Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Зимбабвегийн удирдагч асан Мугабег хаана оршуулах асуудал маргаантай байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт 95 насандаа таалал төгссөн Зимбабвегийн ерөнхийлөгч асан Роберт Мугабег хаана оршуулах талаар маргаан дэгджээ.

Мугабегийн шарил түүний эмчлүүлж байсан Сингапурын хувийн эмнэлэгт хадгалагдаж байгаа юм.

Зимбабвегийн одоогийн эрх баригчид түүнийг нийслэл Харарегийн ойролцоох дурсгалын цогцолборт оршуулахаар төлөвлөсөн байна. Оршуулахаас өмнө үндэсний стадиондоо Африкийн нэр хүндтэй удирдагчдыг урьж оролцуулсан томоохон ёслолын арга хэмжээг төлөвлөжээ.

Харин Мугабегийн эхнэр Грэйсийн найз нөхөд, холбоотнууд экс ерөнхийлөгчийг гэрээслэлийнх нь дагуу нийслэл Харарегаас 100 орчим километр зайтай оршдог төрөлх тосгон Звимбад ойр дотных нь цөөн хүмүүсийн оролцоотой оршуулах ёстой гэж үзэж байгаа гэнэ.

2017 оны арваннэгдүгээр сард цэргийн эргэлтээр засгийн эрхийг авсан этгээдүүд Мугабегийн нэр хүндийг улс төрийн рэйтингээ өсгөхөд ашиглах ёсгүй гэж тэд үзэж байгаа юм.

Мугабегийн 37 жилийн засаглал авлига, эдийн засгийн уналт, хүний эрхийн зөрчлөөр дүүрэн байсан ч тэр Зимбабвег колоничлолоос салгасан эрх чөлөөний төлөө тэмцлийн удирдагч гэгддэг.

Одоо ч олон хүн түүнийг Зимбабвегийн үндэсний баатар гэж хүндэлдэг.

Африкийн орнуудыг 1960-аад онд Европын колоничлолоос чөлөөлсөн нэг үеийнхний сүүлчийн хүн нь Мугабе болж байгаа юм.

Үндэсний баатраасаа салсан Зимбабве улс өнөөдөр инфляцийн хэт өсөлт, 80 хувийн ажилгүйдэл, ядууралтай үлдэж байна.

“Мугабегийн эрин өндөрлөхөд ядуу, хуваагдмал Зимбабве үлдлээ” гэж тус улсын өдөр тутмын томоохон сонины нүүрэнд нийтлэгдсэн өгүүллийг гарчиглажээ.

 

Эх сурвалж: The Guardian