Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Ээлжит мэдээллээ хийж байна. Өнгөрсөн 24 цагийн өмнө мэдээлснээс хойш тус халдвар дэлхийн 109 оронд бүртгэгдсэн байна. БНСУ, Япон, Америк, Итали, Иранд халдвар эрчтэй тархсан хэвээр байна.
Бид гуравдугаар сарын 8-нд мэдээлэхдээ Дорноговь аймагт Францын иргэн тусгаарлагдсан талаар хэлж байсан. Тус иргэний сорьц нь өчигдөр өглөө ХӨСҮТ-д ирсэн. Шөнийн 02:00 цагт шинжилгээний хариу гарч коронавирус илэрсэн гэх хариу гарсан тул коронавирус илэрсэн анхны тохиолдол гэж үзэж, бүртгэсэн.
Тус хүн нь гадны иргэн. ЭМЯ-наас халдвар дэлхийгээр гарч эхлэхэд анхааруулж байсан. Манай оронд халдвар орж ирвэл тархах өндөр эрсдэлтэй гэж мэдээлж байсан. Тус иргэн манай улсад халдварыг зөөвөрлөж авч ирсэн тохиолдол. Энэ хүний ойрын бүх хавьтлыг судалгаа шинжилгээнд авсан. Ирсэн цагаас нь эхлээд ХӨСҮТ нарийн хянаж байсан" гэв.
Мөн тэрбээр "Өнөөдрөөс эхлэн НЭМҮТ-ийн 119 гэсэн яаралтай утас 24 цагаар ажиллана. Хэрвээ халдварын шинж тэмдэг илэрвэл иргэд өөрийгөө тусгаарлан 100,103 болон Эрүүл мэндийн байгууллагын 24 цагийн утсаар зөвлөгөө авах хэрэгтэй. Яаран эмнэлгийн байгууллагад ирэх нь халдвар тархах эрсдлийг улам нэмэгдүүлнэ” хэмээн зөвлөв.
Шууд үзэх:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!