Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Цагаан сарын амралтын өдрүүддээ ургийн бичгээ цахим орчинд хөтөлж эхэлцгээе!

Ч.Болортуяа
2020 оны 2 сарын 19
iKon.MN
https://www.facebook.com/mongoltv/videos/2685635205007826/?t=8

Ургийн бичиг хөтлөлт нь хүн өөрийн удам угсааг таньж, мэдэх, түүх, соёлын өндөр ач холбогдолтой зүйл билээ. 

Энэ удаад Монгол ТВ -ийн "Нүүдэл Шийдэл" нэвтрүүлгээр ургийн бичиг хөтлөх ач холбогдлыг цус ойртолтын нөхцөл байдалтай уялдуулан хэлэлцлээ.

Шинэ коронавирусийн тархалтын аюултай холбоотойгоор энэ удаагийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр гараад байна. Хэдийгээр Цагаан сарын баярыг тэмдэглэхийг хорьсон ч шинийн 1, 2, 3-ний өдрүүд амралтын өдрүүд хэвээр байгаа. Тиймээс эдгээр цаг завтай байх үеэ ашиглан төрөл саднууд цахимаар, утсаар мэнд мэдэлцэхдээ ургийн бичгээ хөтөлж эхлэхийг уриалж байна. Технологийн тусламжтайгаар өнөөдөр ургийн бичгийг цахимаар хөтлөх олон боломж нээгдээд буй.

Нэвтрүүлэгт оролцогчдын онцлох эшлэлийг хүлээн авна уу.

 

ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгийн секторын эрхлэгч, АУ-ны доктор Э.Энхмаа

-Цус ойртолтыг шууд цус ойртолтын хэлбэр, алсуур цус ойртолтын хэлбэр гэж 2 ангилдаг.

-Шууд цус ойртолт цусан төрлийн ах дүү хамаатан гэрлэхэд үүсдэг. Нэг баг, аймгийн уугуул хүмүүс олон үе дамнаад өөр хоорондоо гэрлээд байвал алсуур цус ойртолт бий болж ерөнхий цус ойртолтын түвшинд нөлөөлдөг.

-Удамшлын 11 системийн генүүдийн гомосегот давтамжтай нь хэд байгаа, гетро сегот давтамжтай нь хэд байна гэдгийг 21 аймгийн хүн амын түвшинд тогтоосон судалгаа байгаа. Уг судалгаанд хүн судлаач эрдэмтэд 30 гаруй жилийн хөдөлмөрөө зориулсан.

-Аливаа улс үндэстэн хүн амын удмын сангаа хамгаалахад хэрэглэдэг үндсэн 3 арга байдаг.

  1. Овгоо мэддэг овог дотроо гэрлэдэггүй.
  2. Гэрийн угийн бичгээ хөтөлдөг
  3. Хүн амын хөдөлгөөнийг их сайн тэтгэж байх ёстой байдаг.

-1997 онд Засгийн газрын 17-р тогтоолоор Монголчууд овгоо сэргээж эхэлсэн ч нэг гэр бүлийн эхнэр нөхөр хоёр хоёулаа боржигон овогтой, нэг гэр бүлийн ах дүү хоёр иргэний үнэмлэх дээрээ өөр овог тавьсан байх жишээгээр үүнийг будилуулчихсан учраас одоо бидний иргэний үнэмлэх дээр байгаа ургийн овог бол үр хүүхдүүд цус ойртохгүйгээр гэрлэхэд ач холбогдлоо алдчихсан.

-Монголчууд ургийн бичгээ хөтөлдөг уламжлал 1925 оноос хойш тасарсан.

-Одоо бид бүхэнд хамгийн түрүүнд авч хэрэгжүүлэх ёстой арга хэмжээ бол гэрийн угийн бичгээ хөтлөх арга л үлдсэн.

- Мэдээж бүх л удамшлын өвчин цус ойртолттой холбоотой биш.

-Аливаа үндэстний унаган зэрлэг шинжүүдийг бий болгодог генийн шинжүүд нь гарал үүслийнхээ төвд бөөгнөрч байдаг. Гарал үүслийнхээ төвөөс алслагдах тусам унаган шинжүүдийг тодорхойлдог генүүдийн давтамж цөөрөөд нуугдмал байдаг шинжүүдийг илэрхийлдэг генийн давтамж ихэсдэг.

-Хүн 32,040 гентэй, 46 хоромсомтой. 32,040 генийн 16,020 генийг ааваас, 16,020 генийг ээжээс авдаг.

-Ургийн бичгээ хөтлөхдөө өөрөөсөө дээшээ мэдэх үе хүртлээ бичээд түүнээс залгаад доошоо хүүхдүүддээ өвлүүлж таслахгүй хөтөлж чадвал бид хэдэн үеийн дараа 9 үеэ мэддэг болно.

 

МУИС-ийн Антропологи, Археологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Бум-Очир

-Цус гэдэг өөрөө маш ерөнхий зүйл.

-Цус ойртолтын тухай ярих гэж байгаа бол эхлээд генийн тухай, ДНК-ийн тухай ярих ёстой.

-Генетикийн шижилгээ өгсөн маш олон Монгол хүмүүсийн хариу Африк, Европчуудын генетикийн шинж тэмдэг гардаг.  Энэ юу харуулж байгаа вэ гэхээр хүн төрөлхтөн Африкт үүсжээ гэдгийг харуулдаг.

 

МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн багш, ШУ-ны доктор, профессор Д.Түмэн

-Би Монголчуудыг цус ойртоод аюулын түвшинд очсон гэдэгтэй санал нийлдэггүй.

-Нүүдэлчдийн ген солилцоо маш эрчимтэй явагдаж байдаг.

-Генийн гажигтай гарч байгаа хүүхдүүд орчин үеийн соёл иргэншил, Монголчуудын амьдралын хэв маяг өөрчлөгдсөнтэй холбоотойгоор янз бүрийн хүчин зүйлээс болж байгаа гэж бодож байгаа.

-Хүн төрөлхтөний ген Африкаас гаралтай. Монгол ген гэж энийг хэлнэ гэсэн зүйл байхгүй.

-Хүннүчүүд бол бидний өвөг дээдээс мөнөөсөө мөн.

 

Архивын ерөнхий газрын эрдэм шинжилгээний ажилтан, доктор Г.Дашням

-Үндэсний төв архивын баримтууд 16-р зууны эхэн үеэс эхэлдэг. Цаасан суурьтай баримтууд 1674 оноос эхэлдэг. 1674 оноос хойш Төрөөс удмын сангийн талаар явуулж байсан бодлогыг архивын баримтаас харж болно.

-Ургийн бичиг гэдэг бол гэрийн түүх юм. Гэрийн түүхийг Монголчууд 2 янзаар үйлддэг.

  1. Түүхчлэн бичих
  2. Хүснэгтчилэн зурж үзүүлэх

-Түүхчлэн бичих гэдэгт тухайн бичиж байгаа хүн өөрийн мэддэг хамгийн дээд үеэсээ эхлэн өөрийгөө хүртэл бичээд, өвөг дээдсээ ямар нэр цол хэргэмтэй байсан, ямар гавьяа цолтой байсныг түүхчилж бичихийг хэлнэ.

-Угийн бичгийг хүснэгтчилэн хийхэд Монголчууд 3 төрлийн арга хэрэглэдэг.

  1. Дээрээс нь доош нь цувруулж бичих. Үе болгоныг нэг мөрт бичих
  2. Тойрог хэлбэрээр бичих
  3. Модны салаа мөчир мэт зурах

-Угийн бичгийг ганцхан цус ойртолттой холбож ойлгож болохгүй. Энэ бол нийгмийн, хүмүүжлийн гээд маш олон ач холбогдолтой.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.