Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

О.Баасанхүү: Ахмадуудын зээлийг тэглэх мөнгө яг байна уу?

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Он солигдох мөчид Монгол Улсын Ерөнхийлөгч тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэхээр ҮАБЗ санал нэгдсэн талаар мэдээлсэн. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийв. ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ хүрээнд тэрбээр Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төсөл боловсруулснаа хэлсэн юм. 

“Монгол Улс 29 тэрбум ам.долларын өртэй. Өрийн хамгийн ноцтой нь, дефолт  буюу улс дампуурвал Парисын клуб хэмээх хандивлагч орнуудын клубээр Монгол Улсын өрийг зардаг. Авах сонирхолтой орон ч байгаа. Өмнө нь дефолт болох дээрээ тулж байхад Монгол Улсын газар нутгаас авах талаар яриа гарч байсан. 

Хоёрдугаарт, Ерөнхийлөгч Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж хэлсэн. Тэгвэл Салхитын мөнгөний орд хэний өмч вэ? Энэ ордтой холбоотой хахуулийн хэрэг гарах үеэр Хятадын ЭСЯ-ныхантай уулзахад хахуулийн асуудлыг танайх хуулиараа шийдэх байх. Оруулсан хөрөнгөө бид хамгаална гэж байсан. Энэ хэрэг өнөөдөр шүүхээр эцэслэгдэн шийдэгдэж, хахууль авсан гэгдэж буй зургаан шүүгчийн гэм буруутай нь тогтоогдож, өмчлөл хэнийх болсон бэ гэдгийг Ерөнхийлөгчөөс асуумаар байна. 

2019 оны арваннэгдүгээр сарын мэдээллээр тэтгэвэр авсан ахмадуудын зээл, хүү нийлээд 776 тэрбум төгрөг төлөх хэрэгтэй. Нийт 233,034 хүн зээлийн данс нээсэн байна. Манай улс 300 орчим мянган ахмадтай. Тиймээс үнэхээр өгөх гэж байгаа бол ахмдуудаа алагчилмааргүй байна. 

Гэтэл ахмадуудын зээлийг тэглэх мөнгө яг байна уу? Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах гурван арга байна. Өөрийн мөнгөөр ухах гэхээр манайх өртэй. Зээл авч, бонд гаргах арга байна. Өмчлөл нь тодорхойгүй ийм орд дээр хэн ч зээл өгөхгүй. Эсвэл хэн нэгнээр ухуулж ашгаа авах боломж байна. Төрд бол мөнгө байхгүй. 

Тиймээс Салхитын мөнгөний ордын өмчлөл, 776 тэрбум төгрөг хоёрыг ҮАБЗ-өөс тодруулж баталгаажвал хуулийн төслөө өргөн барихад бэлэн. Хуулийн төсөлд 55 нас хүрсэн эмэгтэй, 60 нас хүрсэн эрэгтэйчүүдээ, зээл аваагүй нь зээл аваад, нэг л удаа авъя гэж байгаа юм. Гэтэл мөнгө нь эргэлзээтэй байна. Салхитын мөнгөний ордод үйлдвэр баригдаагүй. Нэг ч хүн шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй, нэг ч шүүгчид хариуцлага тооцоогүй байгаа” гэлээ.