Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас (ЖДҮХС) өөрөө болон хамаарал бүхий этгээд нь зээл авсан нь тодорхой болсон ч УИХ-д намаас нь нэр дэвшүүлж сонгогдсон хүмүүсийг танилцуулж байна.
iKon.mn сайт МАН, АН -ын нэр дэвшигчид тодорсны дараагаар ЖДҮХС-гаас өөрөө болон хамаарал бүхий хүмүүс нь зээл авсан 9 хүн нэр дэвшиж байгааг нийтэлж байсан билээ.
Тэгвэл эдгээр ЖДҮчин 9 нэр дэвшигчээс 6 нь сонгуульд ялалт байгуулаад байна. Тодруулбал, МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх, Г.Тэмүүлэн, Б.Саранчимэг, Б.Баттөмөр, Х.Болорчулуун, Н.Учрал нар сонгогдоод байна.
Харин МАН-аас нэр дэвшигч О.Батнасан, АН-аас нэр дэвшигч Б.Наранхүү, П.Батчимэг нар сонгогдож чадаагүй юм.
Эргэн сануулбал, У.Хүрэлсүхийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү У.Давхарбаярын бизнесийн хамтрагч нь ЖДҮХС-гаас зээл авч У.Давхарбаяр нь зээлийнх нь эргэн төлөлтийг хийсэн байсан тухай баримтыг бид Шилэн дансны сайтаас мэдээлсэн. Харин Г.Тэмүүлэнгийн хувьд мөн л хамаарал бүхий этгээд болох ээжийнх нь “Спа цогцолбор” ХХК ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн зээл авсан баримтыг бид мэдээлж байлаа.
Баянзүрх дүүргээс ялалт байгуулаад буй Б.Саранчимэг гишүүний хувьд түүний төрсөн дүү мөн л 800 сая төгрөгийн зээл авсан байдаг.
Харин Дархан-Уул аймгаас сонгогдон гарсан Б.Баттөмөр гишүүний хувьд өөрийнх нь 80% эзэмшдэг Мондем ХХК ЖДҮХС-гаас 2018 оны 10-р сард 300,000,000 төгрөгийн зээл авч байсан билээ.
Дорнодоос сонгогдсон Х.Болорчулуун нь "Дорнод гурил" компанийн 100% эзэмшдэг бөгөөд тус компанийнхаа нэрээр ЖДҮХС-гаас зээл авсан байдаг. Дорнод гурил ХХК 950 сая төгрөгийн зээл авч байсан юм.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28-р тойргоос хамгийн өндөр саналаар ялалт байгуулаад буй нэр дэвшигч бол Н.Учрал.
Н.Учралын хувьд мөн л хамаарал бүхий этгээд буюу аавынх нь компани 950 сая төгрөгийн зээл авснаа өөрөө хүлээн зөвшөөрч байсан удаатай.
iKon.mn дата сурвалжлага болон Улсын Ерөнхий Прокурорын газрын УИХ-д хүргүүлж байсан санал гээд нийт 16 ЖДҮ-чин гишүүн байгааг бид мэдээлж байсан. Гэхдээ энэ нь зөвхөн дата сурвалжлага, прокурорын УИХ-д оруулж ирсэн хүний тоо бөгөөд цаана нь хэчнээн ЖДҮчин байгааг мэдэх боломжгүй байна.
Ямартай ч мэдэгдэж буйгаар шинээр байгуулагдах парламент өмнөх УИХ-аас ЖДҮчин гишүүний тоо нь 16 байснаа 6 болж буурлаа. Энэ амжилт мөн үү?