Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Үндсэн хууль зөрчих Шүүхийн тухай хуулийг батлах нь хэнд ашигтай вэ?

ikon.mn
2020 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг
2019.11.14 Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын гишүүд гар өргөн баталж буй нь

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж буй. Уг хуулийн төслийнх талаарх МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн доктор А.Бямбажаргалын нийтлэлийг хүргэж байна.  

/Засгийн газраас өргөн барьсан төслийн тухай/

Оршил

Монгол Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр сүүлийн 20 орчим жил нийгмийн бүхий л түвшинд өрнөж ирсэн томоохон зөвшилцлийн дүн болж Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт батлав.

Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн төсөлд 5 бүлэг асуудал тусгагдсаны тэргүүн зэрэгт “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой” зүйл тусгагдсан.

Анх төсөл өргөн баригдахад уг бүлэгт хамаарах зүйлс нь тоон утгаараа 3 зүйл, 10 заалт бүхий томоохон нэмэлт, өөрчлөлтийн хувилбар байв. Гэвч амаргүй (олон эрх мэдэлтнүүдийн ашиг сонирхлын дунд) хэлэлцүүлгийн үр дүнд 2 зүйл, 3 заалтад нэмэлт, өөрчлөлт орсон билээ (Үндсэн хуулийн 48.1, 49.5, 49.6-т).

Хэдийгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсон нь сайшаалтай боловч түүнийг бидний өдөр тутмын амьдралд хүргэх гол арга зам бол үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу батлагдан гарах хууль тогтоомж юм.

Энэ хаврын чуулган амаргүй цаг хугацаа (дэлхий нийтээр гарсан өвчин), улс төрийн ээдрээтэй мөчлөгт (УИХ-ын ээлжит сонгууль), эрх зүйн томоохон шинэтгэлийн гараан дээр (Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дараах хууль тогтоомж) таарч буйгаараа онцлогтой.

Гэвч дээрх нөхцөл байдлыг хэн нэгэн өөрийн хувийн ашиг сонирхлын үүднээс бүү ашиглаасай!

Ялангуяа үндсэн хуульд заасан иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгаа болсон “Шүүхийн тухай” хуулиудыг мордохын хазгай, хэн нэгний хэт ихийг мэдэх хийрхэл, албан тушаал мөнх мэт хувийн ашиг сонирхол дунд баталбал чухамдаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг яах гэж оруулав гэх хожим харамсах хэмжээний асуудал үүсгэх бий гэх болгоомжлол байна.

Учир нь Хууль зүйн яамнаас боловсруулсан Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл олон талаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бий болсон олон үзэл санааг гуйвуулж улмаар Үндсэн хуулийн ноцтой зөрчлүүдийг бий болгохоор байх тул тэдгээрийг зарим зүйлийн талаар хэлхээс аргагүйд хүрлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийг бүрдүүлэх зохицуулалт ба түүний 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн агуулга

Шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангах чиг үүргийг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийг хараат бусаар ажиллах тогтолцоог бэхжүүлэх энэ удаагийн Үндсэн хуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гол зорилго байв.

Учир нь ШЕЗ-ийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчмыг Үндсэн хуульд тусгайлан зааж өгөөгүйгээс өнгөрсөн хугацаанд улс төрийн инцтитуцид даатгасан нь 1993-2012 оны хооронд түүнийг гишүүдийн тоог 3 удаа өөрчлөх замаар улс төрчид өөрийн хувийн ашиг сонирхолдоо ашиглах асуудал байсныг эцэслэх зорилго тавьсан.

Энэхүү зорилгын үндсэн дээр 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар өргөн барьсан төсөлд

  1. ШЕЗ-ийн гишүүдийн тоог шууд заах (гишүүдийн тоог тогтмол болгон дахин өөрчлөлгүй зорилгоор);
  2. Шүүгч болон шүүгч бус гишүүдийн тэнцүү төлөөлөл бүхий 10 гишүүнтэй болгох (шүүгчид болон шүүгч бус гишүүн тэнцүү байх);
  3. Гишүүд зөвхөн 1 бүрэн эрхийн хугацаанд 4 жил ажиллах;
  4. Шүүгч гишүүдийг УДШ-1, Давж заалдах шатны шүүхээс-1, Анхан шатны шүүхээс 3 шүүгчийг сонгох;
  5. Гишүүд л дотроосоо ШЕЗ-ийн даргаа сонгох байдлаар нарийвчлан зохицуулахыг зорьсон.

Хэдийгээр дээрх зохицуулалт үгчлэн нэмэлт, өөрчлөлтөд тусаагүй боловч агуулгаар бүхэлдээ үзэл санаа нь батлагдсан. Тэгвэл уг агуулгыг Монгол Улсын засгийн газраас өргөн барьсан “Монгол Улсын Шүүхийн тухай хууль” дараах байдлаар ноцтойгоор зөрчихөөр байна. Үүнд:

Нэг.Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус таван гишүүнийг томилж буй арга Үндсэн хууль зөрчихөөр байна

ШЕЗ-ийн гишүүдийн орон тооны, орон тооны бусаар ялгах зохицуулалт оржээ. Гэтэл хамгийн сонирхолтой нь өнөөх л Хууль зүйн сайдаас томилох гишүүн орон тооны гишүүнийг төлөөлөн орохоор зохицуулсан нь ихээхэн анхаарал татаж байна (Төслийн 78.5).

Энэхүү заалтаас үзвэл Хууль зүйн сайд бүхэлдээ Засгийн газрыг төлөөлөх, улмаар шүүх эрх мэдлийг өөрийн хяналтад байлгах зорилго агуулж буй мэт зохицуулалт болжээ.

Түүнчлэн өөр нэг бодитой зөрчил бол ШЕЗ-ийн даргыг орон тооны гишүүд дотроос сонгохоор заажээ(Төслийн 78.4, 78.5). Энэ заалт бүхэлдээ 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн дагуу орсон нэмэлт болох “. . . зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно” гэх заалттай шууд зөрчилдөж байна.

Хоёр.Ерөнхийлөгч сахилгын хорооны гишүүнийг томилох эрхийг Үндсэн хуулиар олгоогүй

Төсөлд ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг Ерөнхийлөгч томилох эрх олгосон явдал юм (Төслийн78.5, 100.4). Гэтэл 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгч гагцхүү Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 5 дах хэсэгт орсон өөрчлөлтөөр “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” хэмээн заасан. Гэтэл Ерөнхийлөгчид дээрх мэт шүүх эрх мэдлийн чухал дэд институцийн гишүүнийг томилох эрхийг болгосон нь уг заалттай шууд зөрчилдөхөөр болжээ.

Гурав.Шүүгчдийн зөвлөл нэртэй захиргааны төвлөрсөн бүтэц байх шаардлагагүй

Төсөлд “Шүүх эрх мэдлийн өөрөө удирдах ёс” гэх ойлголтыг бий болгосон (Төслийн ). Түүний бүрэлдэхүүнд Улсын Дээд Шүүхийн шүүгчид бүхэлдээ, анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийн олонх хэмээн заажээ (Яг үүнтэй ижил зохицуулалт Азербайжаны Шүүхийн тухай хуульд бий).

Гэтэл уг заалтын дагуу УДШ бүхэлдээ шүүх эрх мэдлийг захиргааны байгууллага мэт удирдах төвлөрлийг бий болгосон.

Шүүгчдийн зөвлөл олгосон нэг чухал эрх бол ШЕЗ-ийн шүүгч гишүүдийн сонгох (Төслийн 20.5) зохицуулалт юм. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн агуулгаар бол бүх шүүгчид санал өгөх эрхтэйн дээр Анхан шатны шүүхийн шүүгчид 3 гишүүнийг, Давж заалдах шатны шүүхийн шүүгчид 1, УДШ-ийн шүүгчид 1 гишүүнийг санал хураалтаар сонгох үзэл санаа байв.

Дээрхтэй агуулга нэг зохицуулалт бол шүүхийн Сахилгын хороонд мөн уг зөвлөлөөс сонгохоор зохицуулсан. Ингэхдээ дийлэнх олонх нь шүүгчид байхаар уг төсөлд тусгажээ. Угтаа энэ УДШ нь шүүхийн захиргааны институцийг өөрийн гар доор авчрах арга зам гэлтэй. Тухайлбал: ШЕЗ, Сахилгын хорооны үйл ажиллагааны тайланг Шүүгчдийн зөвлөгөөн сонсох (Төслийн 20.2.6.) зохицуулалт хэрэг дээрээ уг институцийг хараат бус байдалд нөлөөлөхөөс гадна Үндсэн хуулиар огт зохицуулаагүй институцэд тусгайлан эрх олгох нөхцөлийг бүрдүүлсэн.

Дөрөв.Шүүхийн ерөнхий зөвлөл ба Сахилгын хороог бүрдүүлэхэд улс төрийн инцтитуц хязгаартай оролцох учиртай

Хууч хамаарал сэдэрсэн нь буюу Хууль зүйн сайд ШЕЗ, Сахилгын хорооны гишүүний өөрөө томилох эрхийг, өөрөө санаачилжээ (Төслийн 78.2, 100.4). 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн анхны төсөл буюу хууль санаачлагчийн үзэл баримтлалыг дагуу Засгийн газрын гишүүн дангаар ШЕЗ, Сахилгын хорооны гишүүнийг томилог ямар утга, агуулга тусгагдаагүй байсныг энд дурдах нь илүүц бизээ!

Анхдагч хувилбараар уг харилцааг батлагдсан бол УИХ-ынхолбогдох Байнгын хороо нэр дэвшүүлэн томилгоонысонсгол хийж, Улсын Их Хурал хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилохоор байсан.

Угтаа энэ л байдлаар Шүүхийн тухай хуульд сууж байж гэмээнэ сая нэмэлт, өөрчлөлтийн утга агуулгад нийцэх учиртай.

Тав.Шүүхийн сахилгын хороо нь ач холбогдол, багатай, хараат институц болно

Венецийн комиссоос гаргасан зөвлөмжийн дагуу Шүүхийн дотоод хараат бус байдал хэмээх ойлголтыг онцолдог билээ (2012 оны Шүүхийн шинэтгэл угтаа энэ зүйлд гол анхаарсан).

Гэтэл төсөлд зааснаар (Төслийн 100.2, 100.4) Сахилгын хорооны гишүүдийг Шүүгчдийн зөвлөлөөс 4, УИХ-ын Байнгын хорооноос 3, Ерөнхийлөгч болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс тус бүр 1 хүнийг тус тус сонгож, томилно гэж заажээ.

Дээрх зохицуулалт хэрэг дээрээ Хууль зүйн сайд Засгийн газрыг дангаар төлөөлөх, Ерөнхийлөгч өөрт олгогдоогүй томилгооныэрхтэй болох агуулгаар бүхэлдээ 2019 оны нэмэлт, өөрчлөлт өнөөгийн үндсэн хуулийг агуулгад үл нийцэхээр болсон байна.

Дүгнэлт

Монгол Улсын Их Хурал 2019 онд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталсантай зэрэгцэг Үндсэн хуулийг дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийг батлан гаргасан.

Дээрх хуулийн дагуу хууль тогтоомжийг тодорхой үе шат, хуваарийн дагуу батлан гаргаж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэхийг зохицуулсан.

Улмаар 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр баталсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдох арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарь”-ийг тогтоосон.

Уг тогтоолын онцлог нь цаашид батлагдан гарах хууль тогтоомжийн агуулга ямар байх тухай тодорхой заасан атал Засгийн газраас өргөн барьсан “Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн төсөл” дээрх агуулгыг огт баримтлаагүйн дээр, Үндсэн хуулийнхаа нэмэлт, өөрчлөлтийн бүхий л дэвшлийг үгүйсгэсэн нь хачирхалтай, харамсмаар!

Эцэст нь найдах зүйл бол УИХ-ын эрхэм гишүүд маань зургаан сарын дотор өөрийн баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн агуулгыг мартаагүй гэдэгт итгэж байна.