Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Нямдулам: Сүрьеэгээр хамгийн их өвчилж байгаа нь 15-34 насныхан

Б.Энхмарал, iKon.mn
2019 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг хайх нь” олон улсын эрдэм шинжилгээний хурал хоёр дахь удаагаа Монгол Улсад зохион байгуулагдаж байна.

Өнөөдөр нээлтээ хийсэн тус хурал хоёр өдрийн турш үргэлжлэх бөгөөд БНХАУ,  ОХУ,  БНАСАУ,  БНСУ,  Япон зэрэг улсуудаас илтгэгч, төлөөлөгчид оролцон,

  • сүрьеэгийн тархалт, түүнийг илрүүлэх судалгааны аргууд,
  • сүрьеэгийн хяналт, эмэнд тэсвэртэй сүрьеэг хэрхэн эмчлэх,
  • Монгол Улсын сүрьеэгийн тандалтын тогтолцооны стандартын талаар хэлэлцэж байна.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү оролцогчдыг танилцуулснаар хурлын үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ.

“Хятад улс сүүлийн 20 жилд сүрьеэгээс шалтгаалсан нас баралтыг 80 хувиар бууруулж чадсан”
 
Гэрэл зургийг mpa.mn

Эхний илтгэгчээр БНХАУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв, Сүрьеэгийн хяналт сэргийлэлтийн үндэсний төвийн Дэд захирал Чен Мининг “Хятад улс дахь сүрьеэгийн хяналт” сэдвээр илтгэл толилуулав.

Тэрбээр илтгэлдээ “БНХАУ сүрьеэг устгах стратегийн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд 13 дахь таван жилийн төлөвлөгөөг боловсруулж Төрийн Зөвлөлөөр 2017 онд батлуулсан. Энэхүү төлөвлөгөөнд 2020 онд сүрьеэгийн шинэ тохиолдлын түвшинг 100,000 хүн амд 58 болгон бууруулах гол зорилт тавьсан.

Хятад улс сүрьеэгээр өвчлөгсдийн тоогоороо дэлхийд Энэтхэгийн дараа ордог. Гэхдээ тэд сүүлийн 20 жилд халдвартай хэлбэрийн сүрьеэгийн тархалтыг хоёр дахин, сүрьеэгээс шалтгаалсан нас баралтыг 80 хувиар бууруулж, жилд дунджаар 300,000 хүнийг өвчлөхөөс урьдчилан сэргийлж чадсан байна.

Төлөвлөөний хүрээнд ард иргэдийнхээ дунд эрт илрүүлэгийг сайжруулан, өвчилсөн хүмүүст яаралтай эмийн эмчилгээ хийх, сүрьеэгийн тусламж үйлчилгээний тогтолцоог сайжруулах, хяналт, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зорилтот бүлгийн хүн амд чиглүүлснээр сүрьеэгээр өвчлөгсдийн тоог үнэмлэхүй багасгаж чадсан.

2010 онд сүрьеэ өвчний асуудлаарх НҮБ-ийн Мянганы хөгжлийн зорилтод хүрсэн ба энэ нь дэлхий нийтийн сүрьеэг устгах зорилтод хүрэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Хятад улсад 2001-2018 оны хооронд сүрьеэ өвчний шинэ тохиолдлын түвшин жил бүр 3 хувиар буурсан нь дэлхийн нийтийн бууралт буюу 1.5 хувьтай харьцуулахад илүү байгаа юм”  хэмээн ярилаа.

Б.Нямдулам: 3-6 сард сүрьеэгийн тохиолдол хамгийн их бүртгэгдэж байна
 
Гэрэл зургийг mpa.mn

Үүний дараа ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн судалгааны алба, тархвар судлаач Б.Нямдулам  “Монгол Улс дахь сүрьеэгийн тандалтын тогтолцооны стандарт, жишиг болон сүрьеэгийн тархвар судлалын үнэлгээ” сэдэвт илтгэлээ танилцуулав.

“Монгол Улсад 2015 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас хийгдсэн тархалт судалгаагаар Монгол Улсад сүрьеэ өвчний тохиолдол оношлогдсон тохиолдлоос гурав дахин их байна гэж дүгнэсэн. Ингээд ДЭМБ-аас зөвлөмж ирүүлсэн бөгөөд зөвлөмжийн хэрэгжилтийг судлахаар 2018 онд дахин судалгаа хийсэн.

Уг судалгааг бүс нутгаар авч үзвэл 2011 оноос хойш Монгол Улсын төвийн  бүсээр буюу Улаанбаатар хотод 700-800 сүрьеэ өвчний шинэ тохиолдол, баруун бүсээр 400-500, зүүн бүсээр 200-250 шинэ тохиолдол бүртгэгдсэн байгаа нь хүн амын нягтаршил, хотжилт зэрэгтэй холбоотой гэж үзэж байна.

Нийт шинээр бүртгэгдэж буй сүрьеэ өвчнийг сар бүрээр судалсныг үзвэл 3-6 сард уг өвчний тохиолдол хамгийн их бүртгэгдэж байна. Энэ нь агаарын температур, хуурайшилт зэрэгтэй холбоотой юм.

Хүйсээр нь авч үзвэл сүрьеэ өвчтэй хүмүүсийн дунд хүйсийн ялгаа бараг байхгүй. Харин насны хувьд 15-34 насны хүмүүс хамгийн ихээр өвчилж байгаа гэх тоо бүртгэгдсэн байна.

Мөн ДЭМБ-аас дэвшүүлсэн 13 стандартаас Монгол Улс долоог нь бүрэн биелүүлсэн, гурвыг нь хагас биелүүлсэн, гурвыг нь огт биелүүлээгүй гэсэн үзүүлэлттэй байгаа юм. Энэ нь бусад орнуудтай харьцуулахад БНСУ-ын дараа, ОХУ-тай ижил, Казахстан болон Киргиз улсаас өндөр байгаа нь Монгол Улс энэхүү стандартыг сайн биелүүлж чадсан гэх үнэлгээ болсон” хэмээн ярилаа.

Биелэгдэж чадаагүй гурван стандартыг авч үзвэл:

  1. Монгол Улсад 1,000 амьд төрөлт тутмын 17.8 хувь нь төрөхдөө сүрьеэгийн өвчлөлтэй төрдөг. Гэвч ДЭМБ-аас 1,000 амьд төрөлтөд сүрьеэгээр өвчилсөн тоо 10 хувиас дээшгүй байх ёстой гэж заажээ.
     
  2. ХДХВ-ийн илрүүлгийн хэмжээ 80 хувьтай байх ёстой бол Монгол Улсын хүрээнд 66 хувьтай байгаа нь уг үзүүлэлтийг биелэгдээгүй гэж үзсэн байна.
     
  3. Монгол Улсад 0-4, 5-14 насны хүүхдүүдийн дунд сүрьеэ өвчний илрүүлэг 2017 онд гэхэд 0.5 хувьтай байгаа. Гэтэл ДЭМБ-аас зааснаар энэ тоо 1.5-3.0 хувь байх ёстой юм.

Эндээс Монгол Улсад хүүхдүүдийн дунд сүрьеэ өвчний үзлэг оношилгоо дутуу байгааг харж болно. Хүүхдүүд ихэнхдээ сүрьеэг халдваргүй хэлбэрээр тусдаг. Тиймээс үүнийг оношлоход хэцүү байдаг. Гэхдээ энэ асуудлыг шийдвэрлэхийг тулд энэ жилээс төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгааг албаныхан хэлж байв.

БНАСАУ-д бүртгэгдэж буй сүрьеэгийн нийт тохиолдлын 80 гаруй хувь уушгины сүрьеэ байдаг
 
Гэрэл зургийг mpa.mn

Түүний дараа БНАСАУ-ын Нийгмийн эрүүл мэндийн яамны Гадаад харилцааны газрын орлогч дарга Хонг Сун Ил “БНАСАУ дахь сүрьеэгийн бүртгэгдсэн тохиолдлын хандлага (2011-2018)” сэдвээр илтгэв.

Тэрбээр “2018 онд сүрьеэгийн бүртгэгдсэн нийт 95,245 тохиолдлын 30.9 хувь нь нян судлалын шинжилгээгээр баталгаажсан уушгины хэлбэрийн шинэ сүрьеэ, 13.4 хувь нь өмнө нь эмчилгээ хийлгэж байсан сүрьеэ байв.

Бүх хэлбэрийн сүрьеэгийн бүртгэгдсэн түвшин 2011 онд 100,000 хүн тутамд 373 байсан бол 2018 онд 100,000 хүнд 356 болж буурсан. 2011-2018 онуудад түрхэц сөрөг сүрьеэгийн тохиолдлын эзлэх хувь түрхэц эерэг тохиолдлоос өндөр байсан ба уушгины бус эрхтний сүрьеэгийн бүртгэгдсэн тохиолдлууд 2011 онд нийт тохиолдлын 17 хувь байсан бол 2018 онд 19 хувь болж өссөн. Нян судлалаар батлагдсан сүрьеэгийн эмчилгээний амжилт 2011 онд 89.2 хувь байсан нь 2018 онд 81.9 хувь болж буурсан үзүүлэлтүүдтэй байгаа” гэдгийг дурдлаа.

Эрдэм шинжилгээний хурал асуулт хариултаар үргэлжлэв. БНАСАУ-ын сүрьеэг эмчлэхдээ орчин үеийн эмчилгээний аргыг уламжлалт эмчилгээний аргатай хослуулан хэрэглэдэг гэсэн нь зочдын анхаарлыг татаж БНАСАУ-ын Нийгмийн эрүүл мэндийн яамны Гадаад харилцааны газрын орлогч дарга Хонг Сун Ил-д энэ талаар дараагийн хурал дээр илүү дэлгэрэнгүй илтгэл сонсох хүсэлт тавилаа.

Мөн Тайландын төлөөлөгч хурлаас өмнө Монголд ирж аялсан тухайгаа зочидтой хуваалцаж, нүүдэлчин аж ахуйдаа айл өрхүүдэд хэрхэн судалгаа шинжилгээ хийдэг талаар сонирхож буйгаа илэрхийллээ. Ингээд үйл ажиллагаа хэлэлцүүлгээр үргэлжлэв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Хуралд Эрүүл Мэндийн Сайд Д.Сарангэрэл, БСШУС-ын сайд, “Сүрьеэгүй Монгол” лобби бүлгийн дарга Ё.Баатарбилэг, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Жон Жэ Нам, БНСУ-ын Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Кён Ман Ху нар оролцож, үг хэлэв.



Сүрьеэ өвчний үед илрэх шиж тэмдэг:

Сүрьеэгийн нян биеийн аль хэсэг, эрхтэнийг гэмтээснээс хамаарч шинж тэмдэг илэрдэг, тухайлбал уушгины сүрьеэгийн үед доорх шинж тэмдэг илэрнэ.

  • Хоёр долоо хоногоос дээш хугацаагаар ханиалгах
  • Цээжээр өвдөх
  • Цэр, цустай цэртай ханиалгах

Сүрьеэ өвчний үед илрэх бусад шинж тэмдэг:

  • Сульдаж ядрах
  • Биеийн жин буурах
  • Хоолны дуршил буурах
  • Жихүүдэс хүрэх
  • Халуурах
  • Шөнө хөлрөх

Илрүүлэх шинжилгээ:

Сүрьеэгийн арьсны сорил

Сүрьеэгийн нянгийн халдвар авсан эсэхийг мэдэхийн тулд сүрьеэгийн арьсны сорилыг хэрэглэдэг. Та өөрийн амьдардаг аймаг, дүүргийн сүрьеэгийн диспансерт хандаж, туберкулины арьсны сорилыг  хийлгэж болно. Сүрьеэгийн арьсны сорилыг эмчийн шийдвэрээр тусгай бэлтгэгдсэн сувилагч хийнэ. Сорилын хариуг 72 цагийн дараа хэмжилт хийж “Эерэг” эсвэл “Сөрөг” гэсэн хариуг гаргана.

“Эерэг” хариу урвал гэдэг нь сүрьеэ өвчтэй хэн нэгэн хүнээс та халдвар авсан гэсэн үг юм. Хэрэв та сүрьеэгийн халдварыг саяхан шинээр авсан үед сүрьеэгийн арьсны сорилын урвал эерэг гарахгүй байх боломжтой. Иймд та хамгийн сүүлд сүрьеэ өвчтэй хүнтэй хавьтал болсоноос хойш 8-10 долоо хоногийн дараа хоёр дахь арьсны сорил хийлгэх шаардлагатай.  Хэрэв хоёр дахь арьсны сорилын хариу урвал “сөрөг” гарвал танд сүрьеэгийн халдвар байхгүй байна гэсэн үг.

Сүрьеэгийн далд халдвартай болон Сүрьеэгээр өвчилсөн хүний ялгаа

Сүрьеэгийн далд халдвартай хүн

  • Ямар нэг зовиур, шаналгаа байхгүй
  • Ямар нэг шинж тэмдэг илрэхгүй
  • Сүрьеэгийн нянг бусдад тараахгүй
  • Ихэвчлэн туберкулины арьсны эерэг байдаг
  • Цээжний рентген шинжилгээ хэвийн, цэрний түрхэц болон молекулбиологийн шинжилгээ сөрөг
  • Сүрьеэ өвчнөөс сэргийлж, сүрьеэгийн далд халдварын урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэх шаардлагатай

Сүрьеэ өвчтэй хүн

  • Ихэвчлэн зовиур, шаналгаа илэрнэ
  • Дараах шинж тэмдэг ихэвчлэн илэрнэ -Хоёр долоо хоногоос дээш хугацаагаар ханиалгах, Цээжээр өвдөх, Цэр, цустай цэртэй ханиалгах, Сульдаж ядрах, Биеийн жин буурах, Хоолны дуршил буурах, Жихүүдэс хүрэх, Халуурах, Шөнө хөлрөх, Сүрьеэгийн нянг бусад хүмүүст тараах боломжтой
  • Ихэвчлэн туберкулины арьсны сорил эерэг байдаг
  • Цээжний рентген шинжилгээ өөрчлөлттэй, цэрний түрхэц, молекулбиологи, өсгөвөрлөх шинжилгээ эерэг
  • Сүрьеэ өвчний шууд хяналттай өвөрмөц эмчилгээ хийлгэх шаардлагатай