Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Эрүүл хүүхэд олон өнгийн будаг ашиглан зурдаг

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Хүмүүс өөрийн биеийн байдлыг хэр сайн мэдэж буйг тогтоох аргуудыг анагаах ухааны судлаачид урт хугацааны туршид судалсаар байна. Энэ явцдаа олон арга нээсний нэг нь өвчтөний зурсан зургаас биеийн байдал, өвчнөө хэр сайн мэдэж буйг нь тодорхойлох юм. Энэ талын судалгааг 1970-аад оноос хийж эхэлжээ. 

Эдгээрээс “Healthy Psychology Review” сэтгүүлд энэ оны нэгдүгээр сард хэвлэгдсэн нэгэн судалгааг онцолж байна. Судалгааг Оклэндын их сургууль /University of Auckland/-ийн доктор Элизабет Броадбэнт болон түүний багийнхан хийж, өвчтөнүүдийн зурсан зургаас өвчнөө хэрхэн мэдэрч, ойлгож байгааг тодорхойлохыг зорьсон байна.

 

Бөөр шилжүүлэн суулгуулсан, зүрхний шигдээстэй, зүрхний дутагдалтай зэрэг хүнд өвчтэй хүмүүс болон өөрийн биед санаа зовниж буй хүмүүс том хэмжээний зураг зурдаг нь судалгааны явцад ажиглагджээ. Өөрөөр хэлбэл, том хэмжээтэй зураг нь биеийн байдлаа ноцтойгоор хүлээж авч буйг нь илтгэх бөгөөд нөгөө талаас зургийн хэмжээ хэр том байгаа нь биеийн байдал тааруу байгаатай холбоотойг судлаачид онцолсон юм. 

Түүнчлэн өөр нэг онцлох зүйл нь дүрслэл ба өнгө будаг хэр ашигласнаас хамаарч биеийн байдлыг тааварлаж болох тухай юм. 

 

Эрүүл хүүхэд зурахдаа олон төрлийн өнгө будаг ашигладаг бол бие нь тааруу хүүхэд өнгө будаг төдийлөн хэрэглэдэггүй аж. Мөн сэтгэл гутралд орсон өвчтөнүүд цөөн өнгө, хэрэглэгдэхүүнийг ашигладаг байна.

Ийнхүү хүмүүсээр зураг зуруулах нь яагаад чухал талаар судлаачид “Өвчтөнүүд бие, сэтгэлийн хувьд юу мэдэрч байгааг мэдэх нь эмч, мэргэжилтнүүдийн хувьд хэзээд чухал байдаг. Тэгвэл зураг зурах нь биеийн байдал, дотоод мэдрэмжийг ил болгож буйгаараа олон талын ач холбогдолтой” гэж тайлбарлажээ. 

 

Эх сурвалж: WEF