Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Америкийн хэсэг тэрбумтнууд өөрсдөөсөө илүү татвар авахыг эрх баригчдад уриалжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Америкийн хэсэг тэрбумтнууд өөрсдөөс нь илүү их татвар авахыг уриалсан ил захидал бичжээ.

“Америкийн хүн амын хамгийн чинээлэг нэг хувийн дотор хамгийн чинээлэг 10 хувь нь болдог биднээс авдаг татвараа боломжийн хэмжээнд нэмэхийг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн бүх нэр дэвшигчдэд уриалж байна” гэж уг захидалд өгүүлсэн байна.

Захидалд 19 хүн гарын үсэг зурсны нэг нь нэрээ нууцалжээ. Тэдгээрийн дотор нэрт санхүүч Жорж Сорос, Фэйсбүүкийн үүсгэн байгуулагчдын нэг Крис Хьюжес, Walt Disney-н өв залгамжлагчид, Hyatt зочид буудлын сүлжээний эзэд зэрэг тэрбумтнууд багтсан байна.

“Дараагийн шинэ татварыг Америкийн дунд болон доод орлоготой иргэдээс биш, харин хамгийн баян хүмүүсээс авах ёстой” гэж тэд бичжээ. Татварын нэмэлт орлогыг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эдийн засгийг сайжруулах, хүн амыг эрүүлжүүлэх, ардчиллыг бэхжүүлж, хүн амд хөгжих тэгш боломж олгоход зарцуулахыг уриалсан байна.

2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс Ардчилсан Намын төлөөлөгчид чинээлэг хүн амаас авах татварыг өсгөх тухай ярьж байгаа.

Нэрт тэрбумтан Уоррен Бафет нэг удаа өөрийнх нь нарийн бичгийн дарга өөрөөс нь илүү өндөр хувиар татвар төлдөг болохыг мэдээд гайхаж байгаагаа илэрхийлж байв.

 

Эх сурвалж: AFP