Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Дөлгөөнтэнгис: Манай газрын станц таван хиймэл дагуултай зэрэг ажилладаг

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 2 сарын 13
Сурталчилгаа
Зураг зураг

Олон улсын сансрын холбооны “Интерспутник” байгууллагаас гишүүн орнуудын дунд анх удаа зохион байгуулсан сонгон шалгаруулалтад Монголоос “Исатком” компани оролцож, шалгарсан юм. Ингэснээр орчин үеийн технологийн дэвшлийг өөрийн улсдаа хэрэгжүүлэх аж. Тухайлбал, иргэд интернэт, телевиз, телефоны гурвалсан үйлчилгээг 200 Мбит/сек хүртэл хурдаар хүлээн авахаас гадна үүрэн холбооны 4G, 5G дамжуулалтыг хийх, мөн автомашин, хурдны галт тэрэг, онгоц зэрэг хөдөлгөөнт объектод ашиглах боломжтой. Энэ талаар бид “Исатком ХХК”-ийн гүйцэтгэх захирал Ц.Дөлгөөнтэнгистэй ярилцлаа.

МОНГОЛЫН КОМПАНИ ТЕНДЕРТ ЯЛАВ

-Сансрын холбоог дэмжих зорилгоор зохион байгуулсан тендерийн шалгаруулалтын эргэн тойрон дахь мэдээллээр хоёулаа яриагаа эхэлье. Хэчнээн улс орон оролцов, төслийн шалгуур нь юу байв? 

-Энэ тухай ярихаас өмнө Олон улсын сансрын “Интерспутник” байгууллагын тухай ярих хэрэгтэй болов уу. ОХУ-д төвтэй уг байгууллага анх 1971 онд эгнээндээ есөн орныг нэгтгэн байгуулагдсан байдаг. Үүнээс хойш тус байгууллагын үйл ажиллагаа улам өргөжин тэлж, одоогоор 26 улс гишүүнээр элссэн байна. Монгол улсын хувьд “Интерспутник”-т элссэн анхны есөн орны нэг. Тиймээс сансрын холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоор ирсэн. Уг байгууллагын үндсэн үйл ажиллагаа нь хиймэл дагуулын зурвасыг бусдад түрээслэх юм. Өнгөрсөн жил /2019/ анх удаа гишүүн орнуудынхаа дунд тендерийн сонгон шалгаруулалт зарласан. Өөрөөр хэлбэл уг сонгон шалгаруулалтад гишүүн 26 орон оролцсон гэсэн үг. Үүнд оролцож, шалгарснаар өөрийн орны сансрын холбооны бизнесийг хөгжүүлэх боломжийг бий болгож байгаа юм.

 
 

-Танай компани уг тендерт монгол улсаа төлөөлж оролцсон. Яг ямар төсөл боловсруулж оролцсон бэ?

-Манай компани сансрын холбооны дэвшилтэт технологийг Монголд анхлан нэвтрүүлэхийг зорьдог. Тиймээс 2012 онд DVB-S2 стандартыг Монголд анх нэвтрүүлж байв. Энэ удаагийн тендерт бид үүний дараагийн үе болох DVB-S2X стандарт бүхий орчин үеийн газрын станцыг Монголд нэвтрүүлэх төслөөр оролцсон. Улмаар төсөл маань шалгарч, бид газрын шинэ станцаа угсарч хамгийн сүүлийн үеийн технологи ашигласан үйл ажиллагаагаа эхлүүллээ.

ТӨСӨЛ ХЭРЭГЖЭЭД ЭХЭЛЖЭЭ
 

-Газрын станц гэдгээ тодорхой тайлбарлахгүй юу. Үүнийг байгуулснаар үйлчилгээний ямар нөхцөлүүд бий болох вэ? 

-Газрын станц гэдэг нь хиймэл дагуулаар дамжуулан алслагдсан хэрэглэгчдэд мэдээ, мэдээллийг хүргэх, хүлээн авах боломж бүхий цогц систем юм. Үүнийг байгуулснаар иргэд харилцаа холбооны бүхий л үйлчилгээг хүлээн авах боломжтой. Хамгийн гол нь шилэн кабель, радио релей зэрэг газрын сүлжээнээс үл хамааран иргэд Монгол орны газарзүйн байршил хамаарахгүй хаанааас ч мэдээлэл технологийн хүссэн үйлчилгээг авах юм. Тухайлбал Монгол орны аль нэг газарт гар утасны сүлжээ оруулах боломжгүй бол зөвхөн сансрын холбоо ашиглан сүлжээ оруулах боломжтой байдаг. Үүнтэй адил Монгол орны аль ч цэгт интернет шаардлагатай бол зөвхөн сансрын холбоогоор дамжуулан хүргэх боломжтой юм. 

-Тэгэхээр монгол орны өнцөг булан бүрт интернэт хэрэглэх боломж бүрдлээ гэсэн үг үү? Шинэ стандартын онцлог, давуу тал юу вэ?

-Яг тийм. DVB-S2X стандарт нь S2 стандартаасаа илүү өндөр багтаамжийг бий болгож, өндөр хурд гаргах боломжтой байдаг. Эдийн засгийн хувьд хиймэл дагуулын зурвасыг илүү үр дүнтэй ашиглана гэсэн үг. Ингэснээр хэрэглэгчээс авах үйлчилгээний хураамж багасах давуу тал үүсэж байгаа юм.

-Төсөл шалгарах бол эхний даваа. Дараагийн том ажил нь хөрсөн дээр бодитоор буулгах. Энэ хүрээнд ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байна вэ? Ажлын явцын талаар ярихгүй юу? 

-Сансрын холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч хэд хэдэн улсын цөөн тооны компаниуд бий. Үүнээс бид Израйль улсын Gilat Satellite Networks компанийн зах зээлд хөгжүүлж гарган борлуулаад удаагүй SEII-c X-Architecture газрын станцыг төсөлдөө сонгон оруулсан. Учир нь тус байгууллагын технологи нь эцсийн хэрэглэгч дээр очих зардлыг бууруулж чаддаг. Хиймэл дагуулын зурвасыг маш үр ашигтай ашигладаг. Өнөөдрийн байдлаар бид Gilat компанитай гэрээ байгуулан газрын станцыг өнгөрсөн 2020 оны нэгдүгээр сард аравхан хоногийн дотор угсарч суурилуулаад байна. “Интерспутник” компани шаардлага хангаж шалгарсан төсөл нь учраас санхүүг нь шийдвэрлэсэн байгаа.

ХИЙМЭЛ ДАГУУЛ МАШ ЧУХАЛ

-Харилцаа холбооны салбар тэр дундаа хиймэл дагуулын үйлчилгээнээс бид  сүүлийн үеийн технологийн дэвшлийг хардаг. Хурдны тээвэр, нисэх онгоцонд хүртэл интернэт ашиглах боломжтой болжээ. Гэтэл манайд хурдны галт тэрэг ч алга. Хөгжлийн ийм ялгаатай байдал салбарын бүтээмжид нөлөөлөх үү?

-Мэдээж нөлөөлнө. Өнөөдөр бидэнд технологи нь байна. Гэвч харамсалтай нь бусад салбар ашиглах тал дээр маш удаашралтай байна. Сансрын холбооны хамгийн гол элементийн нэг бол хиймэл дагуул. Улс орнууд өөрийн гэсэн хэд хэдэн хиймэл дагуултай байдаг. Манай орны хувьд хиймэл дагуулгүй учир гадны орны хиймэл дагуулаас зурвас түрээслэх хэлбэрээр үйлчилгээ үзүүлж байна. Монгол улс өөрийн гэсэн хиймэл дагуултай байвал хэрэглэгчдэд газрын шилэн кабелийн сүлжээ, 4G, 5G технологийн ижил үнэтэй үйлчилгээг Монгол орны хаана ч амьдран сууж буй иргэддээ хүргэхэд бэлэн байна. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын орон сууцны айл өрх, үүрэн холбооны гар утсаараа интернэтийн үйлчилгээг авч байгаа шиг, малчны хотноос хиймэл дагуулаар интернэтэд орох хоёр төлбөрийн ямар ч ялгаагүй болно гэсэн үг л дээ.

-Хиймэл дагуултай болох асуудалд Харилцаа холбооны зохицуулах хороо анхаарал хэр хандуулдаг юм бол, ер нь та бүхний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хамтрах тал дээр ямар үнэлгээ өгөх вэ? 

-Бид Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай ямагт уялдаа холбоотой ажилладаг. Салбарын бодлого, зохицуулалтын байгууллагуудаас баталсан дүрэм, журмыг дагах нь бидний үүрэг. Монгол улс маань удахгүй өөрийн гэсэн хиймэл дагуултай болох байх. Үүний тулд эдгээр газрууд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. Бид ч энэхүү ажлыг дэмжин, ашиглах технологи, газрын станц, хэрэглэгчийн төхөөрөмжүүдээ бэлдчихлээ.

ХЭРЭГЛЭГЧДЭД ОЛГОЖ БУЙ ДАВУУ ТАЛУУД

-Газрын станцын мэдээллийг боловсруулах, түүнийг Олон улсын мэдээллийн санд бүртгүүлэх зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэхэд хүний нөөц, мэргэжлийн боловсон хүчин хэрэгтэй. “Исатком ХХК”-ийн зүгээс энэ асуудлыг хэрхэн шийдэж байна вэ? 

-Манай компани анх 2004 онд байгуулагдаж үйл ажиллагаа эхэлсэн. Энэ үеэс сансрын холбооны чиглэлээр зөвлөгөө өгөх болон угсралт суурилуулалтын ажлуудыг хийсээр ирсэн. Боловсон хүчний хувьд манай компани 10-аас 20 гаруй жил сансрын холбоогоор дагнан ажилласан мэргэжилтнүүд ажилладаг маш том давуу талтай. Мэдээж дараагийн залуу үеэ бас үргэлж сургаж, дадлагажуулж байна. Сая шинэ газрын станцаа суурилуулж дуусаад 7-н ажилтнаа сургалтанд хамрагдуулж, мэргэжлийн гэрчилгээтэй болгочихлоо. Үйл ажиллагаа жигдрэхээр дахин 3-н ажилтнаа ахисан шатны сургалтанд олон улсын сургалтын төвд явуулахаар төлөвлөж байна.

-Танай компани одоо юун дээр төвлөрч ажиллаж байна, мөн цаашдын зорилго, хийж хэрэгжүүлэх ажил юу вэ?

-Бид урьд нь зөвхөн албан байгууллагуудад үйлчилгээгээ хүргэдэг байсан бол шинэ технологийн газрын станцын тусламжтайгаар айл өрхөд үйлчилгээгээ хүргэх, цаашлаад малчин өрхөд гурвалсан үйлчилгээ /интернэт, телевиз, телефон/ хүргэхээр ажиллаж байна. Мөн уг газрын станцын тусламжтайгаар эцсийн хэрэглэгч 200Мбит/сек хурдаар үйлчилгээ авахаас гадна үүрэн холбооны 4G, 5G үйлчилгээг өндөр хурдаар дамжуулах бүрэн боломжтой юм. Үүнээс гадна манай газрын станц нэгэн зэрэг ТАВАН хиймэл дагуултай ажиллах хүчин чадалтай. Тиймээс Монголд сансрын холбооны үйлчилгээ эрхэлж буй байгууллагууд манай газрын станцаар дамжуулан өөрийн dedicated, managed сүлжээг зохион байгуулахад ашиглаж үйлчилгээгээ хүргэх нь санхүүгийн, технологийн хувьд маш үр ашигтай байх болно. Үүнээс гадна манай газрын станцыг ашигласнаар тухайн байгууллагууд хиймэл дагуулын зурвасаа 51 хүртэл хувиар хэмнэхээс гадна газрын станц болон хэрэглэгчээ бүрэн хянах боломжтой. Энэ бол орчин үеийн технологид суурилсан хөгжил. Ийм саналаас татгалзахгүй байх гэж итгэж байна.

-Баярлалаа, амжилт хүсье!

Ярилцсан: Ц.Заяа

 

Веб хуудас:  http://www.isatcom.mn/mn/

Facebook: https://www.facebook.com/isatcommn/