Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Диего Марадона: "10"-ын өв хөрөнгө, тоолж баршгүй эд баялаг, гэрээ, хөрөнгө оруулалт

ikon.mn
2020 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

“Би хэнд ч ямар ч хөрөнгө мөнгө үлдээхгүй гэдгээ та нарт хэлье. Амьдралдаа олсон өв хөрөнгөө бүгдийг нь буяны санд хандивлах болно” хэмээн Диего Марадона 2019 оны арваннэгдүгээр сард мэдэгдэж шуугиан дэгдээж байв. Энэхүү эрс мэдэгдэл домогт хөлбөмбөгчийн өв хөрөнгийн залгамжлалын талаарх яриаг улам дэвэргэжээ. Охин Жианина нь “Би аавынхаа эрүүл мэндийн байдалд санаа зовж байна. Юу хэлж буйгаа мэдэхээ больж байх шиг байна” хэмээж гал дээр тос нэмж орхисон юм.

Диегогийн энэхүү мэдэгдлийг Иргэний хуулийн “Хуулийн дагуу (хүчээр) өв залгамжлагчдын эрх зүй”-н заалтын дагуу тэр дор нь няцаасан юм. Үр хүүхдүүд нь эцэг эхийнхээ хөрөнгийг өв залгамжилж авах эрхтэйг Иргэний хууль баталгаажуулж өгчээ. Домогт хөлбөмбөгч өөд болсны дараа өв хөрөнгийн залгамжлалын асуудал дахин босч ирэв.

Марадона экс эхнэр Клаудиа Вияафаньетэй эд хөрөнгө, татвараас зайлсхийсэн, 458 эд зүйлсийг нь зохих зөвшөөрөлгүйгээр өөрийн болгосон зэрэг асуудлаар маргалдаж, шүүхдэлцэж байхдаа хорвоог орхисон. Марадона хуучин эхнэрээ “Миний мөнгө хөрөнгийг дураараа зарцуулсан, миний мэдлийн хөрөнгө, данс, сангийн тайлан тооцоог гаргаж өгөөгүй” хэмээн шүүхэд хандсан юм. Суут хөлбөмбөгчийн охин Жианина, Дальма нар энэ асуудал дээр үргэлж ээжийнхээ талд зогсож иржээ.

Өнөөдөр Диего Армандо Марадонагийн хувийн өв хөрөнгө (амины орон сууц, автомашин, үнэт эдлэл тэргүүтэн) Буэнос-Айресээс Дубай хүртэл хаа сайгүй бий. Аргентин болон ажиллаж, амьдарч байсан улс орон дахь арилжаа, сурталчилгааны томоохон гэрээ хэлцэл, хөрөнгө оруулалт гээд урт жагсаалт хөвөрнө. Заавал хувь хүртэх ёстой өв залгамжлагчдыг (эцэг эх, үр хүүхэд, хань ижил) хамгаалдаг хуулийн дагуу хүүхдүүд нь өв хөрөнгийнх нь гуравны хоёрыг өв залгамжилж авах ёстой.

Аргентинд гэхэд л Марадонагийн таван үл хөдлөх хөрөнгө байдаг. Вилья Девотод хоёр, Пуэрто-Мадерод нэг зуслангийн байшин, Норделтад нэг орон сууц (эгч нар нь амьдардаг). Мөн Бейяа Вистад нэг байшин худалдан авч экс найз бүсгүй Росио Оливад өгчээ. Марадонатай зургаан жил хамт амьдраад өнгөрсөн жил салсан Росио Олива энэ байшинд эцэг эхийн хамт амьдардаг.

Нэрт хөлбөмбөгч дөрвөн төмөр хүлэгтэй. Хоёрыг нь буюу 300 мянган еврогийн үнэтэй Rolls Royce Ghost, 145 мянган еврогийн BMW i8 автомашиныг Дубайд дасгалжуулагчаар ажиллаж байхад нь Арабын баян шейх бэлэглэжээ.

Белорусьт Динамо Брест клубын хүндэт ерөнхийлөгчөөр хальт ажиллахдаа 300 мянган еврогийн бриллиантан бөгж, мөн 2.6 метр өндөр, 4.5 метр урт, 2.3 тн жинтэй, зургаан хүний багтаамжтай газар, уснаа явагч танк бэлгэнд авч байв. Энэ нь цэрэг армид зориулж бүтээсэн ховор танк аж.

Марадонагийн үлдээсэн мөнгө, өв хөрөнгийг Форбс сэтгүүл ч тооцоолон гаргаж чадахгүй байна. Одоо ч хүчинтэй байгаа гэрээ хэлцэл дотор Аргентины Химнасиа клубын дасгалжуулагчийн цалин, ивээн тэтгэгчдийн зүгээс олгодог урамшуулал, спортын хувцас, хэрэглэлийн Puma фирмтэй байгуулсан гэрээ, Konami, EA Sports-ийн хөлбөмбөгийн видео тоглоомонд царай, дүр төрхөө ашиглуулсны төлбөр багтаж байна. Мөн Хятад дахь өөрийнх нь нэртэй хөлбөмбөгийн сургууль, Куба, Итали дахь хөрөнгө оруулалт, арилжаа наймаа орно.

Диего Марадонагийн хөрөнгө хэдий хэмжээтэй талаарх албаны мэдээлэл одоогоор байхгүй. Шүүх, хуулийн байгууллага цуутай тамирчны өв хөрөнгийг бүртгэх амаргүй даалгавартай тулж байна.

Celebrity Net Worth фирмээс мэдээлж буйгаар, Марадона амьдралынхаа туршид 500 сая долларын хөрөнгөтэй болсон гэжээ. “Марадона тоглогч, дасгалжуулагчийн хувиар цалин, ивээн тэтгэгчдийн шагнал, урамшуулал хэлбэрээр хэдэн зуун сая доллар олсон. 1980-аад оны эхээр тэрээр дэлхийн хамгийн өндөр цалинтай тамирчны нэг байсан. Цалин, Hublot, Puma, Coca-Cola компанитай байгуулсан гэрээнээс хэдэн арван сая долларын шагнал, урамшуулал авч байсан” хэмээн алдар, цуутай хүмүүсийн эд хөрөнгийг тооцох тал дээр мэргэшсэн АНУ-ын цахим сайт баталж байна. Энэ талаар мэргэшсэн бусад сайт нэрт хөлбөмбөгчийн үлдээсэн хөрөнгө хавьгүй бага, 75-100 сая долларт эргэлдэнэ хэмээн үзэж байна.

Марадона хэдэн хүүхэдтэй вэ?

Марадона амьдралынхаа туршид таван хүүхдийг өөрийн хүүхэд хэмээн хүлээн зөвшөөрчээ. Бараг 20 жил хамт амьдарсан, цорын ганц хууль ёсны эхнэр Клаудиа Вияафаньегээс гарсан Дальма, Жианина охид. Хоёр охин нь Рома, Бенжа хэмээх зээ төрүүлж өгсөн билээ.

Нэг хэсэг хамтран амьдарсан Вероника Охеда 2013 онд Марадонагийн хүүг (Диего Фернандо) төрүүлжээ. 1996 онд итали бүсгүй Валериа Сабалайнаас мэндэлсэн Жанаг өөрийн охин гэдгийг 2014 онд хүлээн зөвшөөрсөн юм. Мөн 32 жилийн өмнө Наполид итали бүсгүй Кристиана Синагратай үүсгэсэн амраглалаас Диего Марадона Жуниор хэмээх хүү нь мэндэлжээ.

Марадонагийн өмгөөлөгч Матиас Морла 2019 онд нэгэн ярилцлага өгөхдөө, нэрт хөлбөмбөгчийн гурван хүүхэд Кубад бий хэмээн ярьсан юм. Марадона 2000, 2005 онд Кубад хэсэг байхдаа хоёр ч куба бүсгүйтэй романс үүсгэж, тэд гурван хүүхдийг нь төрүүлсэн нь 2004 оноос хойш ил болсон хэмээн мэдээлж байна.

 

Эх сурвалж: https://www.lanacion.com.ar/