Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

“Монгол” нэрийг хараалын үг болгон ашигласан тамирчны асуудлаар Сиеменс компани хариу захидал ирүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Макс Верстаппен

Өнгөрсөн сард Португаль улсад болсон Formula One авто уралдааны үеэр Нидерландын тамирчин Макс Верстаппен алдаа гаргаж, өөрт нь саад учруулсан өрсөлдөгч тамирчин руу радио нэвтрүүлгээр дайрч давшлахдаа “Mонгол” нэрийг хараалын үг болгон ашигласан тухай бид мэдээлсэн билээ.

Энэ явдлын дараа Монгол улсаас НҮБ болон Дэлхийн Худалдааны Байгууллагад суудаг элчин сайд Лүндэгийн Пүрэвсүрэн тамирчны харьяалагддаг Red Bull багийн удирдлагууд, ивээн тэтгэгчид, түншүүдэд уучлал гуйхыг шаардсан захидал илгээсэн юм.

Тэгвэл саяхан Red Bull компанийн техникийн түншүүдийн нэг Германы Сиеменс компаниас Л.Пүрэвсүрэнд хариу захидал ирүүлжээ.

Захидалдаа Сиеменс компани аливаа хувь хүн, бүлэг хүмүүсийг угсаа гарал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, доромжлох явдлыг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдээд болсон явдалд санаа зовж буйгаа Red Bull багт тодорхой илэрхийлсэн тухай мэдээлсэн байна.

Үүний үр дүнд Red Bull баг дахин ийм явдал гаргахгүй байх арга хэмжээг авч, тамирчин Верстаппен олон нийтийн өмнө уучлал гуйсан тухай мэдэгджээ.

Монгол улсын соёлын элч Ж. Өнөрмаа твиттер хуудсандаа Монголын засгийн газрын захидалд хариу илрүүлсэн Сиеменс компанид талархал илэрхийлсэн боловч Нидерландын тамирчин өнөөдрийг хүртэл олон нийтийн өмнө уучлал гуйгаагүй байгааг бичсэн байна.

Түүний үзэж байгаагаар Red Bull багийн удирдлага ивээн тэтгэгчид, түншүүддээ Верстаппен уучлал гуйсан тухай худал мэдээлэл өгсөн байж болзошгүй гэнэ.

“Макс Верстаппен олон нийтийн өмнө уучлал гуйсан гэх мэдээлэл үнэнд нийцэхгүй байна. Монгол улсын засгийн газар уучлал гуйхыг нь одоо болтол хүлээж байгаа” гэж Ж.Өнөрмаа Британийн formula1news сайтад ярьжээ.

Тэрбээр Монголын тал тамирчныг уучлал гуйх хүртэл тэмцлээ үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгааг энэ үеэр хэлсэн байна.

 

 Эх сурвалж: formula1news.co.uk