Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын улаан загалмай нийгэмлэг ₮1.93 тэрбумын, хүмүүнлэгийн ажил хийжээ

ikon.mn
2019 оны 12 сарын 27
iKon.MN
 

Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийлэх үйл ажиллагааг уламжлал ёсоор өнөөдр буюу арванхоёрдугаар сарын 27-ны өдөр зохион байгуулж, 50 гаруй зочид төлөөлөгч оролцлоо. 

Талархал илэрхийлэх үйл ажиллагааг нээж тус нийгэмлэгийн Ерөнхий нарын бичгийн дарга Н.Болормаа “Хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжин, нийгмийн сайн сайхны төлөө, иргэд рүү чиглэсэн олон үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Онцгой байдлын Ерөнхий газар, төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагууд, хувь хүн, аж ахуйн нэгж Та бүхэндээ талархал илэрхийлье. Монголын улаан загалмай нийгэмлэг 2019 онд Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбооноос баталсан үндэсний нийгэмлэгийн хүчин чадлыг үнэлэх, баталгаажуулах "OCAC" үнэлгээнд оролцож, олон улсын гэрчилгээ гардан авсан Ази, Номхон далайн бүсийн анхны, дэлхийн 4 дэх үндэсний нийгэмлэг боллоо. Бид энэ гэрчилгээг хүлээн авч, амжилт, хүрсэн түвшингээ бататгахын тулд ирэх жилүүдэд илүү хариуцлагатай, үр бүтээлтэй, шинэлэг хэлбэрээр ажиллаж, нийгмийн эмзэг байдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулах болно” гэв.

Мөн энэ 2019 онд хийсэн ажлынхаа талаарх мэдээллийг танилцууллаа. Үйл ажиллагааны үеэр хамтран ажилласан зарим байгууллагын төлөөллийг Монголын улаан загалмай нийгэмлэгийн шагналаар шагнаж урамшуулсан юм.

Үүнд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Глобаль сан, Скай Резорт, Тээврийн цагдаагийн алба, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Цэргийн төв эмнэлэг, Милко ХХК, Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагад талархал илэрхийлж, өргөмжлөл гардуулсан юм.

Монголын улаан загалмай нийгэмлэг 2019 онд Төр-Улаан загалмайн хамтын ажиллагаа бүх түвшинд идэвхтэй ажиллаж, хамтын ажиллагааны хүрээнд 1 тэрбум 929 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг улсын болон орон нутгийн төсвөөс авч, хүмүүнлэгийн салбарт төрдөө нэмэлт хүч болж ажиллах үүргээ биелүүллээ.

Мөн “Энержи ресурс”, “Монос-Улаанбаатар” “Худалдаа хөгжлийн банк”, “Азийн хөл бөмбөгийн холбоо”- той хамтран ажиллах санамж бичигт гарын үсэгт зурж, хамтын ажиллагааны хүрээгээ уламж өргөжүүлэв. “Энержи Ресурс” компанитай хамтран хүүхдийн эсэн мэнд амьдрах эрхийг хамгаалж, зүрхний төрөлхийн эмгэгтэй 40 хүүхдийг БНХАУ-д мэс заслын эмчилгээнд хамруулж, олон айлд аз жаргал бэлэглэж байна. “Бяцхан зүрх” төсөлд нийт 64 хүүхэд хамрагдана.

Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран “Бүс ба Зам-Гэрэлт аялал” хөтөлбөрийн хүрээнд Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар аймаг, Улаанбаатар хотын нүдний болор цайх өвчтэй 851 хүнийг үзлэгт хамруулж, 310 хүнд нүдний болор суулгах хагалгаа хийсэн юм. “Эмзэг бүлгийн иргэдийн дунд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэг, эмчилгээ, хяналт” төслийн хүрээнд 8 удаагийн үзлэгээр 679 орон гэргүй, эмзэг бүлгийн иргэдийг хамруулж, 14 тохиолдлыг илрүүлэн дараагийн шатны эмчилгээнд хамруулав.