Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Люксембург марихуаныг хуулиар зөвшөөрсөн Европын анхны улс болно

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Европын бяцхан вант улс Люксембург ойрын үед марихуаныг хуулиар зөвшөөрсөн Европын анхны улс болох гэж байгаагаа зарлажээ.

Тус улсын эрүүл мэндийн сайд Этиен Шнайдер хэвлэлд ярихдаа “Сүүлийн 50 гаруй жил мөрдсөн мансууруулах бодисын бодлого маань үр дүнгээ өгсөнгүй. Юмыг хориглох бүрт залуусын сонирхол улам нэмэгддэг. Тиймээс мансууруулах бодист илүү нээлттэй сэтгэлгээгээр хандах цаг болсон” гэсэн байна.

Ойрын хоёр жилийн дотор тус улсын 18-аас дээш насны иргэд марихуаныг зугаа цэнгээний зориулалтаар хэрэглэх эрхтэй болох ажээ. Марихуаны үйлдвэрлэл, борлуулалтыг Люксембургийн засгийн газар тусгай агентлагаар дамжуулан зохицуулах гэнэ.

Үүнтэй холбоотой хуулийн төслийг энэ оны сүүлээр парламентад өргөн барихаар болжээ. Харин улс орноо мансуурагчдын аялал жуулчлалын төв болгохгүйн тулд Люксембургийн иргэн биш хүмүүст марихуан худалдахыг хориглох төлөвлөгөөтэй байгааг Шнайдер ярьсан байна.

12-17 насны өсвөр үеийнхэн таван граммаас бага хэмжээтэй марихуан биедээ авч явахыг зөвшөөрөх ба харин үүнийг хэтрүүлбэл хатуу шийтгэлтэй болгох ажээ.

Шнайдер сайд өөрийнх нь улсын санаачилга Европын Холбооны бусад гишүүн улсуудад үлгэр жишээ болно гэж бодож байгаагаа ярьсан байна.

Люксембург улсад одоо марихуаныг эмчилгээний зориулалтаар ашиглахыг зөвшөөрдөг. Мөн бага хэмжээтэй хэрэглэхийг зөвшөөрдөг ч үйлдвэрлэх, худалдах, худалдаж авахыг нь хууль бус үйлдэлд тооцдог юм.

Хэрвээ Люксембург улсын төлөвлөгөө хэрэгжвэл Канад, Уругвай улсууд болон АНУ-ын арван нэгэн мужийн араас марихуаны хэрэглэгээг зөвшөөрөгчдийн жагсаалтад нэмэгдэх ажээ.

 

Эх сурвалж: The Guardian