Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

"Бусдын фэйсбүүкт нэвтэрч хүн залилсан тохиолдолд цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг хэргээр давхар зүйлчлэн шалгадаг"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хялбар аргаар мөнгө олох гэсэн сэдэлтэй хүмүүсийн балгаар иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна.

Залилах нь гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн 17.3-аар зүйлчлэгддэг. 

2019 оны гуравдугаар улирлын байдлаар Залилах гэмт хэрэг улсын хэмжээнд 4,125 бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 19.5 хувиар өссөн үзүүлэлт аж.

Цагдаагийн байгууллагад шалгагдаж буй залилах гэмт хэргийн 60 хувийг иргэд хооронд хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулахтай холбоотой болон хүүтэй, хүүгүй мөнгө зээлэхтэй холбоотой хэрэг эзэлж байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн мэргэжилтэн Ө.Лхагвабаяр хэлсэн юм.

Мөн тэрбээр "Сүүлийн үед цахим сүлжээ ашиглаж залилан хийсэн тохиолдол ихсэж байгаа" гэдгийг онцоллоо. 

Иймд иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс цахим орчинд үйлдэгдсэн залилах гэмт хэрэгтэй холбоотой зарим мэдээллийг хүргэж байна.

Цахимаар үйлдэгдэгддэг гэмт хэргийн төрөл олшрох болжээ. Ялангуяа, бусдын фэйсбүүк хаягт нууцаар нэвтэрч, олон хүн рүү бичин данс руугаа мөнгө шилжүүлж авсан, олны танил хүмүүсийн зурагтай хуурамч хаягнаас их хэмжээний мөнгө амлан уралдаан, тэмцээн зохиож бусдыг залилах хэрэг сүүлийн үед түгээмэл гарах болсон байна. 

Тухайлбал, өнгөрсөн сарын сүүлээр хөтлөгч Б.Болд өөрийн фэйсбүүк хаягаа хакердуулсны улмаас олон хүнийг санхүүгээр хохироосон тухайгаа өөрийн биеэр мэдээлж байв.

Энэ талаар Ө.Лхагвабаяр "Сүүлийн үед фэйсбүүк хаягийнхаа нууц үгийг алдах тохиолдол гарах болсон. Ингэж нэвтэрсэн ихэнх тохиолдолд таах оролдлогоор халдсан байна. Үүнийг иргэд өөрийн фэйсбүүк, твиттер гэх мэт цахим хэрэгслийнхээ нууц үгийг өөрийн төрсөн өдөр, утасны дугаар гэх мэтээр амархан хийж байгаатай холбоотой гэж үзэж байна.

Харин иргэд энэ төрлийн халдлага, залилангаас сэргийлэхийн тулд аль болох тоо, үсэг, тэмдэгт холилдсон маягаар нууц үгээ хийх хэрэгтэй" гэв.

Хувь иргэний фэйсбүүк хаягаар хууль бусаар нэвтэрч бусдыг залилсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-т зааснаар "Залилах гэмт хэрэг" гэж үзэхээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1-д заасанчлан "Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг"-т тооцогдож, давхар зүйлчлэн шалгадаг.

Харин хуурамч аккаунт, пэйж хуудас үүсгэн бусдыг ямар нэг байдлаар залилан, хохироосон тохиолдолд Залилах гэмт хэргээр зүйлчлэн шалгадаг аж.

Тэгвэл цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1-26.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн тохиолдол улсын хэмжээнд энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 52 бүртгэгджээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 40.5 хувиар өссөн үзүүлэлт байна.

Харин 2019 оны арваннэгдүгээр сарын байдлаар Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст 580 орчим хэрэг бүртгэгдсэн гэх албан бус тоо бий. Статистик мэдээллийг оны эцэст нарийвчлан гаргадаг хэмээн албаныхан хэлж байв.

Энэ онд цахим орчинд үйлдэгдсэн залилангийн шинжтэй хэргүүдээс дурдвал:

  • Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс 18-25 насны гурван бүлэг залуусыг дайчлан баривчилж, шалгасан. Тэд олны танил эрхмүүдийн зургийг ашигласан пэйж хуудас үүсгээд түүндээ хуурамч зар тавьж, иргэдийг санхүүгээр хохироосон байна.Тус хэргийн хохирлын хэмжээ 22 сая төгрөг бөгөөд нийт 150 гаруй хохирогчтой.
  • Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 18 настай эмэгтэй мөн цахим сүлжээ ашиглан, иргэдийг залилсан хэрэг гарчээ.Энэ хэрэг нь урьдчилсан байдлаар 350 орчим хохирогчтой, 16 сая орчим төгрөгийн хохиролтой бөгөөд цаашид ч өсөх хандлагатай байгаа аж.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчид нь 18-25 орчим насны, дээд боловсролтой хүмүүс байдаг гэдгийг Ө.Лхагвабаяр онцлов.

Мөн тэрбээр "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд эх сурвалж нь тодорхойгүй холбоос руу нэвтрэхгүй байх, олны танил эрхмүүдийн зурагтай, бэлэг дурсгал амалсан аливаа уралдаан тэмцээнд оролцож, мөнгө шилжүүлэхгүй байх шаардлагатай" хэмээн зөвлөв.

Монгол Улсад 2012 оноос эхлэн олон нийт цахим сүлжээг идэвхтэй ашиглах болсон бөгөөд тухайн жилд улсын хэмжээнд цахим орчинд үйлдэгдсэн 14 гэмт хэрэг бүртгэгдэж байжээ. Харин энэ тоо 2017 онд 299, 2018 онд 659 болж нэмэгдсэн бол 2019 оны эхний есөн сарын байдлаар 584 гэмт хэрэг үйлдэгдээд байгаа тухай ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн ахмад Д.Будзаан хэлж байсан билээ.