Гадаадаас цахимаар худалдан авалт хийхдээ баталгаатай эх үүсвэр сонгохыг анхааруулав
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ танилцуулж байх үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг цахим залилантай холбоотой анхааруулга мэдээллийг өглөө.
Тэрбээр "Улс орнууд хилээ хязгаарласан энэ үед цахим худалдаа их нэмэгдсэн. Иргэд гадаад улсаас цахим худалдан авалт, гүйлгээ хийхдээ цахим залиланд өртөх явдал нэмэгдэж байна. Ялангуяа сүүлийн үед БНХАУ руу шилжүүлэг хийгээд бараа материалаа авч чадахгүй байна гэх гомдлууд ирж байгаа.
Гомдлын мөрөөр Гадаад харилцааны яам, Элчин сайдын яамтай хамтраад ажиллана. ЦЕГ-ийн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст энэ мэдээллийг хүргэж ажиллана.
Гэхдээ цахим залилан нь өөрөө илрүүлэх, хохирогчийн хохирлыг барагдуулахад хүндрэлтэй байдаг. Иймд иргэд албан ёсны баталгаатай эх үүсвэрээс цахим худалдан авалтаа хийхийг анхааруулж байна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

