Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Дашням: Урмын үгийг баярлаж, шүүмжлэлийг талархан хүлээн авч байгаа

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 6 сарын 13
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

"The Voice of Mongolia" шоуны ялагчийг маргааш тодруулах гэж байна. Финалын шатны шалгаруулалт 20:00 цагт эхэлж, үзэгчдийн саналаар шоуны ялагч шалгарах юм. 

Ялагчийн төлөөх өрсөлдөөнд шалгарсан дөрвөн оролцогч шүүгч, дасгалжуулагчийнхаа хамт бэлтгэлээ хийн завгүй өдрүүдийг өнгөрүүлж байна.

Тэднээс онцлон шүүгч, дасгалжуулагч Д.Уламбаяр буюу Ука болон түүний багийн шилдэг оролцогч Э.Дашням нартай бэлтгэлийнх нь үеэр цөөн хором ярилцлаа.


Д.Уламбаяр: Дашням маш их хичээж, хөдөлмөрлөж бас суралцаж байгаа

 
Гэрэл зургийг mpa.mn

-Улирлын туршид үзэгч олондоо жаргал бэлэглэсэн "The Voice of Mongolia" шоуны ялагчийг тодруулах мөч тун ойртлоо. Та бүхэн бэлтгэлээ хэр хангав?

-Бүтэн жилийн турш үргэлжилсэн "The Voice of Mongolia"шоу маань тун удахгүй дуусах гэж байна. Маш их догдлолтой, бас жаахан гунигтай байна. Хугацаа бага ч маш чанартай үзүүлбэрүүд үзүүлэхийн тулд бид бэлдсээр байгаа. Энэ жилийн хувьд бидэнд ганцхан зүйл дутагдалтай байна. Тэр бол үзэгчид...

Заал дүүрэн суугаад халуун алга ташилтаараа оролцогчид болон шүүгчдэдээ урам өгч байдаг үзэгчид маань байхгүй болохоор яалт ч үгүй нэг зүйл дутагдаад байгаа. Гэхдээ үзэгчид маань цэнхэр дэлгэцийнхээ араас бидэнтэй хамт байгаа гэдэгт итгэлтэй байна.

-Өдөрт хэр хугацааг бэлтгэлд зарцуулж байна вэ?

-Бидний хувьд унтахаас бусад цагтаа байнгын бэлтгэл хийж байгаа. Яагаад гэвэл энэ шоу маань одоогийн байдлаар бидний амьдралын утга учир болсон байна. Дашнямын хувьд мөн адил маш их хичээж, хөдөлмөрлөж, суралцаж байгаа.

-"The Voice" бол дэлхийд алдартай шоу. Энэ хэмжээний том шоуны ялагч нь орчин үеийн стильтэй хүн түрүүлэх ёстой гэх хүн байхад, үндэсний хэв шинжээ хадгалсан, дотортой дуучин түрүүлэх ёстой гэх нь ч байгаа. Энэ тухай таны бодлыг сонсъё. Тэмцээний ялагч таны бодлоор ямар байх ёстой вэ?

“The Voice of Mongolia” шоу бол Монголын шилдэг дуу хоолойг хайх аялал. Бид хэнийг ч рок поп ч юм уу, зохиолын дуучин ч юм уу, уртын дуучин, ардын дуучин гэж ялгахгүй. Бид зөвхөн шилдэг дуу хоолойг хайж байгаа. Тиймээс ч Дашнямыг багтаа авсан шалтгаан бол түүний дуу хоолой намайг маш их уяраасан. Бас миний хүсэж байсан хоолойны өнгө байсан учраас миний зөн совин тэр улаан баззер дээр савж очсон байх аа (инээв).

 
Гэрэл зургийг mpa.mn

-Шоуны шүүгч, дасгалжуулагчаар хоёр дахь улиралдаа ажиллаж байна. Өмнөх улирлын шүүгч, дасгалжуулагч Ука болон энэ улирлын шүүгч, дасгалжуулагч Ука хоёрт ямар өөрчлөлт гарсан гэж дүгнэж байна вэ. Магадгүй оролцогчтойгоо ажиллах, дасгалжуулах арга барилд өөрчлөлт гарсан болов уу?

-Миний хувьд эхний цувралд ч тэр, энэ удаа ч тэр ерөөсөө өөрчлөгдөөгүй. Бүх дууг сэтгэл зүрхээрээ сонсож, шоунд орж байгаа оролцогчдод ч мөн адил бүхий л мэддэг, чаддагаа зориулан ажилладаг. Эхний шатанд өөрийн зорьж, хүлээж байсан оролцогчдоо багтаа элсүүлэн авч тэдэнтэйгээ ч аз жаргалтайгаар ажилласан.

 
Гэрэл зургийг mpa.mn

Э.Дашням: Надад одоохондоо краш байхгүй л байна

-"Blind audition"-д "Бүсгүй" дуугаар эхэлсэн таны аялал финалын шатанд ирлээ. Энэ хугацаанд үзэгч олны итгэл, хүндлэлийг ихэд хүлээсэн. Финалын шатанд үзэгчдийн саналаар шалгарсан нь үүний баталгаа болов уу. Сэтгэгдлээ хуваалцана уу?

-Маш гоё байна. Гэхдээ энэ олон хүний итгэл, хүндлэлийг дааж явна гэдэг хүнд зүйл. Та бүхнийхээ итгэлийг алдахгүйн тулд хичээсээр байна.

Би “Хурд” хамтлагийн сонсогч байсан учраас “BLIND AUDITION” шатан дээр Хурд хамтлагийн Бүсгүй дууг дуулж орсон. Ингээд намайг Д.Отгонбаяр шүүгч маань ганцаараа эргэж багтаа авсан.

Харин үүний дараа халз тулааны шатан дээр маш азтай байдлаар Ука шүүгч маань намайг шүүрэн авч би энэ аяллаа үргэлжлүүлэх боломжтой болсон.

 
Гэрэл зургийг mpa.mn

Анх шоунд бүртгүүлж байхдаа өөрийгөө энэ хүртэл явна гэж төсөөлөөгүй. Харин өнөөдөр ялагчийн төлөө өрсөлдөх гээд бэлдэж байна. Энэ бол гайхамшиг. Гэхдээ энэ хүртэл явж олон, олон үзэгчээс урам зориг авсан учраас одоо миний өмнө маш том хариуцлага хүлээж байна. Бүх зүйлээ дайчлан, хичээх болно.

-Оролцогч нарт өөрийн үзүүлбэрийг толилуулахад гурван минутын хугацаа байдаг. Энэ хугацааг хэрхэн ашиглая гэж бодож байгаа вэ?

-Үзүүлбэрээ үзүүлэхэд оролцогчдод гурван минут зориулагддаг. Энэ маш богино хугацаа юм шиг санагдаж байгаа ч яг тайзан дээр гараад дуулахад энэ цаг хугацаа зогссон мэт мэдрэмж төрдөг. Дуугаа дуулж, мэдэрч, жаргаж дуулдаг даа. Энэ удаа ч мөн адил. Бас нэг зүйлийг хэлэхэд яг энэ гурван минутын үзүүлбэрийг үзүүлэхийн тулд Монгол ТВ-н 30 гаруй ажилчид 1-2 минутад тайз засах хэрэгтэй болдог. Тайз, гэрэл, хөгжим гээд бүх зүйлийг Монгол ТВ-ийн хамт олон маань төгс бүтээж өгч байгаад баяртай байна.

-Олон нийтийн сүлжээнд таныг сайшааж, магтсан сэтгэгдлийн хажуугаар шүүмжилсэн нь ч гарч байгаа. Үүнийг хэрхэн хүлээн авч байна вэ, эсвэл финалын шат дуустал олон нийтийн сүлжээг ашиглахгүй байж, анхаарлаа зөвхөн тэмцээндээ төвлөрүүлж ч байж болох юм. Энэ үед сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэж байна?

-Надад урмын үг хэлж, намайг дэмжиж байгаа хүмүүстээ баярлаж, талархаж харин сөрөг зүйлсийг бол эергээр хүлээж авч байгаа. Учир нь надад ямар нэгэн алдаа дутагдал байгаа учраас түүнийг минь хэлж байгаа хүмүүсийн үгийг талархан хүлээж авдаг.

 
Гэрэл зургийг mpa.mn

-Үзэгчдийн санал хураалтын дүнг сонсохоор тайзан дээр зогсох үед юу бодогддог. Дүнгээ сонсох гээд хүлээх хэдэн секундэд төрөх мэдрэмжийг тайлбарлавал?

-Маш их догдлол, сандрал байдаг. Тэр үеийн мэдрэмжийг үгээр хэлэхэд маш хэцүү зүрхний хэмнэл түргэсэж бүх цус тархи руу гүйж байгаа юм шиг мэдрэмж төрдөг (инээв).

-Шоунд оролцсоноос хойш хугацаанд танд өөрт ямар ахиц дэвшлүүд гарсан гэж хэлэх вэ. Дуучны хувьд болон Э.Дашням хэмээх хувь хүнд?

-Маш их дэвшилт гарсан. Энэ шоуны ард маш олон хүмүүс ажиллаж байдаг. Тэднээс зохион байгуулалт, төлөвлөлт, цаг зарцуулалт гээд олон зүйлийг сурч мэдэж байгаа. Харин шүүгчээсээ зөв харилцаа, хүмүүстэй хэрхэн зөв харилцах талаар, биеэ зөв авч явах, дуулалт гэх мэтчилэн маш олон зүйлийг сурч байна.

-Олон бүсгүй таныг "крашлах" болсон. Харин танд "краш" бий юу?

-Надад одоохондоо краш байхгүй л байна (инээв).

-Ярилцлагын төгсгөлд, үзэгч дэмжигчдэдээ болон өрсөлдөгч нартаа хандаж хэлэхийг хүссэн үгээ хэлнэ үү?

-Намайг Финалын шат хүртэл дэмжиж ирсэн үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Би та бүхнийхээ итгэлийг алдахгүй улам бүр хичээх болно. Ардын урлагаа дэлхий дахинаа сонордуулж, үндэсний урлаг, үндэсний дуугаа таниулахын тулд улам бүр хичээх болно.

Оролцогч Э.Дашнямын үзүүлбэрүүд:

Сонсох шат:

Халз тулааны шат:

Шууд тоглолтын шат:

Монгол дууны шат:

Хагас финал: