Даллас хотын эмэгтэй цагдаа гэрээ андуурч хөршийндөө ороод хар арьстан залууг буудаж хөнөөсөн хэрэг жил орчмын өмнө гарч байв.
Өчигдөр энэ хэргийн шүүх хурал болж, 31 настай Амбер Гайгерыг хүн амины хэрэгт буруутган яллах шийдвэр гаргажээ.
Техас мужийн хуулиар хүн амины хэрэг үйлдсэн этгээд таваас 99 жилийн хорих ял эдэлдэг.
Гайгерт яг хэдэн жилийн хорих ял оноохыг шүүгч нар сүүлд шийдвэрлэхээр болжээ. Өмгөөлөгч нь цагдаа эмэгтэй хэрэг хийх үедээ айж балмагдсан, төөрч будилсан байсан тул хөнгөн ял оноохыг шүүгчдээс хүссэн байна.
2018 оны есдүгээр сард ээлжнээсээ буусан Гайгер гэртээ ирэхдээ давхар андуурч дээд давхрынхаа айлд орсон юм. Хаалга нь түгжээгүй байхыг харсан Гайгер гэрт нь хулгай орсон гэж бодоод гэрийн эзэн 26 настай Ботам Жаныг албаны гар буугаар буудаж хөнөөжээ.
Хэргийн нөхцөл байдал ховор тохиолдол байсан, мөн зэвсэггүй хар арьстнууд цагдаа нарын гарт амиа алдсан хэд хэдэн хэрэг гараад байсан цаг үе тул энэхүү эмгэнэлт явдал Америкийн нийгмийн анхаарлын төвд орсон юм.
“Дэлхийн хамгийн том гурван санхүүгийн компанийн нэгт ажилладаг, дээд боловсролтой, мэргэшсэн нягтлан бодогч, 26 настай хар арьстан залуугийн амийг хөнөөсөн энэхүү хэргийг бусад гар хоосон хар арьстнуудын аллагын хэргийг Америкт шүүсэнтэй адил замаар шийдэх ёсгүй байсан” гэж Ботам Жаны гэр бүлийг өмгөөлж буй Бенжамин Крамп хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэж байв.
Хохирогчийн талын бас нэг өмгөөлөгч Ли Меррит “Энэ бол зөвхөн Ботам Жаны гэр бүлийхний ялалт биш, Америкийн бүх хар арьстнуудын том ялалт юм. Цагдаа нар өөрийн үйлдэлд хариуцлага хүлээдэг байх ёстой. Өнөөдрийн шийдвэр дэлхий даяар бодлогын өөрчлөлт гарах эхлэл болно гэдэгт найдаж байна” гэж мэдэгджээ.
Шүүх хурлын үеэр хохирогчийн гэр бүлээс нулимс дуслуулан уучлалт гуйсан Гайгер “Би өөрийнхөө гэрт орлоо гэж бодсон” гэж 20 орчим удаа давтан хэлсэн байна.
Далласт гурван жилийн өмнө таван цагдаагийн албан хаагч бусдын гарт алагдаж байсан нь түрүүлж арга хэмжээ авахад нөлөөлсөн, орон сууцных нь давхар хооронд ялгаа бага, адил зохион байгуулалт, тохижилттой байсан, буу гаргахад хохирогч ойртож ирсэн зэрэг ял шийтгэлийг хөнгөлөх шалтгаануудыг Гайгерын өмгөөлөгчид гаргаж тавьсан ч шүүх хүлээж аваагүй байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!