Цасанд, шавранд, элсэнд суучихсан байхад нөгөө л эрдэмт ах маань ирээд татаад өгчихдөг бол сайхан аа. Даанч амьдрал тэгж шийдэхгүй ш дээ.
Хүчтэй тэрэгтэй залуус давхиж ирээд машиныг чинь ханзлаад хаячих юм бол тус биш ус болно. Туслая гэсэн хүнээс мөнгө нэхэлтэй биш.
Суудлын седаны гупер байтугай том жийпний урд тэнхлэг тэр чигээрээ мултраад гараад ирж байгаа бичлэг Youtube-ээр зөндөө бий.
Туршлагагүй хүн анх машин татахдаа ихэвчлэн угз татдаг. Хурд хүчээ буруу мэдэрч байна гэсэн үг. Хэрвээ гүн суусан хүнд машиныг буруу татвал аль нэг машин эвдэрч таарна аа даа. Энэ л эрсдэлээс сэргийлж мэргэжлийн татлага бүр өөрийн даацтай, тэмдэглэгээтэй байх бөгөөд түүнээс хэтэрсэн тохиолдолд аль аль талд аюулгүйгээр тасрах зориулалттай.
Татлага тасарсанд гомдолгүйгээр, үнэтэй гуперээ ханз татахаас сэргийлсэндээ баярлах хэрэгтэй.
Тээр нэг зун би машинтайгаа татуулсан юм. Зөвхөн араасаа татуулах боломжтой байсан бөгөөд аварга том пикапаар татуулав. Намагнаас асуудалгүй гарсан боловч намайг чирэгч эр маань яагаад ч юм зогссонгүй. Би тоормослох боловч нэмэргүй чирэгдсээр байлаа.
Ямар ч хүчтэй юм, нилээн хурдтай явж байна шүү. Нэг мэдсэн миний чиглэл хазайж тэр зүүн тийшээ, би баруун тийшээ явж эхлэв. Дундуур том мод ороод ирлээ. За, би ч, модонд гэнэт татагдаад онхолдох нь дээ, гэж бодоод сэтгэл санааны хувьд өөрийгөө бэлтгэсэн шүү юм бодсоор.
Гэтэл ашгүй модонд тулсан татлага тасарч би аврагдсан юм. Нөгөө мангар эр дээр очоод яаж байгааг асуутал шаварнаас найдвартай гаргах нь зөв гэж бодсон тухайгаа хэлдэг юм даа. Күй ээ нээрээ.Тэгж л даацтай, даацын дугаартай, мэргэжлийн татлаганд үнэхээрийн баярлаж билээ. Тэр тасраагүй бол машин бид хоёр лавтай 2-3 өнхрөх байсан даа.
Төгсгөлд нь хэлэхэд татлага яагаад тод шар байдгийг мэдэх үү
Татлага нь Emergency Kit буюу Ослын үеийн бүтээгдэхүүн юм. Ослын үед ашиглах бүх зүйл тод өнгөтэй, цаанаа олон зүйлийг бодож тооцоолсон байдаг.
Өнгөгүй юмуу хар бараан татлага байсан гэж бодъё. Татлагыг хараагүй хэн нэгэн түүнд тээгэлдэж унах, 2 жолоочид харагдахгүй зэрэг эрсдэл гарах боломжтой.
Уул уурхайн техник хэрэгслүүд шар өнгөтэй байдаг нь ч түүнтэй холбоотой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!