Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Сар хүрэхгүй хугацаанд 500 орчим компани ажлын байраа цомхотгожээ

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Коронавирустэй холбоотойгоор дэлхийн болон Монголын эдийн засагт үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой судалгаа, санамж, цаашид улсаас авч хэрэгжүүлбэл зохих зүйлсийн талаар Монголын Үндэсний Худалдаан Аж үйлдвэрийн танхим​ болон эдийн засагчдын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.  

Монголын бизнесийн орчинд ямар нөлөө үзүүлж буйг харуулах зорилгоор МҮХАҮТ 1,100 гаруй компаниас “COVID-19 вирусийн ажлын байрны нөлөөллийн судалгаа” гуравдугаар сарын 3-нд хийж, үр дүнг нь танилцуулахад компаниудын 4.5% нь ямар нэгэн байдлаар ажлын байраа цомхотгож байна гэсэн бол өнөөдрийн танилцуулж буй судалгаагаар (1,500 гаруй компани хамарсан) 33% болж өссөн гэдгийг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин мэдээллийн эхэнд онцлов.

Өөрөөр хэлбэл, 495 компани сүүлийн сар хүрэхгүй хугацаанд ажлын байрандаа ямар нэгэн цомхотгол хийсэн байна. 

 
гэрэл зургийг MPA.mn

Тэрбээр "Коронавирус хоёр долоо хоногийн өмнө нийт компаниудын 57%-д нь маш их нөлөө үзүүлж байсан бол өнөөдөр 67.4 хувьд нь нөлөөлжээ. Тэр дундаа аялал жуулчлал, зочид буудал, хоолны газар, боловсролын байгууллагуудад үзүүлж буй нөлөө нь өндөр байна. Сүүлийн хоёр сар хүрэхгүй хугацаанд судалгаанд оролцсон нийт компаниудын 33% нь ажлын байраа ямар нэгэн байдлаар цомхотгосон гэх хариултыг өглөө.

Энэ байдлаас харвал Засгийн газар шуурхай, оновчтой арга хэмжээг одоо авахгүй бол ойролцоогоор 260,000 хүн ажилгүйдлийн эгнээнд шилжиж, 20 гаруй компани хаалгаа барихад хүрээд байна. Үүнийг дагаад нийгэм, эдийн засгийн маш том гинжин хямрал үүсэх эрсдэл буйг өнөөдрийн энэ судалгааны дүн нотолж байна" гэв. 

График 1. Covid 19 вирусийн халдвар, тархалтаас сэргийлэх арга хэмжээ нь танай бизнест нөлөөлсөн үү? 

График 2. Танай компани ажлын байраа хадгалж үлдэхэд ямар асуудал тулгарч байна вэ? 

Ажлын байрны тоо, ажиллах цаг, ажиллах хэлбэрт өөрчлөлт орсон шалтгааныг харвал,

  • 65% нь өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотой гарсан шийдвэрээр
  • 41% нь үйлдвэрлэл үйлчилгээний тоо буурсан

Ажлын байрны тоог цөөлнө, цомхотгол явуулна гэж буй компаниудыг салбараар авч үзвэл,

  • Хөнгөн үйлдвэрлэлийн 50%
  • Зочид буудал, нийтийн хоол 43%
  • Үйлчилгээ 38%
  • Аялал жуулчлал 35%
  • Худалдаа 29%
  • Боловсрол 27%
  • ХАА 25%
  • Мэдээллийн технологи, харилцаа 24%
  • Барилга 23%
  • Тээвэр 23%
  • Банк, санхүү 19%
  • Уул уурхай  18%
  • Эрчим хүч 8%
  • Бусад 23% 

График 3. Ажлын байраа хадгалж үлдэхэд төрөөс шаардлагатай дэмжлэг 

Эдгээр тоо баримтуудаас харвал үндсэндээ Монголын нийт аж ахуйн нэгжийн 90 хувьд нь томоохон хүндрэл, цохилт өгч эхэлсэн байгаа юм. 

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Засгийн газар хоёр долоо хоногийн өмнө нэлээд төлбөр, торгууль, НДШ-ийг хойшлууллаа гэсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Бодит байдал нь хувийн аж ахуйн нэгжүүд болон иргэдэд дарамт шахалт ирсэн хэвээр байна. 

Мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлэхээр Монголбанк олон асуудлыг шийдсэн ч харамсалтай нь Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс гарсан шийдвэр нь өнөөдрийг хүртэл албан ёсоор яаж хэрэгжүүлэх нь тодорхой болоогүй, хоёр долоо хоногийн дараа гарна гэсэн хүлээлттэй байх жишээтэй. 

Энэ нь өөрөө маш их төвөгтэй байдлыг үүсгэж байгаагаас гадна, арилжааны банкууд дээр хүндрэл үүсгэж, нөгөө талд иргэдийг төөрөгдөлд оруулж байна 

Ер нь төрийн аливаа шийдвэр бүрэн тооцоо судалгаагүй дутуу гардаг. Энэ нь ажил хэрэг болох явцдаа ямагт хувийн хэвшлийг хохироож, чирэгдүүлж ирсэн болох нь энэ жишээнээс харагдаж байна” хэмээн нэмж тодруулсан юм. 

Түүнчлэн өнөөдрийн мэдээллээс онцлох дараагийн нэг зүйл нь COVID-19 вирустэй холбогдуулан нийгэм, эдийн засагт үүсэж буй одоогийн болон цаашдын нөхцөл байдлын талаарх дэлгэрэнгүй судалгааг эдийн засагч Б.Дөлгөөн хийжээ. 

Уг судалгаа нь эдийн засаг дахь нөлөө буюу компани дампуурах, иргэд ажилгүй болох, ядуурал гүнзгийрэхээс сэргийлэх арга хэмжээний талаар сүүлийн хоёр долоо хоногт хийгдсэнээрээ онцлогтой. 

Ажилгүйдэл ихсэхээс өмнө, бизнесүүд дампуурахаас өмнө арга хэмжээ авахгүй бол эргэж босгох зардал нь одоо гаргах зардлаас хэт том болно...
 
гэрэл зургийг MPA.mn

Эдийн засагч Б.Дөлгөөн ”Энэ судалгаагаагаар хэн нэгнийг, ямар нэгэн байгууллагыг шүүмжлэх гэсэнгүй. Хамгийн гол нь одоо засаг барьж буй эрх баригчид яаралтай, зөв арга хэмжээг авахгүй бол манай улсын эдийн засаг ойрын хугацаан хэцүүдэх гэж буйг судалгааны тоо баримт харууллаа. 

Дэлхий дахинд коронавирусээс үүссэн эдийн засгийн нөлөө нь SARS, MERS-тэй биш 2009 оны хямралын шинж чанартай илүү адилхан байна. Өөрөөр хэлбэл, энэ бол энгийн ханиад биш, эдийн засагт томоохон нөлөө үзүүлэх хямралын түвшний шок буюу нийгэмд гарч буй үзэгдэл. 

Манай улсын засгийн газраас хэд хэдэн арга хэмжээг нэрлэсэн. Гэхдээ энэ хангалтгүй бөгөөд шок орж ирэхэд үүнээс том оновчтой арга хэмжээ авах шаардлагатай. Улс орон бүр өөрсдийн онцлогтоо тулгуурлан салбартаа гарч буй асуудлуудыг шийдэхийн тулд арга хэмжээгээ авдаг. Бусад улс ингэж байна гээд дуурайна гэсэн үг биш. Арга хэмжээ авахдаа нотолгоонд суурилсан арга хэмжээ авахаас биш улс төр дээр суурилсан арга хэмжээ авч болохгүй.

Сонгуулийн дараа энэ улс, энэ эдийн засаг байж л байна. Сонгуулиа бодоод эдийн засгаа хохироох арга хэмжээ авбал сүүлд нь бүгд хохирч үлдэнэ.

Тодруулбал, Монгол Улс 2020 оны төсвөө батлахдаа коронавирус болох талаар ямар ч төсөөлөлгүй баталсан. Тэгэхдээ маш өөдрөгөөр төсөөлсөн бөгөөд дэлхийн эдийн засгийг 3.5 хувь, БНХАУ-ын эдийн засгийг 6 хувийн өсөлт үзүүлнэ гэж төсөөлсөн. Гэвч одоо БНХАУ-ын эдийн засаг 4 хувь, дэлхийн эдийн засгийн өсөлт 1.5 хувь руу бууж ирлээ.

Үндсэндээ манай эдийн засагт орж ирэх орлогын хэмжээ буурах нь тодорхой болчихсон. Мөн экспорт буурах нь, эдийн засагт орж ирэх валютын хэмжээ багасах нь мөн л тодорхой болсон. Бүх тооцооллоос харахад бидэнд орлого талдаа нэг их наяд дутаж, зарлага талдаа хоёр их наядаар илүү байхаар байна. Эдгээр дүн эцэстээ зээл болж үлдэнэ. 2020 онд төрийн худалдан авах ажиллагаанд 2.5 их наяд төгрөг төлөвлөгдсөн ба нийт тендерийн 50-аас дээш хувийг шалгаруулахаар төлөвлөсөн хугацаа нь 2020 оны эхний гурван сард байна. 

Үндсэндээ энэ жилийн төсөв сонгуулийн төсөв болсон. Дээрээс нь коронавирусийн хямралын эсрэг төсвөө тодотгоод, ажлын байраа хамгаалаад, компаниуд дампуурах, ядуурал нэмэгдэх эрсдлээс ард түмнээ хамгаалах зүйл хийе гэхээр ерөөсөө хөдлөхгүй байна. Хэрвээ эдийн засгаа наадмын дараа гэхэд боломжийн байлгая гэвэл өнөөдрөөс эхлээд арга хэмжээ авахгүй бол байдал улам муудна.

Сүүлийн хоёр сар ажилгүй болсон иргэд ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадахгүй байгаа. Ажилгүйдлийн тэтгэмжийн сангаа яаралтай нэмэгдүүлэх хэрэгтэй бөгөөд тэтгэмж авах үйл явцыг нь ч хөнгөвчлэх хэрэгтэй. Сул зогсолт хийж буй байгууллагууд 60 хувийн цалингаа олгодог. Үүний 50 хувийг төрөөс өгөх хэрэгтэй.

2018 оны байдлаар ядууралд хамаарах хүний тоо нийт хүн амтай харьцуулахад 28.4% буюу 907 мянган хүн байна. Үүний 60 хувь нь хот суурин газар амьдардаг. Хот суурин газрын хүмүүсийн орлогын бүтэц нь цалин, тэтгэвэр, хувийн бизнесээс бүрддэг. 

Хэрвээ ажлын байр хомстож, ажилгүйдэл нэмэгдэж , хувийн бизнесүүд хаагдаад ирвэл нөхцөл байдал хүндэрнэ.

Ажилгүйдэл ихсэхээс өмнө, бизнесүүд дампуурахаас өмнө арга хэмжээ авахгүй бол эргэж босгох зардал нь одоо гаргах зардлаас хэт том болно шүү. Гаднын орныхон интервенцээ хийгээд эхэлж" гэлээ. 

Судалгаанаас гарсан дүгнэлт, зөвлөмжийн талаар дараах зүйлсийг онцолж байна.  

  1. 2020 онд төрийн худалдан авах ажиллагаанд 2.5 их наяд төгрөг төлөвлөгдсөн ба нийт тендерийн 50-аас дээш хувийг шалгаруулахаар төлөвлөсөн хугацаа нь 2020 оны эхний гурван сард байна. Зарлахаар төлөвлөсөн тендерийн санхүүжилтийг дахин эргэцүүлж, эдийн засгийн уналттай байгаа энэ үед нэн шаардлагатай байгаа салбарууд болох худалдаа, боловсрол болон хөдөө аж ахуйн салбаруудад хөрөнгө оруулах хэрэгтэй юм.
     
  2. Бизнес эрхлэгчдийн тулгамдаж буй томоохон асуудлын нэг бол эдийн засгийн уналттай үед гарах том зардлын нэг болох цалингийн зардал юм. Зарим бизнес цалингаа тавьж чадахгүй ажилчдаа түр чөлөөлөх, цаашлаад халах эрсдэлд орж байна. Гэтэл Улаанбаатарын дийлэнх оршин суугч цалингийн орлоготой байдаг. Тиймээс төсвийн санхүүжилтээс бизнес эрхлэгчдэд санхүүгийн туслалцаа үзүүлэх нэн шаардлагатай байна. Үүнд, татварын болон зээлийн хөнгөлөлт, цалингийн хуваан төлөлт хамаарна.
     
  3. Импортолж буй тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн дээр тариф ногдуулснаар төгрөгийн ханшийн уналтыг барих боломжтой.
     
  4. Олон улсын байгууллагууд төсвийн алдагдал дээр санхүүжилт олгохын оронд хөгжлийн хөтөлбөрийг санхүүжүүлдэг. Тиймээс олон нийтэд ашиг тустай хөтөлбөрийг олон улсын байгууллагуудын тусламжтай хэрэгжүүлэх хэрэгтэй.
     
  5. Нэг бизнес дампуурахад нийт эдийн засагт цочрол өгнө. Улмаар эдийн засагт айдас үүсэж худалдан авалт буурч мөн НӨАТ дагаад буурна. Хувийн бизнесийн дампуурлыг сэргийлэхийн тулд иргэдийг худалдан авалт хийхийг дэмжих хэрэгтэй ба энэ нь эдийн засгийн эргэлтийг сайжруулах явдал. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд бизнесүүдийг ажилчдаа цалинтай амраахад туслалцаа үзүүлэх, гэртээ хүүхдүүдээ харж буй эцэг, эхэд мөнгөн туслалцаа үзүүлэх, мөн эмзэг бүлгийн сарын ашиглалтын төлбөр дээр тусламж үзүүлэх хэрэгтэй. 
     
  6. Томоохон уул уурхайн төсөл үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон. Гаднаас зөвлөхүүд ажилчид ирэх боломжгүй болсон. Улмаар зарим нэг зардлууд хойшлох нь. Үүнтэй зэрэгцээд ГШХО-д цар тахлын дэгдэлт ямар нөлөө үзүүлэх нь одоогоор мэдэгдэхгүй байна. Нэг талаасаа түүхийн эдийн үнэ унаснаар ГШХО зогсох хандлагатай болж мэдэхээр байна.
     
  7. Засаг төсвийн тодотгол хийх боломж, хугацаа улам багассаар байна.