Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Цогтбаатар сайдын “шивнээ” юу өгүүлэв

П.Бямба, Үндэсний шуудан
2019 оны 6 сарын 7
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсыг төлөөлж хоёр орны дипломат харилцааг чухалчлан ажиллах ёстой Истанбул дахь Монголын Ерөнхий консулын газрын хоёр ажилтан Герман улсад хар тамхи тээвэрлэж яваад баригдсан нь дэлхий нийтэд манай улсыг итгэл даах харилцагч мөн эсэхэд, Монголын дипломат албаны ажилтнуудыг үнэнч шударгаар ажиллаж чадах эсэхэд эргэлзэхүйц түм буман асуултыг тавихад хүргэлээ.

Учир нь, хэдийгээр хар тамхи тээвэрлэсэн л бол ямар хэмжээний их, багыг ярихгүйгээр хариуцлага яригдах ёстой ч энэ удаад гурван сая еврогийн үнэ бүхий 70 кг хар тамхи тээвэрлэж явсан гэж бодохоор бүүр ч аймшигтай. Иймд цаашид Монголын дипломат алба болон аливаа нэгэн улс орны хилээр нэвтрэх гэж буй монголчуудын өмнө харьцангуй чанга хяналт шалгалтыг даван гарах шаардлага багаар бодоход тулгарч таараа. Ихээр нь яривал, дэлхийн улс орнуудын Монгол Улстай харилцах харилцаанд багагүй бэрхшээл учрах нь ч тодорхой.

Тэгвэл энэхүү баривчилгаа нь тавдугаар сарын 3-ны өдөр болсон бөгөөд өнгөрсөн cap орчмын хугацаанд хяналт шалгалт нь үргэлжилсэн хэдий ч асуудлын эхлэл нь энэ оны нэг сараас магадгүй гурван жилийн өмнө ч тавигдсан байхыг үгүйсгэх аргагүй юм. Учир нь, уг мэдээлэлтэй холбоотой нэг чих сортойлгосон мэдээлэл дуулдсан нь Гадаад харилцааны сайд, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын энэ оны нэгдүгээр сард Тагнуулын ерөнхий газарт хаяглаж, хүргүүлсэн албан бичиг байлаа.

Тэрбээр уг албан бичигтээ тодорхой улс орнуудад ажиллаж буй дипломат албан хаагчдыг тусгайлан шалгах зайлшгүй шаардлага үүссэн байж болзошгүй тухай дурдсан гэх бөгөөд Тагнуулын ерөнхий газраас уг хүсэлтийн дагуу тодорхой хяналт шалгалтыг эхлүүлээд байсан аж. Үүндээ олон улсын Тагнуулын байгууллагын сүлжээг татан оролцуулаад зогсохгүй Истанбул дахь Монголын Ерөнхий консулын газрын нэр бүхий ажилтнуудыг хяналтандаа авсан байсан тухай мэдээлэл ч мөн яригдав.

Нэг ёсны энэхүү ажиллагаа нь зөвхөн Герман улсын Дрезден хотын хуулийн байгууллагынхан илрүүлсэн хэрэг биш бололтой юм. Ямартай ч саяхан л Тайландын эзэн хааны ордноос хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдсан гурван залуугийн хэрэг монголчуудыг тус улс руу нэвтрэхэд тусгай шалгалтад орохоос өөр гарцгүй хүндрэлтэй байдалд хүргэсэн.

Мөн тус ордонд урд өмнө нь хэзээ ч жуулчид, аялагчдын халаасыг хоослох, гар утсыг нь хулгайлах үйлдэл хийгдэж байгаагүй гэдгээрээ монголчууд жинхэнэ утгаараа “хулгайч үндэстэн” мэтээр дэлхийд зарлагдсан.

Энэ удаад дэлхийн боловсрол эзэмшиж, олон улсын харилцаанд хувь нэмэр оруулах үнэтэй боловсон хүчин гэдгээрээ ялгардаг дипломат албаны ажилтнуудын хувьд зөвхөн эх орондоо төдийгүй дэлхийн улс оронд ч үл итгэгдэх сэжиг бүхий нөхөд болон сэжиглэгдэх нь гарцаагүй.

Гэхдээ энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын хэрэг зөрчлийг таслан зогсоох гарцаагүй нөхцөл байдал үүссэн байж болзошгүй гэдгийг Тагнуулын ерөнхий газарт мэдээлсэн “шивнээ” хоёр дипломат албаны ажилтнуудын гэмт хэргийг илрүүлэхэд тус болсон байх талтай аж. Ямартай ч саяхан л “Монгол Улс хар тамхи дамжин өнгөрөгч орноос хэрэглэгч орон боллоо. Цаашид хар тамхины эсрэг бодитой, үр дүнтэй тэмцэхгүй бол удахгүй нийлүүлэгч орон болох нь” гэдэг цагдаагийн байгууллагуудын сэрэмжлүүлэг худлаа биш болох нь үүгээр илрэв.

Тэр дундаа, 70 кг хар тамхи гэдэг нь ердийн нэг хоёр дипломат ажилтны хийх хэрэг бус. Үүний цаана 20 хүн, магадгүй 20 орныг хамарсан сүлжээ ч ажиллаж байхыг үгүйсгэх аргагүй. Учир нь, хар тамхины наймааны сүлжээ гэдэг нь өөрөө аалзны тор нэхэх дайны өргөн бүрэлдэхүүнтэй, олон улсыг дамнасан хууль бус наймаа гэдгийг өнөөдөр хэн хүнгүй дуулж мэдсэн нь гарцаагүй.

Тиймээс цаашид асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр авч хэлэлцүүлж, жинхэнэ утгаараа онц байдал зарлах цаг ирсэн бололтой. Эс бөгөөс хоёр хүн, цаашлаад 20 хүний гэмт үйлдлийн золиос нь энгийн иргэд болж, гадагшаа гарч ажиллах, суралцах, амьдрах эрх нь ч зөрчигдөхийг үгүйсгэх аргагүй юм. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргидог гэдгээр бодвол шүү дээ.

 

Зураг