Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын сонгуульд хэрэглэх гэж 1.7 тэрбум төгрөгөөр амны хаалт худалдан авжээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

COVID-19 цар тахлаас сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарцуулж буй улсын төсвийн хөрөнгө, гадаадын тусламж, дотоодын хандивын зарцуулалтад "Захиргааны шинэ санаачилга" ТББ-аас мониторинг хийжээ.  

Тэгвэл энэхүү мониторингийн зарим онцлох мэдээллээс өнөөдөр танилцууллаа.

Мониторингийн явцад Онцгой байдлын ерөнхий газрын веб сайт дахь мэдээллийг эх сурвалж болгон, долдугаар сарын 23-нд гаргасан тайланг нь ашигласан аж. Тайланд гурван хандивын талаар мэдээлжээ. Үүнд,  

  1. 3.3 тэрбум төгрөг - 323 ААН, 241 иргэнээс мөнгөн хэлбэрээр   
  2. 3.2 тэрбум төгрөг - 70 ААН, 2 иргэн материаллаг байдлаар 
  3. 800 толгой хонь өгсөн хандив тус тус багтсан байна.

Эдгээр хөрөнгө мөнгийг хэрхэн зарцуулсан талаар судлахад амны хаалт авахад их мөнгө зарцуулсан нь ажиглагдсан аж.

"Тухайлбал, нийт 1.8 тэрбум төгрөгөөр амны хаалт авснаас 2020 оны зургаадугаар сарын 15-нд 1.7 тэрбум төгрөгөөр нь амны хаалт авсан байна. Шалтгааныг ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын ахлах мэргэжилтэн, хошууч М. Хаш-Эрдэнээс тодруулахад “Эдгээр амны хаалтыг УИХ-ын сонгуульд хэрэглэх гэж хөрөнгө зарцуулсан” гэх тайлбар өгсөн гэж "Захиргааны шинэ санаачилга" ТББ-ын гүйцэтгэх захирал С.Цэрэнпүрэв хэлэв. 

 

Тэрбээр үргэлжлүүлэн “Хэний тушаалаар энэ их маскийг авсан шийдвэрийг шилэн дансны хүрээнд тавиагүй байсан. Мөн хандиваар ирсэн 800 толгой хониноос

  • Долдугаар сарын 23-нд 200 толгой хонийг дахин сургалт, сэргээн сургалтын төвд олгосон. Олгосон шалтгааныг асуухад гадаадаас ирсэн хүмүүсийг хамгаалж буй хүмүүсийн хүнсэнд хэрэглэсэн гэлээ.
  • Наймдугаар сарын 14-нд гаргасан тайлан дээр нь 300 толгой хонийг зарж, ОБЕГ-ын дансанд төвлөрүүлсэн гэж тайлагнасан байсан. Гэтэл энэ мөнгө нь ОБЕГ-ын дансанд өнөөдрийг хүртэл ороогүй байх жишээтэй” хэмээн нэмж хэлсэн юм. 

Ийнхүү хийгдсэн судалгаанаас дүгнэхэд нэг тэрбум гаруй төгрөгөөр амны хаалт авах үзэгдэл удахгүй болох орон нутгийн сонгуульд давтагдаж болохгүй. Хөрөнгө мөнгө их гарах тусам ард түмний нуруун дээр ачаа болох тул иргэд орон нутгийн сонгуульд оролцохдоо өөрийнхөө маскийг зүүж очоод өгөхийг зөвлөж, хандив тусламжийн мөнгийг зарцуулах ёстой зүйлд нь зарцуулахыг шаардаж буйгаа "Захиргааны шинэ санаачилга" ТББ-ын гүйцэтгэх захирал мэдээллийн төгсгөлд онцолсон билээ. 

"Захиргааны шинэ санаачилга" ТББ-ын зүгээс дараагийн судалгааны талаар үе шаттайгаар мэдээллийг танилцуулах аж.

ВИДЕО ҮЗЭХ: 

https://www.facebook.com/OpenSocietyForum/videos/1162352087473038/?eid=ARDKYx3osWzXwPv_uQl4EjKUnbkGJld7qJILLQOoFq34mF0riGOJ1hVXQKIUIDg0hhF7TFIDu2mpTAnb