ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсгийн хоёр дахь удаагийн хурал өнөөдөр боллоо. Энэ удаагийн хурлаар тус Ажлын хэсэг Засгийн газрын харьяа яам, агентлагуудын илтгэлтэй танилцаж, цаашид тус салбарууд хэрхэн, яаж хөгжих саналыг сонссон юм. Засгийн газрын харьяа 13 яам, таван агентлагаас өнөөдөр:
"Монгол Улс хөгжлийн тэргүүлэх салбаруудаа нэгдэж, тодорхойлоод цаашид төсөвт дарамт учруулахгүйгээр Баялгийн сангаас зөвхөн тэр салбарын төслүүдэд хөрөнгө оруулах шаардлага байгаа" гэдгийг энэ үеэр онцлоод Монгол Улсын хүн амын 70-80 хувийг дундаж давхаргад шилжүүлэхэд урт хугацааны бодлогын зорилт чиглэж байгааг хэлсэн юм. Үүний тулд эхлээд Монгол Улсын дундаж давхаргын иргэн гэж хэн байхыг тодорхойлох шаардлагатай байгаа мөн дурдсан юм.
Өнгөрсөн 27 гаруй жилийн хугацаан Монгол Улс ямар ч нэгдсэн бодлогогүй явж ирснээр өнөөгийн замбараагүй нөхцөл байдал үүссэн хэмээн У.Хүрэлсүхийн Засгийн газар үзэж, ирэх 25 жил цаашлаад Монголын хөгжил хэрхэн явах урт хугацааны нэгдсэн бодлого гаргах зорилгоор уг Ажлын хэсгийн байгуулаад байгаа юм.
Өмнөх гаргасан том, жижиг 517 төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, бодлогын баримт бичгийг манай улсын хэмжээнд “үйлдвэрлэсэн” байдаг ч хоорондоо уялддаггүй, хэрэгжилт нь хангалтгүй байсан гэдгийг эрдэмтэн, судлаачид хүлээн зөвшөөрдөг.
2019 оны хоёрдугаар сарын байдлаар эдгээр баримт бичгээс 218 нь хүчин төгөлдөр байгаа аж. Тиймээс одоо боловсруулах хөгжлийн баримт бичиг нь тунхгийн чанартай бус, улс орны тэргүүлэх чиглэлээ тодорхойлсон, ТЭЗҮ-д суурилсан томоохон төслүүдээ тодорхой болгосон, улс төрийн намууд нэгдмэл байр суурьтай болсон, иргэдийн дэмжлэгийг авсан байх ёстой гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайд онцлоод байгаа юм.
Энэ талаар бид дэлгэрэнгүй хүргэх болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!