Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Тогтоол усанд живсэн дөрвөн хүүгийн дурсгалд зориулж хүүхдийн тоглоомын талбай байгуулжээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 8 сарын 20
iKon.MN

Прокурорын байгууллагын залуус санаачлан Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүүхдийн тоглоомын талбай, сагсны иж бүрэн талбайг байгуулж өчигдөр Хорооны засаг дарга болон бяцхан хүүхдүүдэд  хүлээлгэн өгсөн талаар Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газар мэдээлжээ.

Тус хүүхдийн талбайг өнгөрсөн зун Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэдэх тогтоол усанд живж харамсалтайгаар хорвоог орхисон тус хорооны 4 хүүгийн гэгээн дурсгалд зориулж бүтээсэн бөгөөд талбай байгуулахад шаардагдах 24 сая төгрөгийг Прокурорын байгууллагын прокурор, захиргаа үйлчилгээний нийт ажилтнууд хандив цуглуулж хүүхдийн эрүүл ахуйн стандартад нийцсэн спорт амралтын иж бүрэн талбайг ийнхүү байгуулжээ. 

 

Энэхүү арга хэмжээнд Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Цогтбаатар, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Хишигжаргал, Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Батсүмбэрэл, тус дүүргийн 9-р хорооны засаг дарга С.Уянгазул, тус хорооны иргэд, прокурорын байгууллагын прокурор, ажилтнууд оролцсон байна.

Эндсэн дөрвөн хүүхдийн нэг нь 9-р хороонд амьдардаг байсан

Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Батсүмбэрэл "Прокурорын байгууллагын прокурор, ажилтнууд цалингаа хуримтлуулж дүүргийн нутаг дэвсгэрт тоглоомын талбай байгуулж өгсөнд баярлаж байна. Өнгөрсөн зун та бүхэн санаж байгаа байх манай дүүргийн 4 хүүхэд усанд эндсэн харамсалтай үйл явдал болсон. Тэдгээр хүүхдүүдийн нэг нь 9-р хороонд амьдардаг байсан. Энэ үйл явдал нь хүүхдүүдийн тоглох, чөлөөт цагаа өнгөрөөх нөхцөл байдалд анхаарах цаг болсныг сануулж, төрийн болон төрийн бус байгууллагууд анхаарал хандуулж эхэлсэн. Тэр дундаа төрийн тусгай албан хаагчид санаачлага гаргаж Дэнжийн мянгын гэр хороололд хүүхдийн тоглоомын талбай байгуулж өгсөн явдалд үнэхээр баяртай байна" гэжээ.

9-р хороо 3,000 хүүхэдтэй ч тоглох орчин хэцүү

Чингэлтэй дүүргийн 9-р хорооны засаг дарга С.Уянгазул "Манай Чингэлтэй дүүргийн 9-р хороо нь 7,000 гаруй хүн амтай, 0-18 насны 3,000 гаруй хүүхэд бий.

Хүүхдүүдийн тоглох орчин гэр хороололд үнэхээр хэцүү. Улсын Ерөнхий прокурорын газрын  залуу прокурор, ажилтнууд санаачлага гаргаж бидэнд тоглоомын талбай байгуулж өгөх санал тавихад маш их баяртай хүлээж авсан. Бидний зүгээс зураг төслийг нь гарган өгч богино хугацаанд хийж өнөөдөр ийм сайхан тоглоомын талбайтай болсондоо маш их баяртай байна" гэсэн байна.

Хоосон талбайг хоёр сарын хугацаанд тохижуулж ийнхүү хүлээлгэн өгчээ.