Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангаас зөвхөн тэргүүлэх салбарын төслүүдэд хөрөнгө оруулах шаардлагатай

Т.Саран, iKon.mn
2019 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсгийн хоёр дахь удаагийн хурал өнөөдөр боллоо. Энэ удаагийн хурлаар тус Ажлын хэсэг Засгийн газрын харьяа яам, агентлагуудын илтгэлтэй танилцаж, цаашид тус салбарууд хэрхэн, яаж хөгжих саналыг сонссон юм. Засгийн газрын харьяа 13 яам, таван агентлагаас өнөөдөр:

  1. Үндэсний статистикийн хороо
  2. Сангийн яам
  3. Батлан хамгаалах яам
  4. БСШУСЯ
  5. Гадаад харилцааны яам
  6. Эрүүл мэндийн яам
  7. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  8. Барилга, хот байгуулалтын яам
  9. Эрчим хүчний яам
  10. Зам тээврийн хөгжлийн яамны мэдээлэлтэй танилцсан бол ирэх Мягмар гарагт болох дараагийн уулзалтаар үлдсэн яам, агентлагуудын мэдээллийг сонсох юм.

"Монгол Улс хөгжлийн тэргүүлэх салбаруудаа нэгдэж, тодорхойлоод цаашид төсөвт дарамт учруулахгүйгээр Баялгийн сангаас зөвхөн тэр салбарын төслүүдэд хөрөнгө оруулах шаардлага байгаа" гэдгийг энэ үеэр онцлоод Монгол Улсын хүн амын 70-80 хувийг дундаж давхаргад шилжүүлэхэд урт хугацааны бодлогын зорилт чиглэж байгааг хэлсэн юм. Үүний тулд эхлээд Монгол Улсын дундаж давхаргын иргэн гэж хэн байхыг тодорхойлох шаардлагатай байгаа мөн дурдсан юм. 

Өнгөрсөн 27 гаруй жилийн хугацаан Монгол Улс ямар ч нэгдсэн бодлогогүй явж ирснээр өнөөгийн замбараагүй нөхцөл байдал үүссэн хэмээн У.Хүрэлсүхийн Засгийн газар үзэж, ирэх 25 жил цаашлаад Монголын хөгжил хэрхэн явах урт хугацааны нэгдсэн бодлого гаргах зорилгоор уг Ажлын хэсгийн байгуулаад байгаа юм.

Өмнөх гаргасан том, жижиг 517 төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, бодлогын баримт бичгийг манай улсын хэмжээнд “үйлдвэрлэсэн” байдаг ч хоорондоо уялддаггүй, хэрэгжилт нь хангалтгүй байсан гэдгийг эрдэмтэн, судлаачид хүлээн зөвшөөрдөг.

2019 оны хоёрдугаар сарын байдлаар эдгээр баримт бичгээс 218 нь хүчин төгөлдөр байгаа аж. Тиймээс одоо боловсруулах хөгжлийн баримт бичиг нь тунхгийн чанартай бус, улс орны тэргүүлэх чиглэлээ тодорхойлсон, ТЭЗҮ-д суурилсан томоохон төслүүдээ тодорхой болгосон, улс төрийн намууд нэгдмэл байр суурьтай болсон, иргэдийн дэмжлэгийг авсан байх ёстой гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайд онцлоод байгаа юм. 

Энэ талаар бид дэлгэрэнгүй хүргэх болно.