Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Мөнхийн хөршүүдийн өгсөж уруудаж ирсэн харилцаа

Ц.Даваасамбуу, Үндэсний шуудан
2019 оны 7 сарын 9
Үндэсний шуудан
Зураг зураг

Монгол Улс болон БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, хоёр орны хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулсны 25 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Дэлхийн улс гүрнүүдээс хамгийн эртний иргэншилтэй хоёр улс туурга тусгаар оршин, хэдэн мянган жилийн тэртээгээс харилцан эдийн засаг, соёлын харилцааг хөгжүүлж ирсэн түүхтэй.

1949 оны аравдугаар сарын 16-нд БНМАУ, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосноор Монгол, Хятадын харилцааны шинэ үе эхэлсэн байдаг. БНХАУ, БНМАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших эхний 10 гаруй жилд (1949-1962) хоёр орны харилцаа нэлээд идэвхтэй өрнөсөн. Гэвч 1960 оноос Зөвлөлт-Хятадын харилцаанд огцом өөрчлөлт гарч, хоёр орон марксист-ленинист онол, дайн болон энхийн асуудал, гадаад дотоод бодлогын чиг шугамын талаар зөрөлдөж эхэлсэн.

Ерөнхийдөө дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд Монгол-Хятадын харилцаа харилцан тусалж, найрсаг хандах харилцаанаас харшилдан сөргөлдөж түнжин тасрах саад тотгортой он жилүүдийг туулж, өгсөж уруудаж ирсэн. Гэвч бүхэлд нь авч үзвэл Монгол, Хятад Улс сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлж, харилцан ойлголцож, хамтдаа хөгжих замд шилжин эдүгээтэй золгож байна.

1989 оноос хоёр орны харилцаа сэргэн хэвийн болж, 2003 онд сайн хөршийн харилцан итгэсэн, түншлэлийн харилцааг тогтоосноос хойш хоёр орны улс төр, эдийн засаг, нийгмийн бусад салбарын харилцаа өргөжин хөгжиж, 2011 онд хоёр орны харилцаа стратегийн түншлэлийн хэмжээнд хүрсэн.

Энэ нь хоёр орны ард түмний эрх ашигт бүрэн нийцэж, харилцан хамтдаа хөгжих боломж олгож, хоёр орны харилцаа түүхэн дэх нэн таатай цаг үедээ ирээд байгаа юм. БНХАУ-ын эдийн засгийн эрчимтэй хөгжилтэй уялдан тус улсын дэлхий дахины болон бүс нутаг дахь үүрэг оролцоо, нөлөөлөл улам бүр өсөн нэмэгдэж буй өнөө үед тус улсын дотоод байдал, гадаад бодлого, геополитикийн томоохон асуудлыг тал бүрээс нь судлах шаардлага хөрш улс болох Монгол төдийгүй дэлхий дахины өмнө тулгараад байна.

БНХАУ нь олон жилийн турш Монголын хувьд худалдааны хамгийн том түнш бөгөөд бараа бүтээгдэхүүнээ экспортолдог гол орон нь хэвээр байсаар ирсэн. 2002 онд ердөө 324 сая ам.доллараар хэмжигддэг байсан хоёр талын худалдааны хэмжээ 2017 онд 6.7 тэрбум ам.долларт хүрч өссөн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 2017 онд Хятадтай хийсэн худалдаа Монголын нийт гадаад худалдааны 63 хувийг эзэлсэн байна.

Өнгөрсөн оны наймдугаар сард Монголын Гаалийн ерөнхий газраас гаргасан статистик мэдээнд дурдсанаар, манай улс 2018 оны эхний долоон сарын хугацаанд 60 гаруй улс руу бараа бүтээгдэхүүн экспортолсон. Нийт экспортолсон бараа бүтээгдэхүүний 86 гаруй хувийг Хятад руу гаргажээ. 2014 онд Ши Жиньпин Монголд айлчлах үеэр хоёр улсын худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн билээ.

Худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын хүрээнд Хятад руу мал аж ахуйн гаралтай болон уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг илүү ихээр экспортлох хүсэлтэй байгаагаа Монголын тал илэрхийлээд буй. Хятад Улс Монголын энэ хүсэлтийг харгалзан үзэж, хил дамнасан тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, далайд гарахад нь үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ гэж тус улсын Гадаад хэргийн сайд Ван И айлчлалынхаа үеэр мэдэгдсэн юм.

Түүнчлэн хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх 1,008 айлын орон сууцны төслийг нээх ёслолын тухай, Тосонцэнгэл-Улиастайн чиглэлийн 67 км замын төслийг эхлүүлэх, Шанхайн олон улсын импортлогчдын үзэсгэлэнгийн үеэр “Invest Mongolia" хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт зохион байгуулах зэрэг манай саналыг БНХАУ-ын тал хүлээн авчээ.

Мөн Монголын тал Хятадын талын төслийг хүлээж аваад сайтар судалж танилцан, цөөнгүй ажлыг өөрийн талын төсөлд тусган хамтран хэрэгжүүлэхээр болоод байгаа. Үүнд, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний бүтээлийн монгол орчуулгын хэвлэлийн нээлтийн ёслол зохион байгуулах саналыг хүлээн авсан төдийгүй, “Хятадын киноны cap”, “Хятадын кино долоо хоног", Хятадын баримтат кино, телевизийн жүжгийг нэвтрүүлэх cap”, “Хятадын теле жүжгүүдийн талаарх монгол үзэгчдийн уулзалт”, “Хятад-Монголын нэгдсэн хаврын үдэш", "Монголын орон нутгийн залуучуудын нүдээр Хятад-Монголын харилцаа 70 жилд" зэрэг Хятадын талын олон ажлыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх зэрэг ажил багтсан.

Хоёр улсын төрийн тэргүүн хамгийн сүүлд буюу “Бүс ба Зам” олон улсын чуулга уулзалтын үеэр уулзахдаа Монгол, Хятадын харилцааны зөв чиглэлийг хадгалан, улс төрийн үндсэн суурийг бодит үйл хэргээр хамгаалж, “Бүс ба Зам”, “Хөгжлийн зам”-ын төслүүдийг хооронд нь уялдуулахын тулд тодорхой арга хэмжээ авахаар санал нэгдсэн.

Худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд гэхэд, БНХАУ-аас Монгол Улсад олгосон буцалтгүй тусламж болон зээлийг богино хугацаанд үр дүнтэй ашиглах талаар илүүтэй анхаарч, зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн бус нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнүүд, ялангуяа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийн тулд хоёр тал хамтран ажиллахаар тохиролцсон.

Айлчлалын явцад хоёр тал нийтдээ 20 баримт бичигт гарын үсэг зурсан. Энд нэг зүйлийг онцолбоос, Монголын Засгийн газар ямар нэгэн зээл авч үйлдвэрүүд байгуулахгүй бөгөөд хоёр улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хамтарсан үйлдвэрүүд барихдаа бүх эрсдэлээ өөрсдөө үүрнэ гэсэн хэлэлцээр юм. Тухайлбал, манай улсын “Эрдэнэс стийл” компани Хятадын талтай хамтран кокс, ган төмөрлөгийн үйлдвэрийн цогцолбор барихаар тохиролцож, хэлэлцээрт гарын үсэг зураад буй.

Хятадын банкнаас зээл авч байгуулах уг гангийн үйлдвэр бүрэн баригдаж дууссанаар жилд 10 сая тонн ган үйлдвэрлэх бөгөөд энэ үед Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулчихсан байхаар тооцжээ. Ингэснээр тус хамтарсан үйлдвэр бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах боломжтой болно. Үүнээс гадна, “Шинэ Амгалан хороолол”-ыг барих гэж буй "Гангар инвест” компани Хятадын банкнаас зээл авахаар тохиролцсон.

"Мошеа эко энержи” компани шинэ нисэхийн хажууд барьж байгаа 50 Мвт-ын 65 сая ам.долларын өртөгтэй нарны цахилгаан станцын тоног төхөөрөмжөө зээлээр авч байгаа бол Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг барихад шаардагдах 550 сая ам.долларын зээлийн гэрээнд тарын үсэг зурлаа. Энэ бүхэнд Засгийн газрын зүгээс ямар нэгэн баталгаа гаргахгүй бөгөөд эрсдэлийг хэлэлцээр байгуулсан компаниуд хариуцах юм.

Үүнтэй холбоотойгоор зарчмын хувьд цоо шинэ нэгэн санааг төрийн айлчлалын үеэр дэвшүүлсэн нь “Хамтдаа шинээр үнэ цэнэ бий болгож, үр шимийг нь тэгш шударгаар хуваан хүртэж, харилцан ашигтай байдлаар хамтран ажиллацгаая” гэсэн зарчим юм.

Өөрөөр хэлбэл, Монгол Улс байнга тусламж авч байдгийг багасгая, ер нь цаашдаа улс орнууд бие биедээ хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж өгөхөөсөө илүүтэй хамтран ажиллаж, үнэ цэнийг хамтдаа бий болгоё гэсэн санаа юм. Монголчууд “Хөршөө сонгодоггүй” гэж ярьдаг шиг Хятадад ч бас “Хөршийн харилцаа сайн байвал амгалан, тайван байна” гэдэг үг байдаг.

Монгол Улсын энх тайвнаар оршин тогтнож, дэлхийн хөгжлөөс хоцрохгүй тогтвортой хөгжиж байхын чухал нөхцөл бол хөрш орнуудтайгаа найрсаг харилцаатай байж, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх юм.

Дэлхийн улс төр эдийн засгийн амьдралд шийдвэрлэх нөлөө үзүүлэх чадвартай, хурдацтай хөгжиж буй хүчирхэг хоёр хөрш улстай жижигхэн Монгол Улс найрсаг бөгөөд харилцан ашигтай харилцааг тогтоож, улсынхаа хөгжлийн бодлогыг хоёр хөрш улсын хөгжлийн бодлоготой ухаалгаар уялдуулж чадаж байж л хөгжих боломж бүрдэх билээ.

Зураг