилогдох боломжтой юм. Өөрөөр хэлбэл хэн нэгэн нэр дэвшүүлэхгүй өөрөө өөрийгөө нэр дэвшүүлэх эрхтэй гэсэн үг.

Хэрэв энэ томилгоод Ерөнхийлөгч, Засгийн газар, Хууль зүйн сайд гээд хишиг хувиарлаж буй мэтээр талыг нэг тараавал та нэр дэвших гэж тэдгээр албан тушаалтны үүдийг л сахиж таарна. Нэг үгээр бол тэдний шууд нөлөөнд орох эрсдэлтэй. Тэр ч өнгөрсөн хугацаанд хангалттай харагдсан.

Дээр нь УИХ-аас хүн бүрээр хэлэлцэн томилох учир ёстой л хэн нь хэн бэ? гэдгээ улс даяар цоллуулж буй сая томилогдоно. Ёстой дуурсах нэрийг аав, ээж, Дурсах алдрыг өөрөө гэдэг шиг ёс зүйн хувьд нэр дэвших эрхгүй хүний хувьд өөрийн нэрээ дэвшүүлэх бол жинхэнэ том даваа мэт.

Дээрх агуулгаар олон улсын нийтлэг жишиг, Монголын эрх зүйн ололтыг ашиглаж харьцангүй хараат бусаар томилогдох боломж бий болж байна.

Дөрөв. Эцсийн дүндээ Дээд шүүх Сахилгын хорооны эцсийн шийдвэрийг хязгаарлагдмал хүрээнд хянаж эцэслэх боломжтой буй нь уг үйл ажиллагааны эцсийн баталгааг хангаж байна.

Шүүхийн сахилгын хорооны хяналтын шатны шийдвэрийг УДШ зөвхөн шүүхийн тухай хуулийг л хэрэглэж (бусад процессын хууль огт хэрэглэхгүй) хянах нь агуулгын хувьд доод шатны шүүхийн шийдвэр хянахаас ялгаж өгч буй агуулгаараа маш зөв зохицуулалт болжээ.
Ингэж гэмээнэ нэг талаас Дээд шүүх маргааны эцэслэх, улмаар шүүх эрх мэдлээ эцэслэн баталгаажуулах, нөгөө талаасаа хязгаарлагдмал хүрээнд буй нь Сахилгын хороонд Үндсэн хуулиар олгогдсон эрх хэмжээнд үл халдах зохицуулалт болсон байна.

Эцэст нь дүгнэхэд Шүүгчийн сахилга хариуцлагын тогтолцоог бид 1992 оноос хойш анх удаа харьцангуйгаар системчлэлтэй зохицуулж байна. Мэдээж хэрэг хэрэгжүүлэх хүрээнд зарим нэг хүндрэл гарч болох байх. Тэдгээрийг нэгэнт шинэ жишиг тогтоож буй учир зөв зам гаргах учиртай.

Ямартай ч амаргүй замаар явж буй ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬ зөв замдаа явна даа!