Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Гонгор, Намсрай бурхны болон лусын бумбаны их тахилга ирэх Бямба, Ням гарагт болно

Т.Саран, iKon.mn
2020 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд Гонгор, Намсрай бурхны болон газар лусад зориулсан лусын бумбаны их тахилга есдүгээр сарын 5,6-нд болох гэж байна.

Тахилгад оролцох сүсэгтэн олныг есдүгээр сарын нэгнээс эхлэн өдөр бүр 09:00-18:00 цагийн хооронд бүртгэж байгаа тухай тус хийдээс мэдээллээ.

 Уг тахилга нь намрын дэлгэр цагт нэг л удаа болдог байна.

Өөрсдийн тахидаг бумба, шүтээн байвал авчирч тахиулах боломжтой

гэрэл зургийг MPA.mn

Тахилгад оролцох иргэдийг бүртгэх нь ямар учиртай талаар Гандантэгчинлэн хийдийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд "Сүсэгтэн олон гэр болон албан байгууллагадаа залсан бумбыг авчирч нэрээ бичүүлэн бүртгүүлээд их тахилгад жанлав оршоох учиртай. Ингэснээр үгүйрэл, хоосролыг арилгаж, эд баялгийг дуудаж байгаа юм. Тахилгад оролцох иргэдийг есдүгээр сарын 5-ныг хүртэл бүртгэнэ.

Мөн өөрсдийн тахидаг бумба, шүтээн байвал авчирч тахиулах боломжтой.

Их тахилгын үеэр коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд хүн хоорондын зай барих, амны хаалт зүүх, гараа ариутгах дэглэмийг баримтална.

Бага насны буюу 12-оос доош насны хүүхдийг оруулахгүй" гэв.

 

Намсрайн сан бумбаны тухай

Есөн хүслийн учрал, зуны их далай, шинийн саран мэт арвижин дэлгэрэх хүслийг хангагч чандмань эрдэнийн сан бумбыг залж хадгалсан хийд орон, гэр байшинд бурханы шашин өнө удаан орших, дээдсийн нас, өлмий батжих, мэргэн, ариун, сайн гурван зохиол үйлс арван зүгт дэлгэрэх, олон амьтны үгүйрэл хоосролын зовлон арилах, өвчин зовлонгүй, нас буян, цог учрал, эрх сүр, хийморь золбоо, шашин төрийн үйл дээш дээш арвижин гурван ертөнцийн тэнгэр, лус, хүмүүний идээ ундаа, эд таваар, төгс эдлэл бүхэн хурах шалтгаан бүрдэх бөгөөд энэ хойтын сайн бүхэн шамдалгүй аяндаа бүтэх тустай.

Намсрай нь болгомол алт мэт үзэсгэлэнт сайхан алтан шар өнгөтэй, нэг нүүрт, хоёр мутартай, барууун мутартаа эрднийн дүвааз, зүүндээ элдэв эрднээр бөөлжигч хулгана барьсан, хэвтэж буй арслангийн дээр хагас завилан суусан, амнаас нь эрднийн хур бууж хоосон ядуусын зовлонг арилгах, элдэв үнэт эрднийн чимэг биедээ зүүсэн байдлаар ертөнцийн хойд зүгт эд агуурсын санг хариуцсан найман түшмэлийн хамтаар оршино.

Бумбыг шүтээн болгон залсан хүмүүний хийх зүйлс:

Намсрай сахиусанд юу санасан хүсэл номын ёсоор бүтэхийг залбиран УМ ВЭ ШАРВА НАЕЭ СУХА гэж сайтар сүсэглэн, хамаг амьтан ядуугийн зовлонгоос гэтэлж  жаргалын шалтгаан лугаа учрах болтугай хэмээн сэтгэлийг үүсгэж эл тарнийг олон тоотойгоор өдөр бүр урьж уншигтун.

Бумбандаа  өдөр бүр цай сүү, хоол ундныхаа  тахил дээж, зул зэргийг өргөж байвал зохилтой.

Намсрай болон Намсрайн бумба тахиж буй хүмүүн хар малгай, хар хувцас, үхэгсдийн хувцас үл өмсөх, хар морь унах хийгээд хар дэвсгэрт үл шүтэх, морь, илжигний мах үл идэх, бэлэвсэн эмийн идээг үл идэх, цуурч, эмтэрсэн аяга, сав үл хэрэглэх болой.

Бумбыг хэрхэн залж байрлуулах вэ?

Гонгор, Намсрайн бумбыг шүтээн болгож залахдаа дотор талыг нь сайтар цэвэрлэж ариутгасан хайрцаг, авдар, гүнгэрваа зэрэг битүү саванд будаагаар нар зөв эргэсэн юндэн буюу нар зөв эргэсэн хас тэмдэг хийж түүний дээр хөдөлгөөнгүй, хазгай бус, нүүрэн талыг бурхдыг залах лугаа адилаар зөв хандуулж  хүний нүднээс далд, даллаганы сумны хамтаар зална.

Бумбыг таван өнгийн хадаг болон дан хадгаар нар зөв эргүүлэн өлгийдөж залж болох ба хадгаар дээгүүр нь бүтээж болно. Бумбаа цэвэр цэмцгэр зална.

Гонгорын сан бумбаны тухай

Есөн хүслийн учрал, зуны их далай, шинийн саран мэт арвижин дэлгэрэх хүслийг хангагч чандмань эрдэнийн сан бумбыг залж хадгалсан хийд орон, гэр байшинд бурханы шашин өнө удаан орших, дээдсийн нас, өлмий батжих, мэргэн, ариун, сайн гурван зохиол үйлс арван зүгт дэлгэрэх, олон амьтны үгүйрэл хоосролын зовлон арилах, өвчин зовлонгүй, нас буян, цог учрал, эрх сүр, хийморь золбоо, шашин төрийн үйл дээш дээш арвижин гурван ертөнцийн тэнгэр, лус, хүмүүний идээ ундаа, эд таваар, төгс эдлэл бүхэн хурах шалтгаан бүрдэх бөгөөд энэ хойтын сайн бүхэн шамдалгүй аяндаа бүтнэ. Зүг нь зүүн урд зүгт орших болой.

Арван зүгийн гурван цагийн хамаг бурхдын нигүүлсэхүйн эрдмийг нэг дор эрхшээгч Аръяабал, түүний хувилгаан дүр Цагаан Гомбо буюу Гонгор нь нэг нүүртэй, зургаан мутартай, хоёр өлмийт, баруун талын дээд мутартаа чандмань эрдэнэ, дунд мутартаа  үгүйрэл ядуурлыг үндсээр нь тасдагч тонгорог барьсан, доод мутартаа дамар барьсан, зүүн талын эхний мутарт эрдэнийн гавал бумба, удаахь мутартаа эрхэнд хураагч гурван үзүүрт, гурав дахь мутарт муу заяанаас татагч гох дэгээг тус тус барьсан, тэнгэрийн эдлэлээр бүтсэн сайн хувцсыг соёрхсон, тэргүүн, хоолой, чихэндээ эрдэнийн чимэгтэй, энэрлийн их сан, үгээгүйн зовлонг арилгагч эрдэмт, эрдэнэсийн их эзэн болой.

Бумбыг шүтээн болгон залсан хүмүүний хийх зүйлс:

Гонгор бурханд хүслээ хэлэн залбирч даатгаад хамаг амьтны тус тулд УМ ГҮРҮ МАХА ГАЛА ХАРИНИ СИДИ ЗА тарнийг олон тоотойгоор урьж унших болой. Бумбандаа  өдөр бүрийн цай сүү, хоол ундныхаа дээж, зул хүж зэргийг тахил болгон өргөж байх нь сайн болно.

Гонгор нь энэрлийг эрхшээгч их нигүүлсэхүйн эрхт сахиус мөн тул түүнд шүтэж эд баялгийг олооч нь ядарсныг тэтгэх, зовсныг энэрэгч, аль чадахаараа өглөгт хичээгч зэргээр бусдын тулд бодь сэтгэлийг үүсгэн буян үйлдэгч байвал нэн сайн. Үл мэдэх, үл сүсэглэхийн гэмийг тэвчвэл зохилтой.

Бумбыг хэрхэн залж байрлуулах вэ?

Гонгор, Намсрайн бумбыг шүтээн болгож залахдаа дотор талыг нь сайтар цэвэрлэж ариутгасан хайрцаг, авдар, гүнгэрваа зэрэг битүү саванд будаагаар нар зөв эргэсэн юндэн буюу нар зөв эргэсэн хас тэмдэг хийж түүний дээр хөдөлгөөнгүй, хазгай бус, нүүрэн талыг бурхдыг залах лугаа адилаар зөв хандуулж  хүний нүднээс далд, даллаганы сумны хамтаар зална.

Бумбыг таван өнгийн хадаг болон дан хадгаар нар зөв эргүүлэн өлгийдөж залж болох ба хадгаар дээгүүр нь бүтээж болно. Бумбаа цэвэр цэмцгэр зална.