Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр 90 нас хүрч байгаа Уоррен Баффетын ЭШЛЭЛҮҮД

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Манай гарагийн хамгийн баян эрхмүүдийн нэг, Berkshire Hathaway компанийн гүйцэтгэх захирал Уоррен Баффет өнөөдөр буюу Ням гарагт 90 нас хүрч байна.

“Омахагийн зөнч” гэж алдаршсан домогт хөрөнгө оруулагч нь Америкийн топ 500 компанийн хамгийн өндөр настай, хамгийн урт хугацаанд ажиллаж буй гүйцэтгэх захирал юм.

Түүний 1965 онд байгуулсан Berkshire Hathaway өнөөдөр бизнесийн олон салбарт хувь эзэмшилтэй $500 тэрбумын аварга компани болоод байна.

Тус компанийн эзэмшилд Apple-ийн $127 тэрбумын үнэлгээтэй 5.7 хувь, Bank of America банкны $27 тэрбумын үнэлгээтэй 12 хувиас гадна Coca Cola, Kraft Heinz, JPMorgan зэрэг олон компанийн тэрбумаар хэмжигдэх хувьцаанууд байдаг.

Баффет санхүүгийн хямралын үеэр Goldman Sachs, General Electric, Harley Davidson зэрэг олон компанийг аврах томоохон гэрээнүүдийг байгуулж байв.

Сүүлийн 14 жилийн хугацаанд тэр нийт $37 тэрбумыг буяны байгууллагад хандивлажээ.

Ингээд домогт хөрөнгө оруулагчийн хэлсэн үгнүүдээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

  • Урьд нь хэн нэгэн мод тарьсан учраас чи өнөөдөр сүүдэрт нь сууж байгаа
  • Мэдэхгүй зүйлээ хийж байгаа үед эрсдэл ирдэг
  • Дүрэм нэг: хэзээ ч мөнгөө бүү алд, дүрэм хоёр: дүрэм нэгийг хэзээ ч бүү март
  • Чиний өгч байгааг төлбөр гэнэ. Чиний авч байгааг үнэ цэнэ гэнэ.
  • Бороо орохыг таах чухал биш. Оромж босгох нь чухал.
  • Амьдралдаа хэдэн хүнээр хайрлуулахыг хүссэнээс хэдээр нь хайрлуулж чадав гэдэг л амжилтын хэмжүүр юм гэж миний насан дээр ирээд ойлгоно.
  • Алгуур живж байгаа завин дээр яваа бол завиа солиход гаргах зардал нь завиа нөхөхөд гаргах зардлаас илүү өгөөжтэй.
  • Өөрөөсөө сайн хүмүүстэй ажиллавал чи өөрөө тэр чиглэлд өөрчлөгдөнө.
  • Нэр хүндийг бий болгоход 20 жил шаарддаг бол түүнийг үгүй хийхэд 5 минут хангалттай. Үүнийг бодож үзсэний дараа чи юмсыг өөрөөр хийж эхэлнэ.
  • Бэлэн мөнгө хадгалж байгаа хүмүүс санаа зовох ёстой. Тэд нүдэнд харагдах юу ч өгөхгүй хэрнээ элэгдэх нь гарцаагүй, урт хугацаанд аюул авчрах хөрөнгө хадгалж байна гэсэн үг.
  • Цаг хугацаа бол сайн компаний хувьд нөхөр, тааруу компаний хувьд бол дайсан.
  • Би үнэтэй хослол худалдаж авдаг. Харин намайг өмсөхөөр хямдхан харагддаг юм.
  • Өнөөдрийн хөрөнгө оруулагч өчигдрийн өсөлтөөс ашиг олдоггүй.
  • Бид байнгын тодорхойгүй ертөнцөд амьдардаг. Ганц тодорхой зүйл бол АНУ үргэлж урагшлах болно.
  • Миний насан дээр чамайг хүмүүс хүндлэхгүй бол банканд хэр их мөнгөтэй байхаас үл хамааран амьдрал чинь там болно.
  • Би баян болно гэдгээ мэддэг байсан. Үүнд би ганц ч хором эргэлзэж байгаагүй.
  • Олон тэрбумтныг харж байхад мөнгө тэдний үндсэн зан чанарыг л ил гаргадаг. Тэд мөнгөтэй болохоосоо өмнө новшийн амьтан байсан бол дараа нь зүгээр л тэрбум доллартай новшийн амьтан болно.
  • Манай оронд амьдралаа сайжруулахыг хүссэн 309 сая хүн байна. Харин бидэнд үүнийг нь дэмжидэг систем байгаа.
  • Би 7 футын өндөр хашаан дээгүүр харайх гэж оролдохгүй. Харин өөрийн алхаж чадах 1 футын өндөр хашааг л хайх болно.
  • Миний хийсэн хамгийн сайн зүйл бол зөв баатраа сонгосон явдал.