Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүд ломбардын хүүг 3%-аас, алдангийг 0.2%-аас хэтрүүлэхгүй байх зохицуулалттай хуулийн төсөл өргөн барьжээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нар COVID-19-ийн хууль, барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбард зэрэг асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Хүүг хэт өндрөөр тооцдог, алданги өндөр байдаг, хөрөнгийг багаар үнэлж авах зэрэг эдийн засгийн хүндрэл бэрхшээл үүсээд байна. Одоогоор үүнийг Иргэний хуулийн 289 дүгээр зүйлээр зохицуулж байгаа ч хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна уу гэдэг нь хяналтгүй. Зохицуулалтгүй үлдсэн газарт зохицуулалт хийж, бизнес эрхлэгч, зээлдэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулийн төслийг Ж.Сүхбаатар гишүүн бид хоёр өргөн барилаа. 

Засгийн газраас Ломбардын тухай хуулийг удахгүй өргөн барих байх. Энэ хууль батлагдтал тухайн салбар зохицуулалтгүй хэвээр байхаар байна. Тиймээс 2021 оны долоодугаар сарын 1-н хүртэл ломбардын хүүг гурван хувиас хэтрүүлэхгүй байх, алданги 0.2 хувиас хэтрүүлэхгүй, иргэдийн барьцаа хөрөнгийг зарж борлуулахгүй байх зохицуулалтыг хуулийн төсөлд оруулж өглөө.

АНУ, Англид зээлийн хүү, алданги царцааж байна. Улаанбаатар хотод 1,000 ломбард үйл ажиллагаа явуулж байна. Үүний цаана олон иргэний эрх ашиг хөндөгдөж байгаа учир хуулийн төсөл өргөн барихаар боллоо" гэв. 

 Арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд байгуулсан гэрээнд түр зохицуулалт үйлчилнэ

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Ломбардын үйл ажиллагаатай холбоотой түр зохицуулалтын үйлчлэх хугацааг байнгын тогтвортой үйлчлэх хууль гарах хүртэл буюу 2021 оны долоодугаар сарын 1-н хүртэл байхаар төлөвлөсөн. Арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд байгуулсан гэрээнд түр зохицуулалт үйлчилнэ. 

Нөхцөл байдал өөрчлөгдсөн тул хэрэглэгчийн эрхийг хамгаалах, нөгөө талаас бичил зээлийн үйлчилгээний хүртээмж зах зээлийг далд хэлбэрт оруулахгүй байхад анхаарч байна. Хуулийн зохицуулалтад ШӨХТГ хяналт тавина. Хэрэглэгчийн эрх зөрчигдвөл албадан биелүүлэх арга хэмжээ авна. Ломбардын асуудал зохицуулалтгүй байгаа талаар Санхүүгийн зохицуулах хорооноос хэлсэн. Аль аль талаа бодсон хөнгөлөлттэй нөхцөл бий болгох зориулалттай түр зохицуулалт юм" гэлээ.