ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Хамар, залгиураас сорьц аван шинжилж байгаа түргэвчилсэн оношлуур нь 98-99 хувийн баталгаатай"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Коронавирус илрүүлэх түргэвчилсэн тест /Гэрэл зургийг Mpa.mn/

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа болон Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар сэтгүүлчийн асуултад хариулав.

-Цар тахлын хөл хорионы үед 22-ын товчоон дээр ирээд Улаанбаатар руу нэвтэрч, эмнэлгийн тусламж авч чадалгүй нэг хүн амиа алдсан. Ер нь онцгой нөхцөл байдалд яаралтай тусламж үзүүлэх журмыг тодорхой хэлж өгөхгүй юу?

-Эрүүл мэндийн сайдын 2019 оны тушаалаар батлагдсан Өвчтөнүүдийг болон эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай хүнийг эрэмбэлэн ангилж, тусламж үйлчилгээ үзүүлэх заавар бий. Цар тахлын үед уг зааврын дагуу ажиллах ёстой.

22-ын товчоон дээр гарсан асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж, Эрүүгийн хэрэг үүсгээд явж байгаа учраас энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-Өмнө нь түргэвчилсэн оношлуур бус зөвхөн PCR шинжилгээ нь баталгаатай гэдэг байсан ч өчигдөр түргэвчилсэн оношлуурт итгэж болно гэж хэлсэн. Тийм бол яагаад заавал PCR-ын шинжилгээг үндэслэж хотоос гаргана гэдэг шаардлага тавьсан юм бэ?

А.Амбасэлмаа: -Түргэвчилсэн тестийг бид магадлалгүй гэж хэлээгүй. Ялангуяа, сүүлийн үед хамар залгиураас сорьц авч шинжилж байгаа түргэвчилсэн тест бол маш өндөр мэдрэмтгий буюу 98-99 хувийн баталгаатай. Энэ тестээр үзэхэд ганц, хоёр эерэг хүн гарч ирнэ. Тэр нь батлагдахгүй эсвэл батлагдаж болно.

Ямартай ч эхний ээлжид түргэвчилсэн тестээрээ хүмүүсээ шинжлээд эргэлзээтэй хүмүүсээ олж авч, баталгаажуулж цааш явж байгаа нь бусад улс орны л жишгээр явж байгаа нэг ажил.

Иймд түргэвчилсэн тест муу, PCR сайн гэх асуудал ярьж болохгүй. PCR шинжилгээ ч 100 хувийн баталгаатай биш.

Д.Нарангэрэл: -Ямар ч шинжилгээ дэлхий дахинд 100 хувийн баталгаатай байхгүй. Бид түргэвчилсэн оношлуурыг өргөн хүрээгээр хэрэглэж буй.

Өнгөрсөн 3,4 дүгээр сард бидний хэрэглэж байсан түргэвчилсэн оношлуур нь хүний гарын хуруунаас цус аваад эсрэг бие илрүүлэх шинжилгээ байсан. Тухайн оношлуурын мэдрэг чанар нь ердөө 40-60 хувь байсан.

Коронавируст халдвар гарснаас хойших 11 сарын хугацаанд дэлхий дахинд анхны үеэ бодвол маш олон оношлуур гарсан. Тиймээс одоогийн бидний хэрэглэж байгаа түргэвчилсэн оношлуур нь эсрэг төрөгч буюу яг коронавирусээ л илрүүлэх шинжилгээ хийдэг. Энэ нь яг л PCR шинжилгээтэй адил хамар, залгиураас сорьц аван шинжилж байгаа гэдгийг ч ойлгох хэрэгтэй.

Бидний одоогийн хэрэглэж байгаа оношлуурыг дэлхий дахинд ч өргөн хэрэглэж байна. Мэдээж 100 хүн шинжиллээ гэж бодоход 3-4 тохиолдолд нь хуурамч эерэг, хуурамч сөрөг заах тохиолдол бий.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/223093472546170

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.