Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

246 иргэн, аж ахуйн нэгжийн хууль бусаар эзэмшиж байсан 150 орчим га газрын эрхийг цуцалжээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хотын хэмжээнд хууль бусаар олгосон зарим газрын эрхийг цуцалсан тухай асуудлаар мэдээлэл хийж байна.

Шууд үзэх:

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/208850657206701/

Улаанбаатар хотод хууль бусаар олгогдсон, эзэмших явцдаа зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжийн эзэмших эрхийг цуцалж байгаа. Ойрын хугацаанд эрхийг нь цуцалсан газрын талаар НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал "Хотын захирагч С.Амарсайхан томилогдсон цагаасаа эхлэн хууль бусаар олгогдсон газруудыг цэгцэлж байгаа. Өнгөрсөн хугацаанд 246 иргэн, аж ахуйн нэгжийн хууль бусаар эзэмшиж байсан 150 орчим газрыг цуцалж, нийтийн эдэлбэр газар болгон хамгаалалтад авсан.

Эрхээ цуцлуулсан аж ахуйн нэгж, байгууллагаас 32 нь шүүхэд гомдол гаргаад байна.

Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 38 байршилд, 120 орчим иргэн, аж ахуйн нэгжийн газрыг цуцлахаар судалж байгаа" хэмээн мэдээлэв. 

Эрх нь цуцлагдсан газруудаас дурдвал:

  • Сүхбаатарын талбайн урд хэсгийн цэцэрлэгт хүрээлэн- Улаанбаатар хотын банкны охин компани UB констракшны нэр дээрх шилжсэн газрыг 2020 оны А/344 захирамжаар цуцалсан.
  • Улаанбаатар хотын урд талын цэцэрлэгт хүрээлэн-Улаанбаатар хотын банкны нэр дээр байсан уг газрыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 126 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.
  • Монгол Улсын их сургуулийн хичээлийн 2 дугаар байрны урд хэсэг буюу Blue Mon зочид буудлын автомашины зогсоол-Улаанбаатар хотын банкны эзэмшилд байсан газрыг хүчингүй болгосон.
  • Гутлын 22 буюу Асашёорюү цэцэрлэгт хүрээлэн-Улаанбаатар капитал ББСБ-ын нэр дээрх байсан.
  • Улсын Драмын эрдмийн театрын өмнө хэсэг буюу Ю.Цэдэнбалын хөшөө орчмын газрын өмнөх эзэмшиж байсан эрхийг цуцалжээ.

Эдгээр газрыг нийтээрээ ашиглах талбай, цэцэрлэгт хүрээлэн болгох бөгөөд цаашид хувь хүн, аж ахуйн нэгжид олгохгүй байхаар хууль, эрх зүйн хамгаалалтыг бий болгосон хэмээн НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал хэллээ.