Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

“Монгол” нэрийг хараалын үг болгож ашигласан Formula One-ийн тамирчинд хариуцлага тооцохыг хүсжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Макс Верстаппен

Өнгөрсөн долоо хоногт Португальд болсон Formula One World Championship уралдааны дараа Red Bull багийн тамирчин, Нидерландын Макс Верстаппен бусдыг гутаан доромжлохдоо “Монгол” нэрийг ашигласан нь маргаан үүсгээд байгаа.

Тэрбээр Портимаогийн зам дээр бэлтгэл хийхдээ өрсөлдөгч тамирчин Лэнс Строллтой мөргөлдсөн юм. Энэ ослын дараа Верстаппен радиогоор өрсөлдөгч тамирчин руугаа дайрч давшлахдаа “What a retard. What a mongol” гэж харааж зүхсэн байна.

Дараа нь Верстаппен хэлсэн үгнийхээ төлөө харамсаж байгаагаа илэрхийлсэн юм.

Энэ явдлын дараа Монгол нэрний талаар буруу ойлголтыг арилгах зорилготой Mongol Identity байгууллагаас нээлттэй захидал илгээж, Нидерландын тамирчнаас уучлал гуйхыг шаардаж байв.

Тэгвэл Монгол улсаас НҮБ болон Дэлхийн Худалдааны Байгууллагад суугаа элч Лүндэгийн Пүрэвсүрэн уг асуудалд анхаарал хандуулж, Red Bull багийн удирдлагууд, Олон Улсын Автомашины Холбоо (FIA)-нд захидал бичжээ.

Тэрбээр захидалдаа “тэмцээний үеэр арьс өнгөний үзэл, ёс зүйгүй зан авир гаргасан Red Bull багийн тамирчин Макс Верстаппенд хариуцлага тооцно гэдэгт итгэлтэй байгаа”-гаа FIA-д илэрхийлсэн байна.

“Спорт бол дэлхий нийтийн эв нэгдлийн бэлгэдэл бөгөөд арьс өнгө, угсаа гарлаар ялгаварлах үзэл спортод ямар ч хэлбэрээр орших ёсгүй гэдэгт би итгэдэг” гэж тэр захидалдаа бичжээ.

Одоогоор Red Bull баг болон FIA-аас ямар нэг хариу өгөөгүй байна.

 

Эх сурвалж: AutoSport.com