ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

"PCR шинжилгээ ч эхлээд үзэхэд эерэг гарчихаад давтан шинжилгээ хийхэд сөрөг гарсан тохиолдол олон бий"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл болон ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд халдвар гарсантай холбоотойгоор нэг байранд хөл хорио тогтоосон.  Хэр удаан хөл хорио тогтоох вэ?

-Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд халдвар гарсан тул байранд нь хөл хорио тогтоосон. PCR  шинжилгээний хариу эхний удаад сөрөг гарсан. Тэнд 14 хоног хөл хорио тогтоож, тухайн хугацаанд хоёр удаагийн шинжилгээ авч сөрөг гарвал хөл хориог цуцална.

-Орон нутаг руу явах иргэдийн шинжилгээний хариуны овог нэр, регистрийн дугаар зөрүүтэй ирж байна. Үүнд тайлбар хийхгүй юу?

-119.mn сайт гацсантай холбоотойгоор иргэдийн шинжилгээний хариу тухайн цаг үедээ гарахгүй тохиолдол байсан. Гэхдээ өчигдрөөс эхлэн тус сайтын үйл ажиллагаа хэвийн байдалдаа орсон гэсэн мэдээлэл байна.

-Архангай аймгийн иргэдийг түргэвчилсэн оношлуурын хариугаар Улаанбаатар руу нэвтрүүлэхээр болсон. Түргэвчилсэн оношлуур PCR шинжилгээний хариутай зөрөх тохиолдол гарч байна. Иймд дээрх шийдвэрт ЭМЯ ямар байрь суурьтай байна вэ?

-Архангай аймгаас ирэх иргэдийн түргэвчилсэн оношлуурын хариугаар Улаанбаатар хот руу нэвтрэхийг зөвшөөрч байгаа. Түргэвчилсэн оношлуурын мэдрэг чанар 96-98 хувьтай байдаг тул ийм шийдвэр гаргасан.

Зарим тохиолдолд PCR шинжилгээгээр баталгаажихгүй тохиолдол байдаг. Ер нь 100 хувийн баталгаатай шинжилгээ гэж дэлхий дахинд байхгүй. PCR шинжилгээ ч эхний тохиолдлоор эерэг гаричхаад давтан шинжилгээ хийхэд сөрөг гарсан тохиолдол олон бий.

Мөн ДЭМБ-аас энэ сарын 6-нд COVID-19-ийн тохиолдлын тодорхойлолтыг өөрчилсөн. Ингэж өөрчлөхдөө хэрвээ түргэвчилсэн оношлуураар эерэг гэж гарвал сэжигтэй тохиолдол гэж авч үзэх ангилалд орсон. Тийм учраас дэлхий дахинд түргэвчилсэн оношлуурыг нэлээд найдвартай гэж үзэж байна.

-Халдвартай аймгаас ирж байгаа иргэдэд эрүүл мэндийн тусламж хэрхэн үзүүлэх ёстой вэ. Яг заасан заавар журам бий юу?

- Иргэн ямар ч үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхтэй. Энэ тал дээр Эрүүл мэндийн сайдын тушаалаас эхлээд олон заавар бий. Уг нь халдвартай нутаг дэвсгэрээс иргэд ирэхэд эрүүл мэндийн тусламж яаж үзүүлэх талаарх дүрэм журамтай. Харин бодит байдал дээр дүрэм журам алдагдсан тохиолдол гарсан.

-Өдөрт хэчнээн хүнд PCR шинжилгээ хийх боломжтой байгаа вэ?

-Бид хоногт 21,000-30,000 хүнд PCR шинжилгээ хийж байгаа. Яг өнөөдрийн нөхцөлд Улаанбаатар хотод ХӨСҮТ-л гурав, ЗӨСҮТ-ийн болон хоёр авто лаборатори ажиллаж байна. Бид бүх аймагт цаашид PCR төхөөрөмж суурилуулж байна. Одоогоор оношлуурын нөөц бол хангалттай бий.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/698849911026526

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.