Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Баярсайхан: “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК дээр нийт 199 хувьцаат компани бүртгэлтэй, 2.5 их наяд төгрөгийн үнэлгээтэй байна

Т.Саран, iKon.mn
2020 оны 8 сарын 24
iKon.MN
 

Монгол Улсын Их Хурлаар “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг хэлэлцэж байгаатай холбогдуулан манай орны хөрөнгийн зах зээлд тулгамдаж буй асуудлын талаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхантай ярилцлаа.

- Санхүүгийн зохицуулах хорооноос сүүлийн үед хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр хийгдэж буй ажлын талаар ярилцлагаа эхэлье.

- Хөрөнгийн зах зээл бол аливаа улс орнуудын, ялангуяа хөгжсөн орнуудын санхүүгийн системийн гол зах зээл байдаг боловч манай улсын хувьд банкны салбар нь нийт санхүүгийн системийн 90 гаруй хувийг эзэлсэн буюу санхүүгийн салбар банкны салбараас хэт хамааралтай явж ирсэн. Ийм учраас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, эдийн засаг, санхүүгийн системд үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх нь манай байгууллагын гол анхаарлаа хандуулж байгаа салбар гэдгийг хэлэх нь зүйтэй байх. 

Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх ажлын хүрээнд бид нэлээдгүй олон ажлыг төлөвлөсөн, үүнээс зарим арга хэмжээнүүд маань амжилттай хэрэгжиж эхлээд байна. Тухайлбал, энэ он гарсаар бид хөрөнгийн зах зээлд зайлшгүй шаардлагатай, олон жил ажил хэрэг болж чадаагүй байсан үнэт цаасны дараа төлбөр тооцооны горим, төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчмыг буюу үнэт цаасны арилжааны суурь дэд бүтцийн шинэчлэлийг Сангийн яам болон мэргэжлийн бусад байгууллагуудтай хамтран зах зээлд амжилттай нэвтрүүлж чадсан. Ингэснээр манай улсын үнэт цаасны арилжааны горим олон улсын стандарт, гадны томоохон хөрөнгө оруулагчдын тавьдаг гол шаардлагад нийцэж, цаашлаад Монголын Хөрөнгийн бирж Англи улсын Лондонгийн хөрөнгийн биржийн FTSE индексийн Хөгжиж буй зах зээлийн ажиглалтын жагсаалт болон бусад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн индексүүдэд багтах, гадны томоохон мэргэжлийн хөрөнгө оруулагчид манай хөрөнгийн зах зээл рүү хөрөнгө оруулах суурь боломж бүрдэж байгаа юм.

Мөн ногдол ашиг тараахтай холбоотой ялангуяа жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашиг зөрчигдөхөөс сэргийлж хувьцаат компаниудыг ногдол ашгаа “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-аар нэгдсэн байдлаар тараахаар зохицуулаад байна. 

Хамгийн сүүлд үнэт цаасны хил дамнасан арилжаа, бүртгэлийг зохицуулж байгаа хүмүүсийн хэлж сурснаар үнэт цаасны давхар бүртгэлийн болон хадгаламжийн бичгийн зохицуулалтын журмуудыг шинэчлэн баталсан. Энэ нь хөрөнгийн зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага болон хөрөнгө оруулагчдын дунд давхар бүртгэл, бирж хоорондын хувьцааны арилжаатай холбоотой үүсээд байсан хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэсэн чухал бодлого, зохицуулалтын алхам болж чадсан. Мөн Хөрөнгийн зах зээлийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр Сангийн яам, салбарын мэргэжлийн оролцогчидтой хамтран Үнэт цаасны зах зээлийн тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль зэрэг суурь хуулиудад шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг оруулахаар хуулийн төслийг боловсруулаад байна.

Энэ мэтчилэн бид хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр багагүй ажлуудыг хийж, цаашид хийхээр олон ажил төлөвлөсөн байгаа. Үүний хажуугаар дэлхий нийтийг хамарсан цар тахал өвчин дэгдсэнтэй холбоотой эдийн засаг маш тодорхойгүй нөхцөл байдалд байгаа энэ үед бид зах зээлийн цаг үеийн нөхцөл байдалд тохирсон арга хэмжээнүүдийг цаг тухай бүр шуурхай авч ажиллаж байгаа гэдгийг мөн хэлье.

- Өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барьсан “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийн төсөлд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх талаар тусгасан байсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү. 

- Манай санхүүгийн системд банкны салбар дангаар шахуу ноёлж байгаа нь системийн эрсдэлийг нэгэнт бий болгоод байна. Иймд санхүүгийн салбарын гурван тулгуур болох банкны буюу мөнгөний зах зээл, хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээлийн санхүүгийн системд эзлэх хувийг зохистой түвшинд хүргэн тэнцвэржүүлэх, зээлийн хүүг буруулахад эдийн засаг, санхүү, хууль эрх зүйн орчинг цогцоор нь бүрдүүлэх зүй ёсны шаардлага бидний өмнө тулгараад байна.

Энэ ч утгаараа Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийн төсөлд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, санхүүгийн зах зээлд шударга өрсөлдөөнийг бий болгох замаар санхүүжилтийн зардлыг бууруулах чиглэлээр авах арга хэмжээг нарийвчлан тусгасан.

Эдгээр арга хэмжээг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо бүрэн эрхийн хүрээнд хариуцан шат дараатайгаар хэрэгжүүлэхээр заасан. Ялангуяа санхүүгийн зах зээлд өрсөлдөөнийг бий болгох, хямд, урт хугацаатай эх үүсвэрийг бүрдүүлэх нөхцөл, шаардлагыг шинээр хуульчлан тогтоох зэрэг хууль эрх зүйн шинэчлэлийн саналыг боловсруулах чиг үүргийг хүлээх юм.  

Тухайлбал, энэхүү стратегийн хүрээнд үнэт цаас гаргагч болон хөрөнгө оруулагчдад татварын таатай нөхцөл бүрдүүлэх, хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагуудын шимтгэл, хураамжийг бууруулснаар зах зээлд оролцогчдын хэлцлийн зардлыг бууруулах, компанийн бонд гаргах үйл явцыг хөнгөвчлөн биржийн болон биржийн бус зах зээлд арилжих нөхцөлийг бүрдүүлэх, тэтгэвэр, даатгал, үндэсний хуримтлалын зэрэг сангийн хөрөнгийг хөрөнгийн зах зээлд оруулах замаар мэргэжлийн хөрөнгө оруулагчдын бааз суурийг нь нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлнэ. Эдгээр арга хэмжээ нь бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн өртгийг бууруулах, хөрөнгө оруулагч хадгаламжаас өндөр өгөөж хүртэх боломжийг нээж өгснөөрөө санхүүгийн системд банктай өрсөлдөхүйц бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох зорилготой.

Эрсдэл талаасаа харвал, зээлийн хүүг бууруулах стратегийг хэрэгжүүлэх явцад гадаад нөхцөл, дотоодын тогтвортой байдал, ялангуяа иргэдийн сахилга бат, зах зээлд оролцогчдын ёс зүйн хэм хэмжээ зэрэг нь хэрэгжилтэд зохих нөлөөллийг үзүүлэх тул зээлийн хүүг бодитойгоор бууруулах зорилго хэрэгжихэд төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын болоод тус бүрийн идэвх зүтгэл, чармайлт голлох үүрэгтэй болохыг чухалчлан онцолмоор байна. 

- Хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд иргэд, олон нийтэд зах зээлд итгэх итгэл, ойлголтыг сайжруулах ажил чухал байх?

Анх хөрөнгийн зах зээлийн суурийг төрөөс хэрэгжүүлсэн өмч хувьчлалын хүрээнд бий болгохдоо зах зээлийн суурь асуудлуудыг орхигдуулсан, олон нийтэд чөлөөт зах зээлийн талаар мэдлэг, мэдээллийг хүргэх ажил дутуу хийгдсэн нь иргэд, хөрөнгө оруулагчдын хөрөнгийн зах зээлд итгэх итгэлд шууд сөргөөр нөлөөлсөн гэж үзэхээр байна. Мэдээж тухайн үед өмч хувьчлалын хэрэгцээ, шаардлага, оносон зүйл ч байгааг үгүйсгэж болохгүй. 

Бид хөрөнгийн зах зээлийн суурь дэд бүтэц, компанийн засаглал, ил тод байдал, зохицуулалтын дүрэм журмуудаа олон улсын сайн жишиг, дотоодын онцлогт нийцүүлэн бүрдүүлж, зах зээлийг нээлттэй, шударга, үр ашигтай болгох, тогтвортой хөгжүүлэх зорилгын хүрээнд шаардлагатай ажлуудыг системчлэн төлөвлөсөн нь хэрэгжиж эхлээд байна.

Иргэд, олон нийтийн хөрөнгийн зах зээлд итгэх итгэл, ойлголтыг сайжруулах ажлын тухайд, олон улсын практикт юуны өмнө бонд буюу энгийн бүтэцтэй өрийн хэрэгслийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж, иргэд, хөрөнгө оруулагчдад хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголтыг өгснөөр хөрөнгийн зах зээлд итгэлцлийг бий болгосны үндсэн дээр бусад бүтээгдэхүүнийг зах зээлд хөгжүүлэх арга түгээмэл ашиглагдсан байдаг. Компаниуд хөрөнгийн зах зээл дээр бонд гаргаснаар банкны зээлийн адил санхүүжилтийн хэрэгцээгээ хангах, зээлийн хүүгээс бага зардлаар олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэх зэрэг боломжийг компанид олгодог давуу талтай.

Харин хөрөнгө оруулагчдын хувьд бонд нь банкны хадгаламжтай адил энгийн бүтэцтэй бүтээгдэхүүн болохоос гадна хадгаламжаас өндөр өгөөж хүртэх боломжтой. Мөн нээлттэй зах зээлээс худалдан авсан бондын купоны татвар нь хадгаламжийн хүүгийн татвараас 50 хувиар бага байдаг. Ер нь компанийн бондын зах зээлийг хөгжүүлснээр зах зээл дээр хөрөнгө оруулах бүтээгдэхүүний тоо, төрөл нэмэгдэх, хөрвөх чадвар дээшлэх эерэг талуудыг бий болгоно. 

Иймд бид эхний ээлжинд бондын биржийн болон биржийн бус зах зээлийг хөгжүүлэхэд түлхүү анхаарч, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Энэ ч утгаараа энэ удаагийн зээлийн хүүг бууруулах стратегийн төсөлд бондын зах зээлийг хөгжүүлэх ажлыг бид тусгайлан оруулж өгсөн.

Мөн иргэд, олон нийтэд хөрөнгийн зах зээлд итгэх итгэл, ойлголтыг сайжруулахад төрийн зохицуулагч байгууллагаас гадна зах зээлийн гол оролцогчид болох мэргэжлийн холбоод, дэд бүтцийн болон мэргэжлийн байгууллагуудын үүрэг оролцоо их чухал гэдгийг онцлох нь зүйтэй. Энэ ч утгаараа Хорооны зүгээс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг салбар тус бүрт идэвхжүүлсэн.

- Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын засаглалын бүтэц, түүний үйл ажиллагаа, тайлагналын ил тод байдал сул, хувьцааны төвлөрөл их, хөрвөх чадвар муу зэрэг нийтлэг шүүмжлэл гарч байдаг. Ялангуяа төрийн өмчтэй компаниудын тухайд энэ асуудал ямар түвшинд байна вэ?

- Маш чухал сэдвийг хөндсөн асуулт байна. Би өмнө хэлсэнчлэн хөрөнгийн зах зээлийн хөгжилд зах зээлийн дэд бүтцийн байгууллагууд, тэр дундаа хөрөнгийн биржийн үйл ажиллагаа маш чухал нөлөөтэй юм. Энэ оны хагас жилийн байдлаар “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК дээр нийт 199 хувьцаат компани бүртгэлтэй, нийт 2.5 их наяд төгрөгийн үнэлгээтэй байна. Үүнээс 30 компани нь нийт үнэлгээний 90-ээд хувийг эзэлж байгаа бол нийт хувьцааны арилжааны үнийн дүнгийн 92 орчим хувийг 20 компанийн хувьцаа эзэлж байна.

Арилжааны идэвх муу байхад суурь олон хүчин зүйл нөлөөлж байна. Тухайлбал, таны асууснаар өмч хувьчлалаар үүссэн, хувьцааны төвлөрөл ихтэй компаниудаас гадна төрийн 100 хувийн өмчтэй компаниуд ихээхэн нөлөөлж байдаг. Жишээлбэл төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой нийт 28 хувьцаат компани байгаагаас 100 хувь төрийн өмчит 18 хувьцаат компани байна. Эдгээр төрийн өмчит компаниуд биржид бүртгэлтэй боловч хувьцаа нь биржээр арилжаалагддаггүй, тайлан тэнцлээр хөрөнгийн нийт дүн нь 4 их наяд гаруй төгрөг боловч зах зээлийн үнэлгээнд орж тооцогдох боломжгүй байдаг. 

Саяхан Улсын Их Хурлаас батлагдсан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэн, өмч хувьчлалыг үе шаттай, үр дүнтэй явуулна гэж оруулсан, мөн Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина гэж заасан байдаг. Эдгээр стратегийн орд газрууд болон төрийн өмчит томоохон компаниудыг хувьчилж, хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаа нь арилжаалагдах тохиолдолд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, арилжааны хэмжээ, хөрвөх чадвар нэмэгдэх, улмаар хувьцааны төвлөрөл буурах зэрэг олон эерэг үр дүн гарна.

Төрийн өмчийг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй хувьчлах нь цаашид компанийн засаглал, мэдээллийн ил тод байдал сайжрахын хэрээр ашигт ажиллагаа нэмэгдэх, цаашлаад хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд томоохон алхам болно гэж харж байна. Мэдээж төрийн өмчит компанийг хувьчлахдаа эхлээд компанийн засаглалыг хөгжүүлэх, мөн зах зээлийн үнэлгээг зөв тогтоохоос эхлээд төрийн өмчид үлдэх, стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийтэд санал болгох хувьцааны хэмжээг зөв тогтооход анхаарах нь чухал юм.

- Төрийн өмчийг хувьчлахад ямар зарчмыг баримтлах нь зүйтэй байдаг юм бол? Танай салбарын зохицуулалтад байдаг компаниудаас “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийг хувьчлах асуудал өмнө яригдаж байсан.

- Өмнө хэлсэнчлэн компанийн засаглал, мэдээллийн ил тод байдал сайжрахаас гадна олон улсын судалгаанаас харахад тухайн салбараас үл хамааран үйл ажиллагааны зардал буурах, улсад төлөх татвар нэмэгдэх, төрөөс олгох татаас буурах, сүүлийн үеийн дэвшилтэд техник, технологи, инноваци нэвтрэх, үйлчилгээний чанар сайжрах, бүтээмж нэмэгдэх зэрэг олон давуу талууд бий болдог. Гэсэн хэдий ч стратегийн болон системийн ач холбогдолтой, үндэсний аюулгүй байдалд нөлөө үзүүлж болзошгүй компаниудыг тусгайлан авч үзэж, эрсдлийг тооцож үнэлсний үндсэн дээр тодорхой зарчмыг баримталж хувьчлах нь зүйтэй.

Харин хөрөнгийн бирж буюу арилжаа эрхлэх байгууллагын үйл ажиллагаа нь аливаа улсын эдийн засгийн чадавх, хэтийн төлөвийг харуулах чухал үзүүлэлт болдог. Эхэн үедээ ихэнх арилжаа эрхлэх байгууллагууд ашгийн бус, гишүүдийнхээ эзэмшлээс бүрддэг байсан бол 1990-ээд оноос эхлэн биржүүд бүтцийн болон үйл ажиллагааны ихээхэн өөрчлөлт хийсэн байдаг. Үүний тод жишээ нь demutualization буюу ашгийн бус, гишүүдийн эзэмшлийн хэлбэрээс ашгийн төлөө, хөрөнгө оруулагчийн эзэмшлийн хэлбэрт шилжих хандлага юм. 

Өөрөөр хэлбэл биржийн үйл ажиллагаа нь өөрийн гишүүдийн шийдвэрээс хамааралтай бус харин хөрөнгө оруулагчдаас хамааралтай буюу илүү хувийн компанийн шинжтэй тогтолцоо руу шилжсэн байдаг. Тухайлбал, хамгийн анх 1993 онд Стокгольмын хөрөнгийн бирж ийнхүү шилжиж байсан бол Хельсинкийн бирж, Копенгагений бирж, Амстердамын бирж, Австралийн бирж, Торонто, Лондон, Германы биржүүд дараах нь шилжсэн байдаг.

Харин манай улсын хувьд өмч хувьчлалыг хэрэгжүүлэхээр үйлдвэрийн газруудыг хувьцаат компани болгон өөрчилж, тэдгээрийн хувьцааг ХОЭБ-ээр худалдаалах ажлыг зохион байгуулахаар 1991 онд Хөрөнгийн биржийг анх байгуулснаараа дээр дурдсан гишүүдийн эзэмшлийн бүтэцтэй хөрөнгийн биржүүдээс ялгаатай юм. “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь одоогийн байдлаар 100 хувь төрийн өмчтэй буюу нэг л хувьцаа эзэмшигчтэй. Энэ нь нэг талдаа засаглалын хувьд эрсдэл үүсгэж байдаг.

- Хэрэв хөрөнгийн биржийг хувьчлахаар бол хэрхэн хувьчлах нь зүйтэй вэ?

Зарим улсад хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх, биржийн үйл ажиллагаагаа олон улсын түвшинд хүргэхээр өндөр хөгжсөн бусад улсын хөрөнгийн биржүүдтэй хамтран ажиллаж, стратегийн гол хөрөнгө оруулагчаа болгон ажилладаг туршлага байдаг. Тухайлбал, хөрөнгийн бирж нь үүсгэн байгуулагдаад удаагүй байсан Лаос, Камбож зэрэг улсуудын Засгийн газар хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх чиглэлээр Солонгосын хөрөнгийн биржтэй техник, санхүүгийн тусламж авах гэрээ байгуулж байсан бөгөөд өнөөгийн байдлаар Солонгосын хөрөнгийн бирж нь Лаосын хөрөнгийн биржийн 49 хувь, Камбожийн хөрөнгийн биржийн 45 хувийг тус тус эзэмшдэг.

Мөн Мьянмар Улсын Янгоны хөрөнгийн бирж нь ердөө 5 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан бөгөөд Япон Улстай байгуулсан Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Японы хөрөнгийн бирж (Japan Exchange group Inc), Дайва судалгааны институт (Daiwa Institute of Research Ltd.), Мьянма Эдийн засгийн банк (Myanma Economic bank) хамтран үүсгэн байгуулсан. Өнөөдрийн байдлаар тус биржийн 51 хувийг Мьянма Эдийн засгийн банк, 30.25 хувийг Дайва судалгааны институт, 18.75 хувийг Японы хөрөнгийн бирж эзэмшиж байна.

Харин “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийг хувьчлахаар Улсын Их Хурал, Засгийн газраас шийдвэрлэсэн тохиолдолд дээрх зарчмаар явж болох боловч төрийн эзэмшилд байх хувь болон стратегийн хөрөнгө оруулагчдад эзэмшүүлэх хувийг оновчтой тогтоож, үлдсэн хувийг олон нийтэд санал болгох замаар хувьцааг нь нээлттэй арилжих нь зүйтэй болов уу.

Хамгийн гол нь хөрөнгийн биржийн хувьчлал манай улсын хөрөнгийн зах зээлийн хөгжилд түлхэц өгсөн, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц биржийн тогтолцоог хөгжүүлэхэд чиглэгдсэн байх нь чухал юм.

- Ярилцсанд баярлалаа.