Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Залилах гэмт хэргийн хохирол жилд 250-300 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Залилах гэмт хэрэгт өртөж, үл хөдлөх хөрөнгөөрөө хохирсон эмэгтэй бидэнд мэдээлэл өглөө.

Хоёр жилийн хугацаанд хамтран амьдарсан залуу нь өөрт нь хайртай мэтээр итгүүлж байр, машиныг нь нэр дээрээ шилжүүлэн авжээ.

Энэ тухай хохирогч эмэгтэй ярихдаа “Би 2017 оноос хоёр жил орчим түүнтэй амьдарсан. Тэр итгэлийг минь олж аваад эд хөрөнгийг минь өөрийнхөө нэр дээр болгосон. Түүнийг хараад хэн ч залилагч гэж бодохгүй. 

Бид танилцаад жил орчмын дараа нэг гэрт орсон. Байраа түүний нэр дээр шилжүүлснийхээ дараа залилуулсан гэх сэжиг надад төрсөн юм.

Хамгийн хачирхалтай нь намайг залилуулсан гэж сэжиг авч эхлэхэд тэр өөрөө цагдаа дуудсан. Бүх юмыг маань өөрийнхөө нэр дээр болгосон учраас бардам цагдаа дуудсан байх.

Би залилагчийг өөрөө дагуулж яваад, хуулийн дагуу бичиг баримтаа нэр дээр нь шилжүүлчихсэн учраас бодит байдлыг анхнаасаа сайн нягталж, залилагчид боломж олгохгүй байх хэрэгтэй гэж бусдад захимаар байна" хэмээн өгүүлэв.

Мөн "Миний хохиролын хэмжээ 150 орчим сая төгрөг. Мөрдөн байцаагч 3-4 удаа солигдсон бөгөөд мөрдөн шалгах явц удаан байна. Энэ хэрэг цагдаагийн байгууллагад 2019 оны дөрөвдүгээр сарын 25-наас хойш шалгагдаж байгаа мөртлөө одоо л залилагчийн буруутайг тогтоогоод байна.

Магадгүй хамт амьдарч байсан болохоор энэ хэргийг шийдвэрлэхэд ээдрээтэй байсан байж болох юм. Сүүлд миний олж мэдсэнээр над шиг ингэж залилуулсан олон хүн байдаг юм билээ. Гэхдээ тэд залилуулсан гэдгээсээ ичээд цагдаагийн байгууллагаар явдаггүй тухай хэлсэн.

Энэ мэт залилагчдаас болж нэгэндээ итгэж болохгүй, алхам тутамдаа айдастай байсаар байх уу" гэв.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг 2017 онд улсын хэмжээнд 2,996 бүртгэгдэж байсан бол 2018 онд 5,372, 2019 онд 7,821 болж, хоёр жилийн хугацаанд 261.0 хувиар огцом өсжээ.

Цагдаагийн байгууллагад шалгагдаж буй залилах гэмт хэргийн 60 хувийг иргэд хооронд хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулах болон хүүтэй, хүүгүй мөнгө зээлэхтэй холбоотой хэрэг эзэлж байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн мэргэжилтэн Ө.Лхагвабаяр хэлж байв.



"Залилагчид залилсан хөрөнгөө ихэвчлэн дараагийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигладаг"

Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, Цагдаагийн ахмад Ц.Отгоннямаас зарим зүйлийг тодрууллаа.

 

-  Хамтран амьдрах нэрээр эд хөрөнгийг нь өөрийн нэр дээр шилжүүлэн авч залилсан тухай хохирогч ярилаа. Хамтран амьдрагчаа залилсан тохиолдол хэр их байдаг юм бэ?

-  Хамтран амьдрагчаа залилна гэдэг бол удаан хугацаанд итгэл төрүүлж, өөрийнхөө нэр дээр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж авах замаар хохироож байгаа хэлбэр. Ийм тохиолдол нэлээд олон бүртгэгддэг.

Залилах гэмт хэрэг нь өөрөө маш олон хэлбэрээр үйлдэгдсэн байдаг бөгөөд бусад төрлийн гэмт хэргийг бодвол хугацаа алдах нь элбэг. Өөрөөр хэлбэл, иргэд хулгайн гэмт хэрэгт өртсөн тохиолдолд шууд цагдаагийн байгууллагад ханддаг бол залилах төрлийн гэмт хэрэгт өртсөн иргэн хоног хугацаа алдаж мэдэгддэг гэсэн үг.

- Залилагч этгээдүүд зохион байгуулалттайгаар үйлддэг үү. Үүнээс иргэд хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Залилагч этгээдийн хувьд санаатайгаар болон санамсаргүй байдлаар энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн байдаг. Санаатайгаар үйлдэж байгаа хүмүүсийн хувьд зохион байгуулалттайгаар үйлдэгддэг тохиолдлууд бий.

Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монголбанк, Монголын банкны холбоо болон ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба хамтран "Ятгах тусам нягтал" аяныг эхлүүлээд байгаа.

Иргэдэд зөвлөхөд ямар нэгэн байдлаар хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон санхүүгийн бичиг баримтаа бусдад шилжүүлэхдээ хууль хяналтын газраас зөвлөгөө авах хэрэгтэй. Гол нь иргэд маань эрх зүйн мэдлэг дутмагаас болж залилах гэмт хэргийн хохирогч болж байна.

- Залилах гэмт хэргийн хохирлын дээд хэмжээ хэд байдаг вэ. Тухайлбал өнгөрсөн оны хувьд?

- Ямар төрлийн залилах гэмт хэрэг үйлдсэнээс хамаарч харилцан адилгүй. Сүүлийн гурван жилийн статистик мэдээллээс харахад залилах гэмт хэргийн хохирлын хэмжээ жилд нийт 250-300 гаруй тэрбум төгрөгт хүрсэн байна.

- Хохирлыг төлж барагдуулсан тохиолдол нь хэд вэ?

-  Залилах гэмт хэрэг дээр хугацаа алдаж мэдэгддэг гэж дээр дурдсан. Тийм учраас залилагч этгээд баригдахдаа ихэвчлэн залилсан хөрөнгөө аль хэдийн зарцуулаад дууссан байдаг.

Гэхдээ цагдаагийн байгууллага жилд дунджаар залилангийн гэмт хэргийн 30-40 хувийг эргэн төлүүлж байна. Ингэхдээ холбогдогч этгээдийн эд хөрөнгийг битүүмжлэх, хураан авах замаар шүүхийн шатанд шийдвэрлэгддэг.

- Ихэвчлэн юунд зарцуулдаг бол?

- Залилагч этгээд залилсан хөрөнгөө хувьдаа ашиглахаас гадна ихэвчлэн дараагийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байдаг. Энэ нь бусдад мөнгөтэй мэт харагдаж, итгэлийг нь олж авахын тулд үнэтэй машин, байр түрээслэх гэх мэтээр харагдах байдалдаа зарцуулдаг гэсэн үг.