Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Чулуутын хавцал дээгүүр хамгаалалтгүй алхах М.Мягмарсайханы ээлжит үзүүлбэр амжилттай боллоо

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Циркийн жүжигчин, экстрем артист М.Мягмарсайхан энэ сарын 8-нд Архангай аймгийн Чулуутын хавцал дээгүүр 50 метрийн өндөр, 130 метр олсон дээр хамгаалалтгүйгээр алхахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тэрбээр энэхүү “тэнгэрийн алхаа”-г амжилттай гүйцэтгэжээ. 

Skywalk хэмээх уг экстрем үзүүлбэр нь Европ, АНУ, БНСУ, БНХАУ-д эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд өндөр утсан дээрх эл үзүүлбэрийг өнөөдөр хийж байгаа цорын ганц монгол хүн нь М.Мягмарсайхан юм. Тэрбээр 1999 оноос циркийн чанга утасны үзүүлбэрт бэлтгэж байгаад 2002 онд манежинд өндөр утасны highwire үзүүлбэрт тоглож, улмаар 2005 оноос барилга байшин, уул хад, цэнгэлдэх хүрээлэнгийн дээгүүр татсан утсан дээгүүр хамтрагч Фрэдди Ноктой алхах болсон юм.

Өнгөрсөн жил М.Мягмарсайхан эх орондоо анх удаа skywalk хийж, Өвөрхангай аймгийн Улаанцутгалан хүрхрээн дээгүүр 28 метрийн өндөр, 57 метрт байршуулсан тросс дээгүүр алхсан бол энэ удаа амжилтаа ахиулж Чулуутын хавцал дээр skywalk хийсэн бөгөөд үзүүлбэрийг 4,000 гаруй хүн дэргэдээс нь үзэж сонирхжээ.

Аялал жуулчлалын шинэ брэнд бүтээгдэхүүн бий болгох, хүний амины үнэ цэнийг ойлгуулах, Монголын үзэсгэлэнт байгалиа гадаад, дотоодын үзэгчдэд уран бүтээлээрээ дамжуулан сурталчлах зэрэг олон давхар зорилго агуулсан уг үзүүлбэрийг гүйцэтгэхэд 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй циркчдийн баг ажилласан байна.

Тэрбээр ирэх жил Архангай аймгийн Хоргын тогоо, Булган аймгийн Уран тогооны аль нэгийг сонгон үзүүлбэрээ хийхээр судалгааны ажлаа хэдийн эхлүүлжээ. Түүнээс гадна Улаанбаатар хотод өндөр барилга дээгүүр мэргэжлийн багийнхантайгаа хамтран энэ үзүүлбэрээ хийх хүсэлтэй байгаа аж.