Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Айлын цонх руу санамсаргүйгээр буудаж, нуун дарагдуулсан хэргийг илрүүлэн шалгаж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт санамсаргүйгээр сум алдаж, айлын цонхыг нэвт буудсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ.

Тодруулбал, энэ сарын 10-ны өдрийн 20:34 цагт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны "Хүрхрээ" хотхонд “Тус хотхоны ..тоотын хоёр цонхыг нэвт буудчих шиг боллоо” гэсэн дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад иржээ.

Мэдээллийн дагуу шалгахад, "Хүрхрээ" хотхоны оршин суугч эрэгтэй 31 настай Э-ийн өвлийн сууцны хоёр давхрын хоёр цонхыг тус хотхонд оршин суух эрэгтэй 44 настай иргэн Г нь ангийн зориулалттай буугаар буудсан болох нь тогтоогдсон байна.

Иргэн Г нь бууны хоолой сумтай байсныг мэдэлгүй буудсан бөгөөд уг үйлдлээ нуун дарагдуулсныг алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, илрүүлжээ.

Энэ талаар албаны эх сурвалж "Эд мөрийн баримтаар ОХУ-д үйлдвэрлэсэн Сайга-М маркийн буу, сумны тугалган хошуу зэргийг хураан авсан бөгөөд тухайн буу нь бүртгэл зөвшөөрөлтэй байсан. Азаар суманд хүн оногдож, бэртэж гэмтээгүй" хэмээн мэдээлэв.

Хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн Гуравдугаар хэлтэс шалгаж байна.

Энэ сард сум алдсан өөр нэг хэрэг Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, энэ сарын 12-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд эрэгтэй хүн өөрийгөө буудсан хэрэг гарчээ.

21 настай эрэгтэй ОХУ-д үйлдвэрлэсэн ТОЗ-8 маркийн улсын бүртгэлгүй буугаар цээжин тус газартаа нэг удаа буудаж, амь насаа хохироосон уг хэргийг Ховд аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.

Галт зэвсгийн тухай хуулийн Гуравдугаар бүлэгт "Галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглах, бүртгүүлэх, хадгалах, хязгаарлах" талаар заасан байдаг.

Мөн хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Харин хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр тус тус зохицуулжээ.