Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Singapore Airlines компани сул зогссон нисэх онгоцоо рестораны зориулалтаар ашиглаж эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Сингапурын иргэний агаарын тээврийн компани цар тахлын улмаас сул зогсож буй нисэх онгоцоо рестораны зориулалтаар ашиглах санаачилга гаргасан нь үр дүнтэй болжээ.

Singapore Airlines компани зогсоолд буй Airbus A380 загварын нисэх онгоцондоо зоог барих үйлчилгээ гаргасан нь амжилттай болж, эхний хоёр өдрийн суудал захиалга нь хагас цагийн дотор дууссан байна.

Улмаар дахин хоёр өдрийн захиалга нэмж авахаар болж, хүлээлгийн жагсаалт үүсгэжээ.

Коронавирусийн цар тахлын улмаас дэлхийн агаарын тээврийн компаниуд сул зогсож, зардлаа нөхөх бизнесийн шинэ санаа хайж байгаа.

Singapore Airlines хоёр ширхэг Airbus A380 нисэх онгоцондоо зоог барих гурав, гурван цагийн хугацаатай хуваарь гаргажээ. Вирусийн халдвараас сэргийлэх журмын хүрээнд нэг ээлжинд онгоц бүрийн суудлын багтаамжийн талаас хэтрүүлэлгүй ашиглаж байгаа гэнэ.

Үйлчлүүлэгчид энгийн болон бизнес ангиллын суудлаас сонгож, хооллох үедээ кино үзэх боломжтой ажээ.

Нэг оройн хоолны үйлчилгээ $496 орчим үнэтэй ч эрэлт өндөр байгаа гэнэ. Singapore Airlines компани бас өөрийн логотой хоолны хэрэгсэл бүхий хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлсэн байна.

Тус компани эхлээд “хаашаа ч хүрдэггүй” аяллын үйлчилгээ нээхээр төлөвлөсөн ч дэмий шатахуун үрж, байгаль орчин бохирдуулна гэж шүүмжлүүлсэн учраас энэ санаагаа орхиж байжээ.

Энэ нь зөвхөн зугаалах зорилготой онгоцоор хөөрөөд хэсэг хугацааны дараа буцаж газардах үйлчилгээ байв.

Цар тахлын хор хохирол Singapore Airlines компанид хүнд тусаж байгаа. Өнгөрсөн сард тус компани ажиллах хүчнийхээ 20 орчим хувийг буюу 4,300 ажилтнаа цомхотгох болсноо зарласан юм.

Зарим агаарын тээврийн компаниуд дотоодын чиглэлээсээ орлого олж байгаа бол Сингапур хот улсын хувьд тийм боломж байхгүй ажээ.

 

Эх сурвалж: BBC