Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Киевт Евро хувьсгал өрнөж байна

Б.Ууган, iKon.mn
2013 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн ням гаригийг украинчууд үймээн бужигнаантай өнгөрөөлөө. Украинчууд Европын холбоонд нэгдэхийг дэмжиж түүнчлэн жагсаал болохоос хэд хоногийн өмнө жагсаал цуглаан хийхийг хориглосонтой холбоотойгоор эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм.

Ням гаригт гэхэд л 500-700 мянган хүн эсэргүүцлийн жагсаалд нэгдэж, нийтдээ сая орчим хүн эсэргүүцлийн арга хэмжээнд оролцсон гэж хэвлэлийнхэн онцолжээ.

Жагсагчид өчигдөр Ерөнхийлөгч Януковичийн ордон руу дайрах үеэрээ хүйтэн зэвсэг хэрэглэсний улмаас эмх замбараагүй байдал үүсч хэдэн арван хүн гэмтэж бэртсэн байна.

Харин үймээний үеэр Ерөнхийлөгч  ордондоо байгаагүй, Киевийн ойролцоох эзэмшлийн газруудынхаа нэгд байсан, түүнчлэн эмх замбараагүй байдал үүсчихээд байхад ямар ч арга хэмжээ авч, ард түмэндээ хандаж үг хэлээгүй гэдгийг хэвлэлийнхэн онцолжээ.

Ийнхүү Ерөнхийлөгчийн ордон руу дайрахаас өмнө жагсагчид Киев хотын захиргаа, үйлдвэрчний эвлэлүүдийн ордонг эзлэн, тэндээ сөрөг хүчний штаб байгуулаад байсан юм.

Харин ням гаригийн орой Банковая гудамжнид байдал харьцангуй тогтворжсон ч өөр газар нөхцөл байдал хүндэрч, эмх замбараагүй байдал газар авсны дээр эсэргүүцлийн жагсаалд оролцсон хэсэг хүмүүс Лениний хөшөөг буулгаж гэж оролджээ.

Байдлыг намжаахаар ирсэн цагдаагийнхан энгийн иргэдийг хүч түрэмгийлэн дарахыг оролдсон байна. Харин ням гаригаас даваа гаригт шилжих шөнө Киев дэх нөхцөл байдал бага зэрэг тогтворжжээ. Гэхдээ Украины нийслэлийн төвд байх Тусгаар тогтнолын талбайд 15 мянга гаруй хүн үлдэж, майхантай хуаран барьж эхэлжээ. Тэд энэ хуарандаа хоол хүнс, түлэх түлээ бэлдэж аван, хугацаагүйгээр эсэргүүцлээ илэрхийлэн суулт зарлахаар болсон нь энэ аж.

Түүнчлэн жагсагчид талбайн хоёр талаас орох Крещатик гудамжийг бүхэлд нь хааж, зөвхөн түргэн тусламжийн тэрэг орох гарц үлдээжээ. Ийнхүү Киевт эсэргүүцлийн арга хэмжээ газар авч байгаа бол Тернополь хотод бүх нийтийн ажил хаялт зарласны дээр төв талбай дээрээ 20 мянган хүн цугласан байна.

Мөн хотын зөвлөлийн ээлжит бус хуралдаан болжээ. Энд эргэн сануулахад сөрөг хүчний тэргүүд 12 дугаар сарын хоёрны даваа гаригаас эхлэн орон даяар бүх нийтийн ажил хаялт зарлана хэмээн мэдэгдэж байсан юм.

Харин Тернополь хот ажил хаялтыг дэмжсэн анхны хот болж, ажил хаялтын хороо байгуулсан бөгөөд энэ хотын захиргаа ч иргэдтэйгээ хамт Украины Ерөнхийлөгч Янукович, Сайд нарын танхим, Дээд радыг огцрохыг шаардаж байгаа юм байна