Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ-ын визэнд 5 саяын барьцаа шаардахгүй, хууль ёсоор зорчиж байсан иргэний визийг 10 хоногт шийдвэрлэхээр боллоо

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БНСУ-д зорчих журамд орсон өөрчлөлтийн талаар гадаад хэргийн яам, БНСУ-ын элчин сайдын яам хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.

 Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөнгийн урилгаар БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөделгөөний албаны дарга Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад айлчилсан билээ. 

Энэ үеэр Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгч X.Баттулга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт бараалхаж, яриа хэлэлцээ хийсэн аж. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Эдгээр айлчлал, уулзалт арга хэмжээний үр дүнд "БНСУ-ын виз мэдүүлж буй монгол иргэдэд тулгарч буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр дараах шийдвэрийг 2019.09.02-ны өдрөөс эхлэн хэрэгжүулж эхлэхээр тогтлоо. Үүнд:

  • БНСУ-ын ЭСЯ-ны визийн материал шалгах үүрэг бүхий консулын орон тоог 2-оор нэмэх /Наймдугаар сард багтан ажилдаа орно/
  • Виз мэдүүлэхэд байршуулж буй 5 сая төгрөгийн барьцаа байршуулах шаардлагыг цуцлах
  • БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй монгол иргэдийн гэр бүл /эхнэр, нөхөр/-ямар нэг мөнгөн барьцаа, нэмэлт шаардлага тавихгүйгээр сүүлийн 6 сарын хугацаанд гэр бүлдээ шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын хуулгыг хавсарган өгсөн тохиолдолд 90 хоногийн виз олгох
  • БНСУ-д визийн хугацааг хэтрүүлэх магадлал багатай, тус улсад өмнө нь хууль ёсоор зорчиж байсан иргэд болон төрийн албан ажлаар зорчих иргэдийн виз мэдүүлгийг яаралтай горимоор хянаж 10 хоногийн дотор шийдвэрлэх зэрэг болно" хэмээн ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг онцолсон юм. 
Өнөөгийн байдлаар 6,700 орчим монгол иргэн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна
 
Гэрэл зургийг MPA.mn

ГИХГ-ын дарга Д.Мөрөн "Айлчлалын гол яриа нь визийн шаардлагыг хөнгөвчлөх, хоёр орны хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцох чиглэлээр өрнөсөн. Одоогийн байдлаар Монгол Улсын 46,000 орчим иргэн БНСУ-д оршин сууж байна.

Харин 6,700 орчим монгол иргэн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна. Эдгээр иргэдийн ар гэрийнхэн үр хүүхэд нь гэрээгээр ажиллаж байх хугацаанд нь БНСУ-д зорчих бололцоог хангах асуудлаар бид өнгөрсөн жил айлчлахдаа санал тавьсан. Гэх мэтчилэн өмнө жил ярьсан асуудлууд урагштай явж, үр дүн гарч байгаад баяртай байна” гэлээ.